|

АН 2020 оныг хүртэл орших уу, эс орших уу

zulaa 2018/03/13 556 0

 

АН 2020 оныг хүртэл орших уу, эс орших уу

 

У.Хүрэлсүхийн Засгийн газарт цаг үлдэв үү дээ гэж бодогдом үйл явдлууд өрнөсөөр. Цагаан сарын өмнөхөн л дараагийн Засгийн газрын кабинетийн тухай яриа гарч, бүр сайд нарыг нэр цохчих гээд л байсан. Тэгвэл энэ удаад сөрөг хүчний зүгээс томоохон дайралт хийхээр төлөвлөсөн тухай үгс Төрийн ордноор нисэлдэж эхэллээ.

Тодруулбал, АН-ын дандаа залуусаас бүрдсэн бүлэг Засгийн газрыг огцруулах шаардлага, шалтгааныг багтаасан өргөх бичиг үйлдэж, энэ сарын 25-ны дотор УИХ-д хүргүүлэхээр болсон ажээ. Тэгэхдээ тун ч учиртайгаар, үндэслэл суурь сайтайгаар ажиллаж буй бололтой. Юу гэвээс, АН-ын энэ удаад хий дэмий лоозогнохгүйгээр, ажлаа сайн хийгээгүй, ерөөс сайд байж тэнцэхгүй хүмүүсийн жагсаалтыг гаргаж, үүндээ дөрөөлөн Засгийн газар ийм маягаар удаан явахгүй гэдэг шалтгааныг ухсан байна.

Сураг сонсох нь, АН-ын шаардлагын эхний ээлжинд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хоёрын нэр дурдагджээ. Үүнээс цаашлаад нэр бүхий сайд нарыг цохон дурдсаар, эцэст нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах бүрэн үндэслэлтэй гэж өөрсдийнхөө хэмжээнд "баталсан” гэнэ.

Энэ бүгдээс харахад, энэ Засгийн газарт тийм урт хугацаа үлдээгүй гэж олон сарын турш яригдаад байсан нь оргүй биш болж таарах нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын хоёрдугаар ээлжнийхэн хоолноосоо дургүй ч холдохоос өөр аргагүй болсон аж.

Чухам энэ мэт ярианаас үүдээд МАН-ыг 2020 он руу хүрч чадах, эсэхийг нийтээрээ дэнсэлж байгаа. Гэтэл дан ганц МАН-д хагарал үүссэнгүй. АН-д орших уу, эс орших уу гэсэн сонголт тулгарчээ.

Уг нь ч АН-ын дотоодод тэмцэл үүсч, нэр бүхий гишүүд нь өөрсдийн гэсэн бүх юмаа аваад тусдаа нам байгуулах гэж буй цуурхал бүр оны өмнө гарч байлаа. Хамгийн хачирхалтай нь, АН-аас хэн ч залруулга хийгээгүйгээр үл барам томчуул нь дор бүрнээ өөрсдийгөө өмөөрсөн утга бүхий мэдэгдэл хийж байсан. Ер нь одоо ч хийсээр байгаа.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ гишүүний татвар төлөөгүй гэх шалтгаанаар 116 хүнийг намаасаа хөөв. Бүр нэрсийг нь жагсаагаад биччихсэн байсан. Хамгийн гол нь, энэ уртаа гэгчийн жагсаалтад Р.Амаржаргал, Лу.Гантөмөр, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Х.Тэмүүжин нарын "томчуул” багтжээ.

Үүнтэй зэрэгцээд нийтлэлч Баабар "АН-аас 116 хүн хөөгдөж, тэдний оронд Нийгмийн даатгалаас 116 хүн оржээ. АН цэвэршлээ” гэж жиргэсэн. Энэ бүгдээс харахад С.Эрдэнэ дарга Ан-ыг одоо өөрийнхөөрөө дэглэх бүрэн бололцоо үүссэнээр үл барам тээг садаануудаа цугаар нь "устгасан” ажээ.

Тэгвэл 2017 онд эрчээ авсан АН-ын хуваагдлын тухай яриа ч үүнийг даган дахин аслаа. АН-аас Г.Батхүү, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар өрх тусгаарлан, шинэ нам байгуулахаар ярилцаж байгаа аж. Сураг сонсох нь, эдний гаргасан шийдвэр бүр 2015 оны эцсээр нам дотроо яригдаж байсан ч ил гаргаагүй байсан бололтой. Гэхдээ ганц нэг нууц хуралдаан, сална, сарнина гэсэн шивнээ хэвлэлийнхнийг тойроогүй. Харин тэд ганц үг ганхийгээгүйг бодоход эл асуудалд тун нухацтай хандаж байсан нь илэрхий.

Тухайн үед Дээд шүүхээс нэгэн шинэ намыг бүртгэсэн гэж хэвлэлээр бичигдэж байлаа. Тэр нь Бүтээн байгуулалтын нам нэртэй. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрдсэн гэж тун тодорхой яригдаж байсан билээ.

АН-ын дотоод хагарал, салан тусгаарлалд гоц нөлөө үзүүлж байгаа бүлгийг өдгөө Ц.Элбэгдорж толгойлж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн ойрын үед ярьцгааж байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж улс төрөөс бүр мөсөн яваагүй агаад энэ парламентын хугацаа дуусахын алдад шинэ намтайгаар гарч ирэхээр төлөвлөсөн байна.

Ингээд харахад, АН 2020 оныг хүртэл тэсэж үлдэж чадах уу гэдэг асуулт улстөрийн бусад үйл явдлаас хамгийн сонихон нь байх нь ээ.

Erennews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top