Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн "Авто тээврийн үндэсний төв”-д бүртгэлтэй 24590 автомашины 50.9 хувь буюу 12194 нь буруу талдаа жолооны хүрдтэй байна. Эдгээрийн гэрлийг солих шаардлагатай гэнэ. Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс автомашины том гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг орон даяар эхлүүлж бэлдэцүүдийг нь 21 аймгийн салбаруудад хуваарилсан ажээ. Үүний дагуу уг ажил Орхон аймагт эхэлсэн байна.
Гэрлийн тусгалыг солиход жолоочоос 1650 төгрөгийн хураамж авах аж. Одоогийн байдлаар автомашинаа үзлэгт оруулахаар ирж буй машинуудын гэрлийг сольж байна гэж аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга Г.Ядмаа хэллээ. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийг сольсоноор авто замын осол буурах, замын хөдөлгөөнд оролцож буй машин, техникт саад учруулахгүй байх давуу талтай юм. Тухайлбал, Монгол Улсад гарч буй зам тээврийн осол ихэвчлэн шөнийн цагаар гардаг. Энэ нь буруу талдаа хүрдтэй автомашины гэрлээс үүдсэн буюу нийт ослын 76 хувийг эзэлж байна. Монгол Улс 1990 оноос хойш тээврийн хэрэгслийн жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон. Энэ нь зам тээврийн осол гарах шалтгаан ч болж байгаа юм. Буруу талдаа хүрдтэй автомашины гэрлийн тусгал нь өөдөөс ирж яваа жолоочид саад учруулдаг байна. Үүнээс болж шөнийн цагаар осол их гардаг аж. Иймд зам тээврийн ослыг бууруулах зорилгоор НҮБ-аас гаргадаг 20 гаруй техникийн зохиуулалтаас R112-ын хүрээнд буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийг зөв болгох ажлыг эхлүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ