|

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-БОЛОВСРОЛ /НИЙТЛЭЛ/

saikhnaa 2018/03/28 741 0

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-БОЛОВСРОЛ /НИЙТЛЭЛ/

 

Дэлхийн хөгжлийн чиг хандлага хязгаарлагдмал нөөцтэй байгалийн баялаг дээр тулгуурлахаасаа илүү хүний оюун санааны хязгааргүй баялаг дээр тулгуурлахад чиглэгдэж байгаа өнөө үед монгол хүнийхээ оюуны чадамжийг үнэлэх, хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн төрийн зөв оролцоо, оновчой бодлого зайлшгүй шаардагдаж байна. "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ардын сайхан үгээр бид хүмүүжигдэн өссөн билээ. Ирээдүйн Монгол орныг залан авч явах хүмүүс бол бидний үр хүүхдүүд юм. Хойч үе маань хэдий чинээ эрүүл саруул, оюунлаг, оюун санааны хувьд тогтвортой, түвшин байна төдий чинээ улс орны маань хөгжил тогтвортой байх болно. Ийм ч учраас дэлхий нийтээрээ тогтвортой хөгжлийг бий болгохын төлөө эвлэлдэн нэгдэж, зөвлөлдөн "Тогтвортой хөгжлийн 17 зорилго”-ыг тодорхойлон гаргасан билээ. Энэхүү зорилгын цөм нь боловсрол бөгөөд гэр бүл төлөвлөлтийн талаархи мэдлэгээс эхлээд СӨБ, ЕБ, дээд боловсрол, насан туршийн боловсрол гээд хүний амьдралын бүхий л мөчлөг, үе шатанд боловсрол салшгүй холбоотой байна. Өөрөөр хэлбэл боловсролоос эрүүл байх, ажилтай, цалинтай орлоготой байх бүхэлдээ шалтгаалж, боловсрол нь үндсэн хуулиндаа заасан суурь эрхээ хүн бүр эдлэх нөхцлийг бүрэлдэхдүүлэгч гол хүчин зүйл юм.
Дэлхий нийт боловсролынхоо зорилтыг тодорхойлж, улс орон бүрийг тавигдаж буй чиг хандлага, зорилтын хүрээнд чармайн ажиллаж улмаар улс орнуудын хүрсэн амжилт болгон дээр суурилан хамтын хүчээр нийтлэг том зорилтод ойрын хугацаанд хүрэхийг уриалж байна. Манай орны хувьд 99 хувь нь бичиг үсэггүй байсан ард иргэдээ 99 хувь бичиг үсэгтэй болгож чадсан түүхэн гавьяа, улмаар монгол хүний ой ухаан, оюуны чадамж дэлхийд дээгүүр үнэлэгдэх болсон амжилт байгаа ч нийтлэг утгаараа дэлхийн боловсролын стандартад хүрэхэд өдий байна. Монгол улс нь дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд НҮБ-ын баталсан "Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ийг хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Өнөөдөр Монголын боловсролын салбар дэлхийн чиг хандлага, хөгжлийн хаана байна гэдгээ бодитой тодорхойлж байж дараагийн алхамаа хийх шаардлага үүсч байна. Ололт амжилтаа үгүйсгэж байгаа юм биш, прогматик байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэй, эрэлт хэрэгцээн дээрээ тулгуурлан, гарах үр дүнг нь сайтар тооцоолж орох цаг ирснийг л хэлэх гэж байна. Иймээс бид "Тогтвортой хөгжил-боловсрол үндэсний зөвлөгөөнийг сургуулийн өмнөх насны боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсролын хүрээнд арван жилийн дараа энэ цаг үед хийсэн нь өнөөгийн нөхцөл байдалдаа үнэлэлт, дүгнэлт хийж, тавигдаж буй зорилгодоо хүрэхэд тулгарч буй асуудлуудыг сурагч, оюутнууд, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн зүгээс хэрхэн харж байгаа дээр үндэслэн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг нотолгоон дээр суурилан хийх боломж бшрлэж байна. Боловсролын тогтолцоо бүхий л боловсролынхоо үе шатанд уялдаа холбоотой, дараагийн шатны боловсролын суурь болж байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол сургуулийн өмнөх боловсролыг зөв зүйтэй олгосноор ЕБС-ийн чанарын үр дүнд сайнаар нөлөөлөх учиртай. Мөн их дээд сургуулийн оюутнуудын чансаа, ёс зүй, төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал Ерөнхий боловсролын сургалтын чанараас хамааралтай. Хүүхэд болгон эрдэмтэн болох албагүй ч амьдралын ухаанд суралцаж ирээдүйн сайн иргэн, сайн эцэг, эх болох үндэс суурь цэцэрлэгт тавигдана. Тогтвортой хөгжлийн дөрөв дэх зорилгын хоёрт 2030 он гэхэд бүх бага насны хүүхдүүдийг хөгжил, халамж болон сургуулийн өмнөх чанартай боловсролд бүрэн хамруулна гэж заасан. Өнөөгийн байдлаар тавин мянга гаруй бага насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна. Иймд бид бага насны бүх охид, хөвгүүдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулахыг зорьж цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр 129 цэцэрлэгийг 2018 онд барихаар төсөвтөө суулгаад байна. Сургуулийн өмнөх насны сургалтыг явуулж буй байгуллага нь хүүхдэд мэдлэгийг өгөхөөсөө илүү эрүүл саруул өсөн торних эрүүл ахуйн ээлтэй орчныг стандартын дагуу бүрдүүлсэн байх ёстой. Хүний бяцхан үрсийг эхийн хайраар хайрлаж, багшийнхаа үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарласан, ур чадвартай, сэтгэлтэй, ёс зүйтэй боловсон хүчин, сурган хүмүүжүүлэгч нарыг бэлтгэж, бодлогооор дэмжин, чадваргүй, сэтгэлгүй, хөгжих эрмэлзэлгүй нэгнийг ротацид оруулах нь зүйтэй байх. Сургуулийн өмнөх боловсрол нь сургуульд ороход хүүхдийн бие бялдар болон оюун санааны бэлтгэлийг хангаж, биеэ дааж нийгэмд өөрийгөө авч явах дадалд сургах, бусдыг гэсэн сэтгэлгээг хэвшүүлснээр дараагийн боловсролын үе шат руу шилжин орох бэлтгэл хангагддаг.
Тэгш хамралттай, тэгш боломж бүхий 12 жилийн (үүнээс 9 жил нь заавал ) үнэ төлбөргүй чанартай бага, дунд боловсролыг иргэддээ эзэмшүүлэх талаар маш тодорхой зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид гурван ээлжээр ажиллаж буй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах, сургуулийн хүртээмжийг жигдлэх үүднээс нэмж 93 сургуулийг барихаар төлөвлөөд байна. Хотын төвийн, эрэлт ихтэй сургуулиудын нэгэн адил нийслэлийн бусад төвийн болон алслагдсан дүүргийн хаа ч байрлах ерөнхий боловсролын сургуулиуд мэдлэгийг ижил чанарын түвшинд олгодог болгох боломжийг үе шаттайгаар бүрдүүлэн, улмаар хот хөдөөгийн ялгааг арилгах. Багш нарын мэдлэг, сурган хүмүүжүүлэх, заах арга барилыг нэг түвшинд авчрах, сургуулиудын тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгслийн хангамжийн чанар хүртээмжийг жигдлэн, сургуулийн эрүүл ахуй, болон гадаад, дотно орчны нөхцлийг нэг стандартад үе шаттайгаар хүргэн жигдлэх, тухайн газар нутагт харъяалалтай хүүхдүүд эдийн засгийн боломж чадамжаас үл хамааран өрсөлдөх, сонгогдох, сонгох эрхийг нь хангах цаг болсон. Монгол улсын боловсролын салбарын гол зорилго бол монгол хүүхэд бүрт газар нутгийн харьяалал, гарал үүсэл, эдийн засгийн байдлаас үл хамааран ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тусгагдсан мэдлэгийг ерөнхий боловсролын сургууль бүр тухайн анги, насанд нь тохируулан жигд олгох явдал гэж үздэг. Гэтэл хүүхдүүдийн маань олж авч байгаа мэдлэг жигд бус байсаар байна. Монгол улсын аль ч ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч гадаадад өрсөлдөх чадамжтай, гадаадын их дээд сургуульд суралцах хэмжээний мэдлэгтэй төгсөх боломжийг бид эрэлхийлж буй. Цаашдаа хот, хөдөө, захын хорооллын бүх сургуулиудыг олон улсын хөтөлбөртэй, лаборатори, тэргүүний гэгдэх сургуулиудын хэмжээнд хүргэснээр одоогийн туршилтын журмаар нээгдэн үйл ажиллагааг явуулж байгаа дээрх сургуулиуд үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх юм. Ингэснээр монгол хүүхдүүд минь дэлхийн хэмжээний мэдлэгийг эх орондоо эзэмшиж "дэлхийн хэмжээний иргэн” гэгдэх ухагдахууны дагуу дэлхий нийтэд болж буй үйл явдал, хөгжил дэвшилд идэвхитэй оролцож, эх орноо дэлхийд төлөөлж чадахуйц, хамгийн гол нь дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сэтгэлтэй, зүтгэлтэй, мэдлэгтэй залуучуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлдэх юм. Ингэж бэлтгэгдсэн залуучууд маань цаашид дараагийн шатанд ямар боловсрол эзэмшихээ ухамсартайгаар сонгох чадвартай, амьдралын зорилготой, бүхий л салбарт хүчээ сорих чадамжтай насанд хүрсэн, хувь хүмүүс болон төлөвших юм. ЕБС-ийг төгсөгчдийн чансаа их дээд сургуулиудын элсэлтийн босго оноонд шууд нөлөөлж, элсэж орсон хүүхдүүд нь мэргэжилдээ үнэнч, мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг мэргэжилтнүүд болж чадахгүй диплом өвөрлөсөн ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөж байгааг зогсоох цаг болсон. Иймд улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан салбарын хүний нөөцийн бодлогыг үндэслэн оюутны тоог тогтоож байх нь зүйтэй байна. Хүүхэд болгон дээд мэргэжилтэй болох эрх нь байгаа ч дээд мэргэжлийг эзэмшихийн тулд системтэйгээр өөрийгөө бэлдсэн, тавигдаж буй шалгуурт нийцсэн байх ёстой гэдгийг ухамсарласан байх ёстой. Элсэлтийн шалгалт өгөхөөсөө өмнө өөрийн нөөц бололцоо, сургалтын амжилтаа хүүхэд бүр бодитоор үнэлж боломжийн төлбөр бүхий техникийн болон мэргэжлийн чанартай боловсрол эзэмших, мэргэших боломжийг, төгсөөд гарсан хойно нь ажлын байраар хангах нөхцлийг нь бүрдүүлэх чухал байна.
Дээд боловсролын хөгжлийн түүхийг аваад үзэхэд бид 1990 он хүртэл төвлөрсөн эдийн засгийн, 2010 он хүртэл тооны хойноос хөөцөлдсөн, харин 2010 оноос чанараа дээшлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хөгжиж ирсэн байна. Монгол улсад төр, хувийн өмчийн нийлээд 95 их дээд сургууль байга нь 3,3 сая хүн амд ахадсан тоо юм. Тоондоо ахиц гаргасан бол чанар нь дагаад ахиж уу гэхээр боловсролын индексийн судалгаагаар сүүлийн таван жил байрнаасаа хөдлөхгүй дэлхийд далдугаарт жагссан хэвээрээ байна. Их, дээд сургуулиудын орлогын их үүсвэрийн дийлэнхийг оюутны сургалтын төлбөрөөс бус судалгаа, шинжилгээ, техник, технологи, инновацийг хөгжүүлж. "Эндоумент” сантай болох, олон эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг нь бий болгох шаардлагатай байна. Ингэснээр эх орныхоо зах зээлийн хэрэгцээг чанарын хувьд хангасан улмаар дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр үнэлэгдэх мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах эхлэл тавигдах юм. Одоогийн байгаа их сургуулиудаа судалгааны их сургууль болгох зорилго нь дэлхий нийтийн их сургуулиудын хөгжлийн чиг хандлагыг дагах гэж байгаа нь сайшаалтай боловч өнөөгийн нөөц бололцоондоо бодит дүн шинжилгээ хийж судалгааны их сургууль болох арга замаа тодорхойлж үе шаттай хөгжих стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой, эдийн засгийн тооцоог өгөөжөө өгөх үр дүнтэй нь тооцож гаргаж ирэх шаардлагатай байна. Судалгааны их сургуульд тавигдах шаардлага дэлхий нийтэд нэг бөгөөд тэр шаардлагыг хангалаа гэхэд манайх шиг цөөхөн хүн амтай улс оронд хэд байх ёстой вэ гэдэг дээрээ ч бодох нь зүйтэй байх. Жишээ нь АНУ-д 4000 гаруй их сургууль байдгаас дөнгөж 200, Англид 400 их дээд, сургуультайгаас дөнгөж 25 нь судалгааны их сургууль юм байна. БНХАУ улс 3000 их дээд сэргуулиадаасаа 9-ийг нь судалганы сургууль болгохоор С9 хэмээх элит их сургуулиудын сүлжээг хөгжүүлж байна. Үнэхээр судалгааны их сургуулийг хөгжүүлэхийг зорьж байгаа бол бүгд хичээх хэрэгтэй, удирдлага, багш, ажилчид, оюутнууд, ирээдүйн оюутнууд, нийгэм ч хичээх хэрэгтэй болоод байна. Мөн судалгааны сургуультай болох нь төрийн бодлого бол төрөөс тавих хяналт, дэмжлэгийг өөр шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Олон улсын жишгээс харахад, жишээ нь ОХУ 10 жилийн хугацаатай судалгааны их сургууль гэсэн статусыг маш өндөр шалгуурын дагуу өгч 2010 онд 128 их сургуулиас 15 их сургуульд судалгааны их сургуулийн статусыг өгч 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хамгийн гол шалгуур бол үндэсний эрдэмтдийнхээ чансааг олон улсын хэмжээнд дээшлүүлэх, нобелийн шагналтнуудыг төрүүлэх явдал юм. Иймд бид юуны түрүүн хичээлийн хөтөлбөр, агуулга, сургалтын чанар, сургалтын орчин, багш нарын ур чадвараа сайжруулж улс орны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ бодитой оруулж чадахуйц эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтнүүдийг гаргаж чадаж байна уу гэдэг дээрээ эхлээд дүн шинжилгээ хийж дараагийн хөгжлийн шатруу орох нь зөв гэж үзэж байна. Энэ утгаараа судалгааны их сургуулийн хүрээнд судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэл, зөв бүтэц, хангалттай санхүүжилт, ахисан түвшний сургалт ба боловсон хүчний чанар, профессорын багийн төлөвшил, судалгааны төв, лабораторийг байгуулах, судалгааны ажлын үнэлгээний систем, мэдээллийн бааз, аж үйлдвэр болон бизнесийн байгуулагуудтай хамтран ажиллах, шинжлэх ухааны сэтгүүлийн чанар зэрэг олон чухал асуудлууд авч үзэх шаардлагатай болоод байна.
Боловсролын салбар нь иргэн бүрт хамааралтай, салбаруудын үйл ажиллагааны уялдаа холбоо, тэдгээрийн хөгжлийн түвшин, хүрсэн амжилт, алдаа тудагдлаас харилцан хамааралтай салбар юм. Иймд салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, хамтын ажиллагаа, иргэн бүрийн сурч боловсрох эрмэлзэл, хувь хүний үүрэг хариуцлага чухал.
Хүний хөгжлийн гол хөдөлгүүр болох боловсролын тогтолцоог тогтвортой хөгжлийн баталгаа болгоход дэмжлэг үзүулэхүйц хууль эрх зүйн орчныг бий болгох, боловсон хүчний нөөцийн бодлогыг сайжруулах, багш, мэргэжилтэн, ажилтнуудынхаа нийгмийн халамжийн байдлыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг ахиулах гээд энэ бүгдийг дагасан олон тулгамдсан асуудлууд байна. Боловсролоор дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлагатай асуудлуудаа хамтаараа хэлэлцэн, шийдвэрлэх арга замаа тодорхойлох, "Тогтвортой хөгжил-боловсрол үндэсний зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжин дээрээ үндэслэн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна.
Бидний цөөхөн Монголчууд нэгэн цагт дэлхийг эзлэн эрч хүчийг гайхуулж явсан бол өнөө цаг оюун ухаанаараа гайхуулан тодрох цаг мөн.

Ж.ЦОЛМОН, 
АУ-ны доктор, профессор

Санал болгох

Сэтгэгдэл

top