Монголчууд үндэсний бөхөө дээдэлдэг ард түмэн. Хэн нэг нь улсын баатар цолоор шагнуулаад ирэхэд "Өө тэгж үү” гээд л өнгөрөх. Тэгвэл нутгийн нэг залуу наадмаар сайн барилдаж улсын начин боллоо гэвэл аймаг, сумаараа "хөл алдаж” зарим нь жийп машин, азарга адуу бэлэглээд сүйд болдог нь амьдралын нэг үнэн. Түүн лүгээ бөхчүүдээ засаглаж байх учиртай газар Монголын үндэсний бөхийн холбооны ажлыг дэмждэг, түшиж тулдаг байв.
Бөхийн өргөөг босгоход мөнгөтэй нь мөнгө, малтай нь малаасаа хандивлаж байсан шүү дээ. Бөхөө гэхээр л нүд нь сэргэдгээрээ бидний монголчууд бусдаас дэндүү содон. Гэтэл МҮБХ гэдэг төрийн бус байгууллага тойрсон маргаан 20-иод жил үргэлжиллээ. Одоо ч хэвээр. Чилтлээ хүлээсэн "Их Эе” хэмээх их хурлаа хийгээд ч тусыг эс олов. Сүүлдээ бүр хоёр холбоотой болчхоод хэрэлдэж, хэмлэлдэж байгаа. Р.Нямдорж тэргүүнтэй 30-аад жил болсон нэг холбоо байна.
Удтал дуншсан их хурлаа хийж бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлээд ажилдаа орж байгаа.Өнгөрсөн долоо хоногт Цэцдийн зөвлөлийн хурлаа хийж шинэ удирдлага нь тамга, тэмдгээ гардаж харагдсан. Гэтэл цаана 2017 оны сүүлчээр нэг буйдхан "Их эе” зохион байгуулсан нөхөд бас нэг холбоо бий болгоодохсон. Одоо болохоор манай холбоо хууль ёсны холбоо. Улсын Дээд шүүхээр баталгаажуулсан гэрчилгээ, тамга тэмдэгтэй болсон. Тэргүүн маань Л.Чинбат албан ёсоор сонгогдчихсон гэж хааяа хэвлэлийн хурал хийгээд л байх юм.
Хуучин холбоо удирдлагаа шинэчилчхээд бидэнтэй хэн ч өрсөлдөх учиргүй. Хэсэг нөхдийн хуйвалдаанаар бий болсон тэр холбоо хүчингүй, ёстой хууль ёсны биш тэдний явуулга ард олныг, бөх сонирхогчдыг төөрөгдүүлэх, бөхчүүдийг хагалан бутаргахыг оролдож байна гэж мэдэгдэл гаргаад байна. Ингээд бүх юмаараа ив ижилхэн хоёр холбоотой боллоо гэж иргэд ярьж байна. Хоёулаа Монголын үндэсний бөхийн холбоо.
Тэргүүн Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ нар хоёулаа Хөдөлмөрийн баатар. Бас холбоод цэцдийн зөвлөлтэй. Ялгаатай нь нэг нь Бөхийн өргөөгөө эзэгнэж тэндээ байрладаг. Нөгөө холбоо нь одоогоор "морин дэл дээр” гэгчээр яваа. Эдний холбооны хааяа хийдэг ажил зарга заальхай голдуу. Ийм л ихэр холбоотой болчхоод байна. Аль нь хууль ёсных юм гэдгийг мэдэхийг байлаа.
Хэрэв өвчний онош тогтоодог аппарат шиг хууль ёсных уу, биш үү гэдгийг жинлээд үзчихдэг багаж байдаг ч болоосой гэмээр. Уг нь Монголд хууль хэрэгждэггүй болсон цаг юм даа. Хууль хэрэгждэггүй гэж дээ. Хэрэгжүүлэх ёстой хуулийн байгууллагууд нь шийдвэрээ биелүүлж чаддаггүй, хүчгүйддэг болж. Зүгээр хоёр талын мэдэгдэл, мэдээллээс тунгааж бодоход хууль ёсны холбоо байгаа юм уу үгүй юм уу. Мэдэхгүй.
Өмнөх их хурлаасаа дөрвөн жилийн эрх, даалгавар авч ажиллаад тэр хугацаа нь дуусаад даруй 10 гаруй жил их хуралгүй, цэцдийн зөвлөл нь ажиллаагүй явж ирсэн холбоог хууль ёсны гэхэд бас хэцүү юм шиг. Тэгвэл бөхийн хүрээний цөөн хэсгийг багтаасан "Их эе” гээчийг хийж байгуулагдсан Л.Чинбатын холбоог бас хууль ёсны гэсэн хаяг зүүх боломж тааруу гэж бодогдох юм.
Тэргүүнүүдийн хувьд хэлэхэд энэ заваан хэрүүл дунд гол баатар болж оролцоод бас тэргүүн нь болж сонгогдсон дархан аварга Б.Бат-Эрдэнийг ингэж байх хэрэггүй гэж хэлмээр. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон төрийн түшээ, төрийн сайд байсан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан том хүн нэг жижиг холбоог тэргүүлэх гэж чармайх нь өөрийгөө доошоо хийсэн ажил мэт санагдах юм. Уг нь бөхчүүд, олон мянган бөх сонирхогчдын хүндлэл хүлээх хүн ч мөн л дөө.
Тэр Л.Чинбат гэдэг бизнесмен хүний хувьд ч холбоо мэт нь дараа баймаар даа. Эцэст нь хэлэхэд энэ хоёр холбоо дундаа хэрэм босгочихоод бие биерүүгээ "чулуу шидэлцэж” байснаар хэрүүл эцэслэхгүй л дээ. Түмнийг төөрөгдүүлэхээс цаашгүй. Харин Монголд хууль гэж юм байдаг юм гэдгийг харуулдаг газар нь эрс шийдвэр гаргаж эмхлэхгүй бол холбоо олшрох нь хортой байна шүү дээ. Аль нь хууль ёсны холбоо вэ гэдэг асуултыг хууль, шүүхийнхнээс л асууя.
Ц.ЖАРГАЛСҮРЭН, ЗУУНЫ МЭДЭЭ