|

Орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллахыг үүрэг болгов

saikhnaa 2018/05/14 349 0

Орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллахыг үүрэг болгов

Салбарын сайдаар ахлуулсан яам, агентлагийн газар хэлтсийн дарга нарын очсон дараагийн компани нь Зүүнбаянгийн газрын тосны дэд сав газарт  үйл ажиллагаа явуулж буй "Доншен газрын тос Монгол” ХХК байлаа. Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу сардаа 33.000 баррель буюу 4700 орчим тонн газрын тос экспортлож байна. Лондонгийн Хөрөнгийн биржийн тухай өдрийн ханшнаас хамаарч борлуулалтын үнийг тогтоодог байна. Энэ жил 343 мянган баррель газрын тос олборлож, экспортлох төлөвлөөгтэй байгаа аж.
Тус компанид нийт 206 хүн ажилладагаас 129 нь Монгол ажилчин байна. Монгол ажилчдын 115 нь Зүүнбаянгийн, 14 нь Сайншанд болон Улаанбаатарын иргэн ажиллаж буй юм. "Доншен газрын тос Монгол” компанийн ашиглалтын баталгаат нөөц 14.9 сая баррель буюу хоёр сая тонн юм байна. Энд цахилгаан эрчим хүч дамжуулах шугамууд, хатуу хучилттай авто зам, газрын тос цуглуулах, хадгалах, ялгах, ачиж байгууламж, ажилчдын дотуур байр зэргийг байгуулжээ. Дорноговь аймгийн Засаг даргатай жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд энэ хүрээнд 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулах, шугам сүлжээний засвар  зэрэг ажлууд хийж байгаа гэлээ.

Компанийн удирдлагуудын зүгээс Бүтээгдэхүүн хуваах гэрээ зарим талаар татварын хуультай зөрчилдөж байгааг салбарын сайдад хэлэв.
Сайд Д.Сумъяабазарын зүгээс "Стратегийн бүтээгдэхүүн олборлож байгаа тул Монгол ажилтнуудаа мэргэшүүлэн чадавхижуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлаа стандарын дагуу чанартай хийх, орон нутагтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жил Зүүнбаянд хийгдсэн бодитой ажил харагдахгүй байна. Тиймээс цаашдаа бодитой хөрөнгө оруулалт хийж ажиллах ёстой” гэв. Мөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл

top