|

Б.Майцэцэг: Тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмснээр 1,700-2,600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой

saikhnaa 2018/05/21 1514 0

Б.Майцэцэг: Тамхины онцгой албан татварыг 50 хувиар нэмснээр 1,700-2,600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой

Дэлхий даяар жил бүр 900 мянган хүн дам тамхидалтын улмаас нас барж байна

Тамхины онцгой албан татварыг нэмснээр ямар давуу тал, боломжууд бий болох вэ. Бид бусад улсын адил татвараа өндөрсгөж чадвал хэдэн жилийн дараа бидэнд үр дүн нь мэдрэгдэх вэ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.

-Манай улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж байна л гэдэг. Гэтэл яг ямар төвшинд явна вэ. Энэ талаарх сүүлийн үеийн ямар нэгэн судалгаа бий юү?

-Дэлхий даяар тамхины улмаас долоон сая хүн амь насаа алдаж байна. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн тамхи татдаг бөгөөд 80 хувь нь өвчлөл өндөртэй, бага, дунд орлоготой орнуудад амьдарч байна. Тамхи нь зүрхний титэм судас, цус харвалт, зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог. Зүрх судасны өвчин нь олон хүнийг бусад шалтгаанаас илүүтэй үхэлд хүргэж, зүрхний өвчний нас баралтын 12 хувь нь тамхидалт, дам тамхидалтаас шалтгаалж байна.

Монгол Улсад тамхины хэрэглээ өндөр түвшинд байгааг дараах судалгаанууд харуулдаг.Тухайлбал, 2013 онд хийгдсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь нь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэж гарсан. Дэлхийн дунджаар нэг хүний янжуурын жилийн хэрэглээ 1083 ширхэг. Гэтэл Монгол Улсад 1982 байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Тамхины хэрэглээ өндөр ОХУ (2295) Хятад улс (2043)-ын дараа орж байна.

-Зүрхний өвчний нас баралтын 12 хувь нь тамхидалт, дам тамхидалтаас шалтгаалж байна гэлээ. Тамхидалт ямар, ямар өвчний суурь болж байна вэ?

-2015 онд 2186 хүн тамхинаас улбаат зүрх судасны өвчнөөр нас барсан байна. Үүний дотор ЗЦХӨ 23.1 хувийг харин харвалт 22.2 хувь тус тус эзэлж байна. Сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдэж, гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгээр нас барж байна.

Тамхи нь уушги, гуурсан хоолой, мөгөөрсөн хоолой, эмэгтэйчүүдэд хөхний хавдрын эрсдэлийг илүүтэй нэмэгдүүлдэг. Архаг тамхичин хоёр хүн тутмын нэг нь тамхитай холбоотой өвчнөөр нас барах эрсдэлтэйгээс гадна 10 насаар богино насалдаг.

-Дам тамхидалтын хор уршгийг хүмүүс төдийлөн ойшоодоггүй.  Гэтэл үүний хор уршгаар дэлхийд сая орчим хүн нас барж байна. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлхий даяар жил бүр 900 мянган хүн дам тамхидалтын улмаас нас барж байна. Судалгаанд хамрагдсан хүн тутмын нэг нь буюу 40.9 хувь нь гэртээ, дөрвөн хүн тутмын нэг нь буюу 25.5 хувь нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг гэж гарсан.

Ажлын байранд дам тамхидалтад өртөх нь багасаж байгаа ч гэрийн орчинд дам тамхидалтад өртөх нь буурахгүй байна. Гэр бүлийн гишүүдийн тоо, амьдрах орчноос шалтгаалан манай улсын хувьд хүүхэд дам тамхидалтад өртөх нь илүү байдаг. Судалгаанд оролцсон сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн орчинд, 56.4 хувь гадна орчинд өртсөн байна.

Дам тамхидалт нь зүрхний шигдээс, амьсгалын замын үрэвсэлт өвчин, уушги, хөх, ходоод, давсаг зэрэг бусад эрхтний хавдар үүсгэх эрсдэлтэйгээс гадна сэтгэл гутралыг үүсгэдгийг эрдэмтэд судалсан байна. Дам тамхидалт гэж шууд утаанд хордох, тамхины ишнээс үлдсэн үнсээр амьсгалахыг хэлнэ. Мөн гуравдагч тамхидалт буюу утааны үнэр нь шал, хана, тааз, буйдан, ноосон эдлэлд шингэн үлдсэнээр хүүхэд уг гадаргууд хүрэх, ойртон амьсгалах зэрэгт эрүүл мэндэд нь хортой нөлөө үзүүлж байдаг.

Дам тамхидалтын хор нөлөө хүүхдэд тэр тусмаа бага насны хүүхдэд дараах байдлаар илэрдэг. Тодруулбал, илүү өвчлөмтгий, дархлаа сул байх, ойр ойрхон ханиад томуугаар өвдөх, дунд чихний үрэвслээр өвдөх, нярай бага жинтэй төрөх, гэнэт нас барах зэргээр илэрдэг.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд тамхидалт эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Эмэгтэйчүүдийн дунд тамхи татах нь жингээ барихад тустай, стресс тайлдаг, хувь хүний сонголт, өвчлөлд хүргэж буй шалтгаан нь тамхи биш зэрэг буруу ойлголтууд байдаг. Иймээс залуу охидууд бусдыг даган дуурайх, дундаж насны эмэгтэйчүүдийн дунд ажил, амьдралын ачаалал ихсэх, ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд олон жил татсан гэсэн шалтгаанаас хэрэглэх нь элбэг байна.

-Тамхидалтыг бууруулж чадсан ихэнх улс орнууд татвар нэмэх нь тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Харин манай улсад энэ арга хэр үр дүнтэй вэ?

-Манай улсын хүн амын дундах тамхины хэрэглээ өндөр байгаад тамхины үнэ хямд, түүнд ногдож буй онцгой албан татвар бага байгаа нь нөлөөлж байна. Тамхидалт хөгжсөн улс орнуудад буурч, өвчлөл ихтэй, бага, дунд орлоготой орнуудад ихсэж буй үзүүлэлттэй байна. Хөгжсөн орнуудад тамхины татварыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор хэрэглээ буурсан. Манай орны хувьд ч гэсэн тамхины хяналтын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлж хэрэглээг бууруулах нь илүү үр дүнтэй.

-Ер нь чухам яагаад татвар нэмэх нь тамхидалтыг бууруулах шилдэг арга гэж үздэг юм бэ?

-Монгол Улсад, тамхины жижиглэнгийн үнийн (2,700 төгрөг)-ийн 33.26 хувь буюу 898 төгрөгийн татварыг тогтоосон нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жижиглэнгийн үнийн 70 хувьтай тэнцүү байх зөвлөмжөөс бага хэмжээ юм. 2017 оны гуравдугаар сард Засгийн газар тамхины онцгой албан татварыг гурван жилийн хугацаанд 20 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Энэ нь жижиглэнгийн үнийн ойролцоогоор 40 хувьтай тэнцэх хэмжээний татвар бөгөөд цаашид нэмэх бодлого хэрэгтэй байгааг харуулж байна.

-Бусад улс орны жишгээр манай улс тамхины онцгой албан татварыг нэмбэл үр дүн нь хэдий хугацаанд гарах бол?

-Тооцооллоос үзэхэд, тамхины онцгой албан татварыг нэмснээр тамхины хэрэглээг бууруулах, улсад нэмэлт сан үүсгэх, олон хүний амь насыг аврах зэрэг боломжтой байдаг. Жишээ нь, татварыг 50 хувиар нэмэхэд, улсад 190.7 тэрбум төгрөгийн орлого орж, 1,700-2,600 орчим хүнийг цаг бусаар эндэхээс сэргийлэх боломжтой юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

top