|

Гацууртаас ангид “Ноён уул”

namuunaa 2015/06/15 874 0

Гацууртын ордод төр хувь эзэмших үү, ногдол ашиг хүртэх үү гэдгийг энэ хаврын чуулганаар нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.Гацууртын ордтой зэрэгцэн сөхөгддөг, олон нийтийг эргэлзүүлдэг зүйл бол Ноён уул буюу Хүннүгийн эртний булш. 

 

 

 

2015 оны 1-р сард УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тогтоолыг баталсан. Гацууртын орд гэдэг нь 1991 онд алтны шороон орд илэрч, 2000 он хүртэл "Гурван гол”, "Гацуурт” компаниуд шороон ордод олборлолт явуулсан байдаг. 1998 онд Каскадиа компани үндсэн ордыг нээж, 2005 онд анхны ТЭЗҮ боловсруулжээ.

 

 

 


Нөгөөтэйгүүр Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх үед "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэл үзүүлж, хуурай өлсгөлөн зарлах хүртэл тэмцлийн хэлбэрт шилжиж байлаа. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ашиглахад Ноён уулыг хөндөхгүй өнгөрнө гэдгийг албаны хүний тайлбар, эрдэмтдийн судалгааны дүнд удаа дараа тайлбарлаж, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байсан юм. Өнөөдөр Гацууртын ордын хэлэлцэх эхлэхтэй холбоотойгоор иргэний хөдөлгөөнхний тэр дундаа "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийнхний "шарх сэдэрч”, тэмцэл идэвхжиж эхлэх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. Учир нь Гацууртын ордтой холбоотой Ноён уулын талаарх олон нийтийн эргэлзээ тайлагдсан байна лээ.

 

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бол Ноён уул буюу Хүннүгийн эртний булш Төв аймгийн Борнуур сумын нутагт ордог. Шулуун шугамаар Гацууртын ордоос 8 км зайд уулуудаар тусгаарлагдсан байдаг. Харин авто замаар бол маш их тойрч очих газар. Газар дээр нь очиж үзсэн хэн ч гэсэн энэ хоёр газар хэр хол болох тэсэлгээ олборлолт зэргийн нөлөө үүсэхгүй гэдгийг мэдэх юм. Өнгөрсөн өвөл УИХ-ын эрхэм гишүүдийн төлөөлөл газар дээр очиж үзэн танилцсан. Тэгээд ч өнөөдөр Төв аймгийн Борнуур сумын нутагт орших Ноён уул аль хэдийнэ тусгай хамгаалалтанд орсон.

 

Харин  Гацууртад олборлолт явуулна гэдэг нь нийт 303 га талбай өртөх ба үүнээс хуучин шороон орд ашиглаж байсан нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн 146 га байна. 1999 оны 10 дугаар сард ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн археологийн судалгааны төв Гацууртын хөндийн бүсэд, 2005 оны 6, наймдугаар сард МУИС-ийн археологи антропологийн тэнхимийн судалгааны баг Гацууртын уурхайн олборлолтын талбай болон Бороогийн уурхайгаас Гацуурт хүртэлх авто замын дагуу 2 удаагийн хайгуул судалгаа хийхэд уурхайн  талбай болон замын трассд эртний булш бунхан, түүхийн олдвор тогтоогдоогүй байна.

 

Мөн Гацууртын орд нь нутгийн иргэдийн тахиж шүтдэг Ноён уулаас шулуун шугамаар 5 км хол, мөн нутгийн хүмүүс тахилга, зан үйл хийхэд саад болох зүйлгүй юм билээ. Хэдийгээр Гацуурт нь Ноён уулаас зайтай, алслагдмал ч уул уурхайн үйл ажиллагаа нь явцын дунд байгаль орчинд нөлөөлж, ургамал амьтнаас эхлээд тусгай хамгаалалттай Ноён уулд нөлөөлөх вий гэх хардлага олон нийтийн дунд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс байгаль орчинд аюул учруулахгүйгээр ашиглаж болох уу гэдэг асуулт хэн бүхний аман дээр гардаг. Энэ нь ч  газар нутгаа гэсэн сэтгэлтэй хүн бүрийн санаа тавих асуудал. Гацууртын тухайд төсөл хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий талбай тусгай хамгаалалттай газарт нутагт харьяалагддаггүй аж. Мөн уурхайн ашиглалтад нэмж өртөх талбайд нэн ховор ургамал ургадаггүй гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаа тогтоожээ.

 

Гацууртад олборлох хүдрийн боловсруулалтыг 50 км зайд байх Бороогийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт боловсруулах тул төсөл хэрэгжүүлэх нутагт химийн бодис зэргийг ашиглах, боловсруулах үйл ажиллагаа явагдахгүй гэдгийг компанийнхан мэдэгддэг. Өмнө хэрэгжсэн Бороогийн уурхайн дэд бүтцүүдийг тэр чигээр ашиглах боломжтой гэнэ. Бороогийн уурхайг ашиглах хугацаанд тус  компани 2004-2014 онд орон нутгийн хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Сэлэнгэ аймаг, Мандал сум, Баянгол суманд нийт 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

Энэ төсөл хэрэгжсэнээр бидэнд болон Монгол Улсад маань ямар ашигтай вэ. Монгол улс ямар нэгэн хөрөнгө оруулахгүйгээр, зээл авалгүйгээр шууд 34 хувь эзэмшээд явах боломжтой аж. Манайд орох шууд өгөөж 2.069 тэрбум төгрөг, борлуулалтын орлогын 69 хувийг, нийт зардлын 81 хувийг Монгол улсад зарцуулах тооцоотой байж. Гацуурт төслөөс хуваарилах нийт мөнгөн урсгал 1.1 их наяд төгрөг, үүнээс Монгол улсад ногдох нийт мөнгөн урсгал 814 тэрбум төгрөг буюу 73 хувь байна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үйлдвэрлэл явагдаж байх үеджил бүр 6-7 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх юм байна.

 

Эдүгээ хүн бүхэн хардах сэрдэх болгоомжлох эрхтэй ч  хэн нэгэнд итгэх итгэлээ гээгээгүй гэдэгт найдна. Манайхан улстөрчдөд басхүү хөрөнгө оруулагчдадаа итгэл найдлага тавиад байдаггүй гэм биш зантай. Харин шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандарт, журмыг үндэслэн судалгаа шинжилгээ явуулсан эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлтэд итгэл алдраагүй биз.

 

Тиймээс ч Гацууртын ордод төр хувь эзэмших эсэх асуудал хэлэлцэгдэж байгаа энэ үед тусгай хамгаалалтад "Ноён” уулыг тойрсон популизм холуур өнгөрөөсэй. Гацууртад төр эзэмших хувиа тогтоочихвол эдийн засгийн өнөөгийн байдал ч ирэх жилүүдэд эергээр хандлагатайбайх  болов уу.

 

Гацууртын ордод төр хувь эзэмших асуудал Засгийн газар дахин буцахгүй гэж найдна. Асуудлаа шийдвэрлэж, урагшлах нь өнөөдөр бидэнд хэрэгтэй байх.

Санал болгох

Сэтгэгдэл

top