Монголын Ардчилсан Хөдөлгөөний анхны удирдагч С.Зоригтой хамтран амьдарч байсан иргэн Б.Булган УИХ-ын гишүүн Ж.Батзанданд захидал илгээжээ. Уг захидлын тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан дурьдав. Түүний өгүүлснээр Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй хэмээн захидалдаа дурьдсан байна. Захидлын дэлгэрэнгүй зарим хэсгийг энэ долоо хоногт ил болгох аж.Уг захидлыг Булган өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, Хууль зүй, Дотоод Хэргийн сайд, Хүний Эрхийн Комиссын дарга нарт тус тус илгээжээ.
Э.Мягмар
УИХ-ын гишүүн Ж.Батзанданы мэдэгдэл бүрэн эхээрээ
УИХ-ын
гишүүн Ж.Батзандан өнөөдөр 11.40 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийж,
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкийг дахин
хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж
мөн С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ:
Хаврын
чуулган долоодугаар сарын 10 гээд дуусна. Энэ чуулганаар эрх баригч нам
хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг батлуулахаар улайрч
байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн
барилаа. Засгийн газар болон түүний харъяа байгууллагууд, орон нутгийн
байгууллагуудыг Захиргааны хяналтын шүүхээс гаргах хууль өргөн барьсан
нь дээрх байгуулагуудад дур зоргоороо авирлах боломж олгож, ардчиллаас
ухарсан, хүний эрхийг үл ойшоосон алхам болж байна гэж үзэж байна.
Иймд
хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрын нөхөд, Хуульзүйн сайдад
хандаж, нэг зүйл хэлье. 1992 оны Үндсэн хуульд "төрөлжсөн шүүх байгуулж
болно” гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. 2004 онд Монгол Улс
түүхэндээ анх удаа Захиргааны шүүх байгуулсан юм. Энэ шүүх
байгуулагдсанаар Засгийн газар болон захиргааны байгууллагуудын хууль
бус, хүний эрх зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх
боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд Захиргааны шүүх Засгийн газрын
дураараа авирлалтыг таслан зогсоож, амжилттай ажиллаж байгаа гэж би
дүгнэж байгаа.
Мэдээж,
алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Захиргааны шүүхийн алдаа, оноог
засах гэж байгаа нь гээд уг шүүхийг хүчгүйдүүлэх, улмаар татан буулгахыг
санаархсан энэ хуулийг УИХ баталж болохгүй. Хэрэв уг хуулийг энэ хэвээр
нь батлах юм бол Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон
захиргааны байгууллагуудын бүх шийдвэр хяналтаас гарна. Үүнийг монголын
ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй.
Миний
бие өнгөрсөн долоо хоногийн турш Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн
эрхзүйгээр мэргэшсэн, монголын өмнөө барьдаг хуульчидтай энэ асуудлаар
ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн явцад төслийг энэ хэвээр нь
батлуулахгүйн төлөө би хуульчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэйгээ
хамт зүтгэх болно.
Хоёрдугаарт, Банкуудыг
дахин хөрөнгөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. 510
тэрбум төгрөгийг нөхцөл байдал хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх
тухай яригдаж байна. Энэ их хэмжээний хөрөнгөөр банкуудыг бус иргэдээ
дэмжих нь зүйтэй гэж би үзэж байгаа. 510 тэрбум төгрөгөөр 510 цэцэрлэг,
510 сургууль барьж болно. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн
шийдвэрлэх боломжтой. Гэтэл эрх баригч нам ОУВС үүнийг шаардаж байна
гэсэн тайлбар тавьж байна. 30 хувийн хүүтэй банк дампуурдаггүй. Японы
банкууд 1 хувийн хүүтэй зээл олгодог, Европын холбооны улсуудын банкууд
1-1,5 хувийн хүүтэй зээл олгодог. Гэлээ гээд дампуураагүй.
Мөлжигч
систем болж хувирсан монголын банкууд дампуурахад хүрсэн гэдэгт би
итгэхгүй байна. Харин банк санхүүгийн үйл ажиллагаагаа хууль зөрчиж
явуулсны улмаас, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хууль бусаар аж ахуйн
нэгж рүү оруулснаас нөхцөл байдал нь хүндэрсэн гэж би харж байгаа.
Банкны салбарын энэ буруу тогтолцоог өөгшүүлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын
бүлгийн дэд даргын хувьд дэмжихгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
Гуравдугаарт, С.Зориг
агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний
эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа.
Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж буй. Хэргийн цорын
ганц амьд гэрч Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах
ажиллагааны явцад гэрч ч биш, ойлгомжгүй байдлалтай байна. Хэргийг
мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа
болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан
гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэж байгаа.
Энэ
хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн
гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван
хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. Өөрөөр
хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өсгчихсөн байгаа юм.
Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн
мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан. Үүнийг ярьсан
УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд
удаа дараалан хийсэн. Би ард түмний эрх ашгийг нь хамгаална гэж
сонгогдсон элч төлөөлөгчийн хувьд шударга ёсны төлөө үгээ хэлэх л болно.
Тун удахгүй энэ захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна хэмээн
мэдэгдсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: http://www.sonin.mn/news/politics-fb-bot/92093