Ханилах хүнийхээ удмыг хар гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй хэрэг. Удмыг нь хар гэдэг үгний цаана хэр их мөнгөтэй, хэр царайлаг, хэр боловсролтой хүн бэ гэсэн шалгуур огт байхгүй.
Удам судрыг хөрөнгөөр жиших ямар ч боломжгүй юм. Хэчнээн боловсролтой, хөрөнгө зөөртэй хүн байлаа гээд хань ижлээ хуурч мэхлэх, зовоох, араар нь тавих гээд есөн шидийн дутагдал харин ч элбэг. Тэгвэл удмыг нь харж ханилахын учир юу вэ. Удам гэж чухам юуг хэлээд байна вэ.
Таны ханилах гэж буй хүний гэр бүлийн хүмүүжил зөв үү, ээж аавынхаа үгийг хэр сонсдог вэ, биеийн эрүүл мэнд хэр сайн бэ, амьдралын идэвх зориг тэмцэл өндөр үү, өчүүхэн зүйлд бууж өгөөд бусдын олж ирсэн хоолоор өөрийгөө тэжээлгэх дуртай тэжээвэр амьтан уу, бусдыг хэр хүндэтгэдэг вэ зэрэг амьдралын ноён нуруу болсон шалгуурууд үүнд багтдаг аж.
Түүнээс биш тэр сайдын тийм хүүтэй, тэр баяны тэр охинтой гэрлэснээрээ удам сайтай хүний хань болж буй хэрэг биш юм. Зөвхөн амьдралын зөв зам мөртэй хүнийг л удам сайтай хүн гээд байгаа юм. Удам сайтай хүнтэй ханилбал ирээдүйд учирч болох олон эрсдэлээс эмэгтэй хүн өөрийгөө хамгаалж чадна. Амар амгалан амьдралаар амьдарч, хоёр идэхгүй хоосон хонохгүй мөр бүтэн явж чадна. Үр хүүхэд тань хэн нэгнээс зүрх алдан эмээхгүй өр бүтэн, сэтгэл хангалуун өсөх болно.