- Засгийн газрын өчигдрийн /2018.07.09/ өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрүүд -
- "Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл”-ийг "Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгээр уралдаант шалгаруулалт явуулан хэрэгжүүлэх болов. Байгууламж нь нэг минутад 3,780 литр шатахуун шахах бөгөөд агаарын гурван хөлөгт нэг зэрэг сумалгаа хийх хүчин чадалтай байх юм.
- "Бүс нутгийн замыг хөгжүүлэх, зам засварын төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг дэмжив. Төслийн хүрээнд Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засч, өгсүүр хэсгүүдэд нэмэлт эгнээ барихаар төлөвлөж байна.
- 24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг батлав. Манай улсад жил бүр 20 гаруй нэрийн халдварт, гурван нэрийн гоц халдварт өвчин бүртгэгдэж байна.
- Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэдийн Нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгана. 2016 оноос хойш цаатан иргэдийн НДШ-ийг тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд нэг хувиар төлж байгаа. Үүнийг энэ онд 11 хувь, ирэх онд 11.5 хувь, 2020 ба түүнээс хойш 12.5 хувь байхаар өөрчиллөө гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.