Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээний асуудалтай холбогдуулан АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар өнгөрөгч 4-р сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Дээрх шийдвэрийн дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд тавдугаар сарын 23-нд С.Баярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт шилжүүлсэн.
Харин өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр нэгэн бичлэг фэйсбүүк хуудсаар цацагдав. Бичлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон С.Баяр нар нэг өрөөнд цувран орсны дараа зөөгч нар төрөл бүрийн хоол зөөж, улмаар С.Баяр уг өрөөнөөс зургаан цагийн дараа гарч явж буй дүрс буужээ. Тус бичлэг нь АТГ-ын дотоод хяналтын камерын 2017 оны тавдугаар сарын 02-ны өдрийн бичлэг гэх ба дээрх бичлэгийг задруулсан, эвлүүлсэн этгээдүүдийг олж тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж эхэлсэн бололтой.
http://sodonnews.mn/news/10/single/945