Элсэлтийн ерөнхий шалгалт хоёр хоногийн дараа эхэлнэ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ө.Төгөлдөртэй ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ онд хэчнээн шалгуулагч өгөх вэ?
-12 жилийн сургалтын хөтөлбөрт шилжсэнтэй холбоотойгоор өмнөх жилүүдтэй харьцуулахад маш цөөн хүүхэд төгслөө. Монгол Улсын хэмжээнд 19293 сурагч ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Өмнөх жилүүдэд 40000 орчим хүүхэд шалгалт өгч байсан.
-Шалгалт хоёр хоногийн дараа орон даяар эхэлнэ. Шалгуулагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Таван бичиг баримт бүрдүүлэх ёстой. Нэгдүгээрт, иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц бичиг баримт шаардлагатай. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу энэ оны зургадугаар сарын 1-нээс хойш 16 нас хүрэх шалгуулагч сургуулийнхаа захирлын тодорхойлолт, зураг, төрсний гэрчилгээний хамт авчрах ёстой. Хоёрдугаарт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, гуравдугаарт, бүртгэлийн хуудсаа баталгаажуулна. Орон нутаг, нийслэл гэлтгүй шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнээр гарын үсэг зуруулж, тамга даруулах юм. Дөрөвдүгээрт, суудлын хуваарь. Шалгуулагч бүр өөрсдийн бүртгэлийн дугаар, нууц үгээр дамжуулан www.eec.mn сайтын "шалгуулагчийн булан”-аар дамжуулан хэвлэн авна. Тавдугаарт, эрхийн бичиг. Монгол хэл бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авч тэнцсэнийг нотлох бичгээ заавал авчрах ёстой.
-Шалгалт ямар хичээлээр эхлэх вэ. Нэг хичээлийн шалгалт хэчнээн минут үргэлжлэх вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Шалгалт энэ сарын 18-нд эхлээд 19-нд завсарлаж, 20-21-нд үргэлжилнэ. Элсэлтийн шалгалтыг гурван өдөр зохион байгуулах юм. Зургадугаар сарын 18-ны 10.00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр шалгалт эхэлнэ. Үргэлжлэх хугацаа хичээлээс шалтгаалаад хоёр өөр буюу 80, 100 минут байгаа. Шалгуулагч шалгалт эхлэхээс өмнө суудлаа эзэлчихсэн байх ёстой. Тооны машин, томъёоны хураангуй, таблиц, гар утас зэргийг авч орох хориотой. Яагаад гэвэл тухайн шалгалтын материалд шаардлагатай томъёо, таблицыг оруулж өгсөн. Мөн ноорог цаастай орохыг хориглодог.
-Шалгалт үргэлжлэх хугацаа хичээлээс шалтгаалаад хоёр өөр гэлээ. Яагаад харилцан адилгүй байгаа юм бэ?
-Бодож, гүйцэтгэх ажил ихтэй хичээлийн шалгалтын хугацаа арай их. Тухайлбал, монгол хэл, математик, хими, физикийн хичээлийн шалгалт 100 минут үргэлжилнэ. Харин англи, орос хэл, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг, газар зүй, биологийн хичээлийн шалгалтыг 80 минутад багтааж, даалгавраа гүйцэтгэн хариултын хуудсыг бөглөнө.
-Даалгаврууд сонгох, нөхөх гэсэн хоёр хувилбараас бүрдэнэ гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Сонгох даалгавар нь сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх болон зөв хариулт нь өгөгдсөн байдаг. Тиймээс тухайн даалгаврыг зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөв хариултыг сонгох боломжтой. Харин нөхөх даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргана. Энэ нь шалгуулагчдын бүтээлч чадварыг илрүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, эрэл хайлт хийж, өмнө нь эзэмшсэн мэдлэг чадвараа өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх чадварыг шалгана гэсэн үг. Шалгалтын даалгавар бүр өөр, өөр оноотой. Тиймээс хугацаагаа зөв тооцох хэрэгтэй. Хоорондоо ярих, эргэж харах, дохио зангаа хэрэглэх зэрэг үйлдэл гаргаж, бусдад саад учруулсан тохиолдолд шалгуулагчийг тухайн анги танхимаас гаргах болно гэдгийг хатуу анхааруулмаар байна.
-Танайх нэлээд ачаалалтай харагдаж байна. Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд шалгалт өгөх эрхийн бичгээ авсан бэ?
-Одоогоор 70 орчим хувь нь эрхийн бичгээ авсан. Үлдсэн шалгуулагчид эрхийн бичгээ яаралтай авах шаардлагатай байна. Эрхийн бичгээ аваагүй тохиолдолд шалгалт өгөх ямар ч боломжгүй.
-Хот, хөдөө гэлтгүй бүх анги танхимыг бүрэн камержуулж чадсан уу?
-Камержуулж байгаа. Элсэлтийн ерөнхий шалгалтыг авах анги, танхимыг бүрэн камержуулсан байх ёстой.
-Шалгалтын дүн хэзээ гарах вэ?
-Шалгалт дууссанаас 7-10 хоногийн дараа www.eec.mn сайтад дүнг тавина. Шалгуулагчийн хувьд бүртгэлийн дугаар нууц үгээрээ ороод дүн, оноогоо харах бүрэн боломжтой.
-Жил бүр элсэлтийн шалгалтын дараа хэл ам, гомдол их гардаг. Хэрэв гомдол гаргавал хаана хандах вэ. Мөн хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?
-Иргэдээс ирсэн элсэлтийн ерөниий шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх 5-7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажилладаг. Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, и-мэйл, онлайн чат үйлчилгээгээр but@eec. mn хаягаар хүлээн авна. Өргөдлийг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэж, хариуг бичгээр өгдөг.