|

У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр зам

saikhnaa 2018/08/10 1288 0

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх өөрсдийн концепцоо тодорхойллоо. Товчхондоо зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн төмөр замын төслийн бас нэгэн "түүхэн” шийдвэр өчигдөр гарав. Харин хэрэгжих эсэх нь цаг хугацааны асуудал. Магадгүй өмнөх олон шийдвэрүүдийн адил түүх болон үлдэж ч мэдэх л юм. Учир нь, Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замыг үргэлжлүүлэхдээ "Тавантолгой төмөр зам” компани байгуулж 51 хувийг нь эзэмшүүлж, үлдсэн 49 хувьд нь гаднын хөрөнгө оруулагч оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хувилбар олон жилийн өмнө ч яригдаж байсан бөгөөд Тавантолгойн төмөр зам гацахын үндэс болсон билээ. Харин энэ хувилбарыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь одоогийн төрийн тэргүүн Х.Баттулга. Гэтэл түүний бодлогийг дэмждэг, бас эргээд түүгээр бодлогоо дэмжүүлдэг У.Хүрэлсүхийн Засгийн газар Тавантолгойн төмөр зам дээр төрийн тэргүүний хамгийн их эсэргүүцдэг хувилбар дээр "бооцоогоо” тавив. Хэрэв ганцхан жилийн дотор байр суурь нь эргэчихээгүй бол сайд хийгээд сул гишүүн байхдаа эсэргүүцэж байсан төслөө Ерөнхийлөгч зүгээр хараад хөдөлгөчихгүй нь лав. Ямар нэгэн том тохироонд орчихоогүй бол шүү дээ. Хэрвээ тийм тохироо байхгүй бол нэг жилийн турш үргэлжилсэн У.Хүрэлсүх хийгээд төрийн тэргүүний улс төрийн хоршлын салах цэг нь Тавантолгойн төмөр замын төсөл болох нь ээ. Үүнийг үл дэлгэрүүлэн өгүүлэхэд төмөр замын ажлыг эрчимжүүлэх хүрээнд эхний ээлжинд 200 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр болсон юм.

Уг төслийг хэрэгжүүлэх зорилгоор "Монголын төмөр зам”-аас 279 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан байдаг. Харин энэ удаа төмөр замыг барьж дуусгахад 790 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар дээрх төслийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн 51, гаднын 49 хувийн санхүүжилттэй "Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус компанид эхний ээлжид "Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 17-34 хувийн хөрөнгө оруулахаар  тогтоолд тусгасан байна. Тодруулбал, тус компани 200 хүртэлх сая долларын хөрөнгө оруулна гэсэн үг юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 орчим км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэл тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэх тухай яригдаж байгаа.

Мөн "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ төмөр замаар тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд авто замын тээврээс дөрөв дахин буюу 20-25 ам.доллараар хямд зардлаар хөрш орнууд болон гуравдагч зах зээлд хүрнэ гэсэн судалгаа бий.

Уг нь зургаан Ерөнхий сайдын нүүр үзсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхдээ 2016 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 2015 оноос санхүүжилтгүй болсноор хугацаандаа ашиглалтад орж чадалгүй зогсонги байдалд ороод байсан. Тухайн үед  Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа авч байхдаа Өмнөговь аймагт ажиллан 2019 он гэхэд тус чиглэлийн зам бүрэн ашиглалтад оруулна гэж ярьж байв. Гэвч Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах нь бүү хэл  тэр цагаас хойш ганц хүрз шороо ч асгаагүй юм.

Мөн Зам тээвэр, хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур "2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж, 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэж ярьсан байдаг.

Түүнчлэн тэрбээр "Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” Төрийн өмчийн ХК-д олгож, 2013 оны тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж эхэлсэн ч 2014 оны төгсгөлөөс Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон. Үүний улмаас ажил шууд зогсонги байдалд орсон. Гүүр хоолой, суваг шуудуу, ул шорооны ажлыг гүйцээж чадалгүй хоёр жил гаран болж байна. 2016 оны тавдугаар сард манай яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан. Бид өмнө хийсэн ажлаа сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах, мөн технологийн шаардлагатай ажлуудыг гүйцээж хийх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан боловч одоогоор шийдвэрлээгүй байна” хэмээн ярьсан нь Зам тээврийн яамны сайтад тавигджээ.

Түүний ярьснаар бол одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явц дуусах шатандаа хүрч байх ёстой. Харин бид бүгдийн мэдэж байгаагаар тус чиглэлийн зам далан төдий байгаа. Энэ далан нь элэгдэж урсаад эргээд сэргээхэд бэрх байгаа нь ч бас үнэн.

Түүх сөхөхөд анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Энержи ресурс” компанид 2008 онд олгосон байдаг. Гэвч Засгийн газар 2010 онд 283-р тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам”-д шилжүүлжээ.

Уг тогтоолоор төмөр зам барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” компанид өгсөн юм. Үүнээс хойш 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг "Энержи ресурс” болон "Энержи ресурс рэйл" компанитай байгуулах зөвшөөрөл олгосон байдаг.

Харин Засгийн газрын 121 дүгээр тогтоолд "Энержи ресурс" болон "Энержи ресурс рэйл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Түүнээс хойш Хөгжлийн банкны санхүүжилтээр хөрөнгө оруулсан боловч тэр мөнгө төмөр зам бус далан болон үлдсэн билээ.

Б.Цэрэнлхам

ЭХ СУРВАЛЖ: 24tsag.mn

http://www.24tsag.mn/a/164051


Санал болгох

Сэтгэгдэл

top