|

Энэ сарын 15-ны дотор цалин нэмэхгүй бол орон даяар 100 хувь ажил хаяна хэмээн мэдэгджээ

nomun 2018/09/10 431 0

Сүхбаатарын талбай дээр ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган багш цалин нэмэгдүүлэхтэй холбоотой суулт зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэнээс нийслэлийн 113, хөдөө орон нутгийн 17 байгууллага оролцож байгаа аж.

Ажил хаялтад өнөөдрөөс хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж, нийт 174 сургууль ажил хаяхаа мэдэгдсэн байна. Ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа бөгөөд зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зогсооно гэдгээ зохион байгуулагчдын зүгээс илэрхийллээ.

Энэ талаар Есдүгээр сургуулийн үйлдвэрчний хороон дарга Д.Наранчимэг "Есдүгээр сарын 7-ноос хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн ажил хаялтын хэсэг Засгийн газартай хамтарсан хэлэлцээрт хүрлээ ажил хаялтыг зогсооё гэсэн мэдэгдэл хийгээд байгаа боловч үнэн чанартаа боловсролын салбарт ажиллаж байгаа ажилчдын шаардлага өнөөдрийн байдлаар нэгтгэсэн шийдэлд хүрж чадахгүй байна.


Бидний тавьсан шаардлагынхаа хүрээнд хамтарсан судалгаа тооцооны ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тэд ажлын судалгаа шинжилгээнийхээ тооцооны ажлыг хийгээд боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын жагсаал цуглаан зогсоох боломж нөхцөлийг судалсан. Боловсролын салбарын ажилчдын тавиад байгаа шаардлагад хүрэхийн тулд 2018 оны төсөвд 24,3 тэрбум төгрөг төсвийн тодотгол хийгээд өгөх юм бол бид ажил хаялт, суултаа зогсооё гэсэн шаардлага тавилаа. 35 тэрбум төгрөг байснаа төр засгийн санхүү эдийн засгийг тооцоолж үзээд ардаа байгаа олон түмний хүүхдийг бодож 10,5 тэрбум төгрөгийн буулт хийсэн. 24,3 төгрөгийн төсвийн тодотгол хийгээд өгөх юм бол бид ажилдаа ороход бэлэн гэсэн саналыг энэ сарын 8-ны өдрийн есөн цагт бид төр засагт гаргаж өгсөн. Өнөөдрийг хүртэл бидэнд ямарч хариу ирээгүй байгаа учир бид ийнхүү суулт зохион байгуулж байна” гэлээ.

44-р сургуулийн үйлдвэрчний хороон дарга С.Сарантуул "Улсын хэмжээнд 130 гаруй боловсролын байгууллага нэгдээд байна. Үүнээс 100 гаруй нь нийслэл дэх боловсролын байгууллага. Нийт 13 цэцэрлэг нэгдээд байна. Есдүгээр сарын 15 гэхэд асуудлыг шийдэхгүй бол улс орон даяар 100 хувь ажил хаях төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар орон нутгаас Завхан, Увс, Дорноговь гэсэн аймгууд нэгдэж байгаа илэрхийлсэн.

Ажил хаялтад оролцож байгаа багш нарыг дарамтлах асуудал гарч байгаа. БСШУСЯ-нд хандаж энэ асуудлыг хэлэхэд үгүйсгэж байгаа учраас багш нарын эгдүүцэл илүү ихээр төрж байна. Нөгөө талаар бид буулт хийж, асуудалд хандах гэж үзсэн. Тухайлбал, 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагаа тодорхой хувиар буулгаж байна. Мөн 300 мянган төгрөгийг бүтэн авах асуудлыг цалин хөлсөнд шингээж өгөх байр сууриа илэрхийлсэн” гэв.

Энэ сарын 15-ны дотор цалин нэмэхгүй бол орон даяар 100 хувь ажил хаяна хэмээн мэдэгджээ

 


 

Санал болгох

Сэтгэгдэл

top