"Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан гэх асуудал 2016 оноос шүүхийн маргаан дагуулсан. Хамгийн сүүлд Английн дээд шүүхээс "Стандарт” банкны нэхэмжлэлийг 100 хувь хангаж, "Эрдэнэт” үйлдвэрийг гурван төрлийн шүүхийн захирамж биелүүлэх шийдвэр гаргасан. Уг асуудлаар "Эрдэнэт” үйлдвэрийн давж заалдах эрх дуусгавар болоод байгаа нь энэ юм.
Тус захирамжид "Эд хөрөнгө царцаах тухай” зүйлчлэл орсон нь "Эрдэнэт” үйлдвэрт маш том эрсдэл дагуулаад буй. "Эд хөрөнгө царцаах тухай” захирамжид, Англи болон Уэльсийн нутагт дэвсгэрт байгаа өөрийн эд хөрөнгийг гаргахгүй байх, тэдгээрээс гадна байгаа эд хөрөнгийг захиран зарцуулах, худалдан борлуулах, үнийн дүнг бууруулахгүй байх агуулга тусгагдсан аж.
Уг захирамж "Эрдэнэт” үйлдвэрийн харилцагч трейдер компаниудад эхнээсээ албан ёсоор хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Таурус Метал”, "Кливедин Трейдинг”, "Трафигура ПТЕ”, "Самсунг Си Энд Ти” зэрэг компаниудад шүүхийн захирамж хүргэгджээ.
Эдгээр компаниуд шүүхийн захирамжийг хүлээж авснаасаа хойш "Эрдэнэт” үйлдвэрт зэсийн баяжмалын үнэ төлөх нь хууль зөрчсөн үйлдэл болох аж. Тиймээс дээрх компаниудаас Английн дээд шүүхийн "Эд хөрөнгө царцаах тухай” захирамж ирсэн болохыг "Эрдэнэт” үйлдвэрт мэдэгдсэн байна. Энэ нь "Эрдэнэт” үйлдвэрийн гадаад мөнгөн гүйлгээ зогсоход шууд байдлаар нөлөөлөх эрсдэлтэй юм.
Гадны трейдер компаниуд нь "Эрдэнэт” үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж, биржүүдэд нийлүүлэх замаар мөнгөн урсгалын сүлжээ бий болгодог гол харилцагч нь юм.
Эх сурвалж: Мэдээ.мн
Ж.МЯДАГБАДАМ