Өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдаж, 2020 оны сонгуульд Нийслэлийн намаа ахлан орох удирдлагаа сонгоно. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, олонхийн саналаар одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргасан билээ.
МАН-ын дүрэмд заалнаас нэр дэвших эрх нээлттэй. Энэ дагуу нэр дэвшигч С.Батболдтой Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өрсөлдөх юм. Тэрбээр өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл дээр Д.Сумъяабазар сайд нийт зургаан гишүүний санал авч, гурван саналаар С.Батболдод ялагдсан байна.
Уг хоёр нэр дэвшигч дээр Хотын дарга асан Ц.Батбаярыг заалнаас нэр дэвшүүлж, өөрөө нэр татах байдлаар тоглолт хийнэ гэсэн таамаг байгаа юм. Тэрбээр өчигдөр намынхаа Удирдах зөвлөлд Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа уламжилна гэсэн байр суурь илэрхийлсэн. Гэвч яг хуралдааны үеэр нэр дэвшихгүй гэсэн асуудал яригдсан гэх мэдээлэл байна.
Хотын дарга асан Ц.Батбаярын хувьд "Нэр дэвшинэ” гэсэн байдал үүсгэж, албан тушаал авах тохироонд хүрэх, эсвэл өөрийгөө байгаа гэдгийг сануулах гэсэн улс төрийн тоглолт хийж байгаа гэх таамаг бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ц.Батбаярын хотын фракцийн зүгээс шахалт үзүүлж, тодорхой байдлаар тохиролцоонд хүрсэн бололтой.
Нийслэлийн МАН-ын Бага хуралд саналын эрх бүхий нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээрээс 80 нь квотоор орж байгаа юм. Монголын Хүүхдийн ордонд өглөөний 07:00 цагаас төлөөлөгчдөө бүртгэсэн тус хурал 09:00 цагаас эхлэх юм. Бид мэдээллийг шуурхай хүргэн ажиллах болно.