|

Тэтгэврийн карт хэрэглэж хэвших нь яагаад чухал гээч

nomun 2018/10/02 638 0

Тэтгэврийн карт хэрэглэж хэвших нь яагаад чухал гээч

 

 
Аль ч банкны хувьд үйлчлүүлэгчдийн нэлээд хувийг ахмад настнууд эзэлдэг нь зөвхөн банкны ажилтнуудад л итгэж, санхүүгийн үйлчилгээ авах ёстой гэсэн уламжлалт сэтгэхүйтэй нэг талаар холбоотой. Гэвч тэтгэврийн мөнгөө авахаар хар үүрээр банкны үүдэнд очиж дугаарлах шаардлагагүй гэдгийг, гэрэл цахилгааныхаа мөнгөө төлөх гэж, эсвэл хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхийн тулд заавал банк зорих хэрэггүй болсныг зарим ахмадууд маань өнөө хэр нь мэдээгүй яваа нь харамсалтай.
Уг нь энэ бүх асуудлыг хялбархан шийдэх гарц нь ерөөсөө л тэтгэврийн карт хэрэглэж хэвших юм. Өөрөөр хэлбэл, сар бүр авдаг иргэдийн тэтгэврийн мөнгийг банк карт руу нь автоматаар шилжүүлэх бөгөөд тухайн иргэн заавал банк руу очилгүйгээр гэртэйгээ ойрхон АТМ-ын машинаас мөнгөө авах, бусад хүн рүү мөнгө шилжүүлэх,  төлбөр тооцоогоо хийх боломжтой. Мөн бэлэн мөнгө авч явах шаардлагагүйгээр дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ Пос-ын машинд картаа уншуулан хэрэгцээтэй зүйлээ худалдан авч, тэр ч байтугай тэтгэврийн картандаа орлого нэмж дансандаа хуримтлал үүсгэн мөнгөө хадгалах ч бололцоотой. Хэрэв тухайн ахмад настан дансандаа хуримтлал үүсгэе гэвэл тэтгэврийн картанд байгаа мөнгөнд тань ХААН Банк жилийн эцэст 5.5 хувийн хүү бодож танд олгодог юм билээ. 
Тэтгэврийн картыг ахмадууд маань ХААН Банкны аль ч салбарт хандан үнэ төлбөргүй захиалах боломжтойн дээр картыг гэрийн хаягаар нь үнэгүй хүргээд өгдөг.  Бас АТМ-аас мөнгө авах, мөнгө шилжүүлэхэд ямар нэгэн шимтгэл авдаггүй гэдгээрээ ХААН Банкны тэтгэврийн карт давуу талтай. Харин ийм олон давуу талыг бүрдүүлж өгсөөр байхад хүмүүс одоо хэр нь яагаад банкинд дугаарласаар байна вэ? Энэ шалтгааныг тодруулахаар ХААН Банкны хэд хэдэн салбараар орж, үйлчлүүлж буй зарим ахмад настантай уулзлаа.  
Баянзүрхийн ХААН Банкны салбар төвд өглөөний 09.30 цагт очиход 20 орчим хүн хүлээлгийн танхимд сууж байсны зургаа нь ахмад настан байв. Тус дүүргийн II хорооны иргэн Б.Должин гуайгаас тэтгэврийн карттай эсэх талаар тодруулахад "Эмээ нь тэр картыг чинь ашиглаж мэдэхгүй. Авлаа ч нууц дугаарыг нь мартчих болов уу гэж бодоод байдаг юм” гэсэн хариу хэлэв. Уг нь картынхаа нууц дугаарыг мартсан эсвэл солихыг хүсвэл ХААН Банкны 1800-1917 дугаарт залгаад л хялбархан сэргээх, үйлчилгээгээ үргэлжлүүлэн авах боломжтой юм байна. Харин хаяж гээгдүүлсэн тохиолдолд үнэ төлбөргүй нөхөн авч, гэрийнхээ хаягаар хүргүүлж болох ажээ. Тиймээс Должин гуайд банкны ажилтан энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, картаа хэрхэн яаж ашиглахыг нь хүртэл зааж өгсөн юм.
Харин Хан-Уул дүүргийн ХААН Банкны салбараар үйлчлүүлж байсан  иргэн Х.Балдан гуай хэдийнэ картаар үйлчлүүлж хэвшсэн төдийгүй хуримтлал үүсгэдэг гэж ярилаа. Тэрээр "Бэлэн мөнгөтэй байхаараа үрчихдэг юм. Харин карттай болсноор амар болсон. Харин ч хуримтлал үүсгээд тун зүгээр санагдсан. ХААН Банк жилийн эцэст бас хүү бодож өгөх юм байна лээ” гэсэн юм. Балдан гуай тэр ч байтугай интернэт банк ашиглаж, орон сууцныхаа мөнгийг гэрээсээ төлдөг гэсэн шүү. Тэгэхээр картын хэрэглээ ахмадуудын дунд харилцан адилгүй болохыг эндээс харж болно.
ХААН Банкнаас арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл тэтгэврийн картын урамшуулалт аян зарлаад буй юм. Энэ аяны хүрээнд, мөн Ахмадын баяр тохиож буйтай холбоотойгоор иргэдийн дунд тэтгэврийн картын хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой өдөрлөгийг өнөөдөр салбарууд дээрээ зохион байгуулж, энэ үеэрээ танилцуулга, зөвлөмж өгөх юм байна.
Урамшуулалт аяны хугацаанд иргэд тэтгэврийн карт авах юм бол 11-р сарын 15-ныг хүртэл хугацаанд уг картаараа дэлгүүр, үзвэр, үйлчилгээний газраар ХААН Банкны ПОС машинаар худалдан авалт, үйлчилгээ авсан үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх буцаан олголтыг таны картын дансанд хийх юм. Энэ мөнгийг сар бүрийн 21-ний дотор олгох юм байна. Түүнчлэн ХААН Банкны тэтгэврийн картаа ашиглан "Ази Фарм”-ын бүх салбар эмийн сангуудаас 3 хувийн хөнгөлөлттэйгөөр эм авах боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Ингээд ахмад настан, азай буурлууд та бүхэндээ Ахмадын өдрийн мэнд дэвшүүлж, тэтгэврийн картаа  хэрэглэж хэвшээрэй гэж уриалж байна. Банкинд бага, амьдралдаа их цаг зарцуулаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

top