|

Охидоо хайрлая...

nomun 2018/10/11 649 0

 

 

/13-хан настайдаа амьдралаас зүй бусаар буцсан хөөрхий охины "захидал".../

 

Миний амьдралын сүүлчийн өглөө 
Би та бүхэнд амьд байсан үеийнхээ тухай ярих гэж буй гунигт сахиусан тэнгэр байнаа. Одоо би өдөр болгон амьдралынхаа сүүлчийн өглөөгөөр өглөөг угтаж сүүлчийн амьсгалаа татсан тэр мөчид далавчаа хумьдаг. Өдөр болгон гэр бүлээ сэтгэл зүрхээрээ хоосрон үгүйрч, нулимстай нүдээр зургийг минь ширтэн чимээгүйхэн сууцгаахыг хардаг золгүй сахиусан тэнгэр байнаа. Ээж, аав минь уйлахаа болих цагт л би гуниглахгүй болж байх ёстой газар луугаа очиж эргэн бяцхан охин болж төрөх өдрөө хүлээнэ. Даанч энэ хүмүүс миний аав, ээжийг бүр ч их уйлуулж зовоох учир би хэзээ ч тэднийг орхин нисэж чадахгүй юм даа. 
Тэдний уйлан гаслах чимээ зүрхийг минь зүсэвч түүнээс илүүтэйгээр хөөрхөн дүүгийн минь намайг нэхсэн гомдолтой харц зургийг минь ширтэн "Аниа” гэж шивнэх нь бүр ч хэцүү. Ээжийн өврөөс илүүтэй миний өвөрт унтах гэж ирдэг, булбарай гараараа тэврэн хацар шүлтсэн үнсдэг нойтон хошуу нь өмнө нь зул асаасан зургийг минь үнсэх гэж байгаад хөөрхөн хошуугаа түлчих юм. Уйлахдаа ааваа, ээжээ гэж биш "аниа” гэж гэр дүүрэн орилоход тэд бүр ч их тавгүйтэх нь өрөвдөлтэй. Өмнө нь би айлын хүүхдүүдийг их өхөөрдөж тоглодог байлаа. Харин ээж надад өөрийн өмч болох дүү төрүүлж өгснөөс хойш би бүр их завгүй, бүр илүү том болов. Дүүдээ шүд угаах, аяга хураах, хувцсаа эвхэх, хүнтэй зөв мэндлэх, аав ээждээ удирдлага, сонин дөхүүлэх, эгчийгээ гэрээ цэвэрлэж байхад томоотой байх гээд бүхнийг зааж өгдөг. Бас дуу дуулж өгнө. Хамтдаа дуулна. Дуулдаг хүн, дуунд дуртай хүн их уяхан сэтгэлтэй, хүнлэг нэгэн болдог гэж багш минь хэлдэг. Миний дүү намайг дуулахад шагнал медалиудыг минь зүүж дагаад л орилчихно. Ёстой инээдтэй. 
Аав нэг удаа дүүгээ чи хэрхэн яаж хүмүүжүүлснээр яг тийм л хүн болно гэхэд нь дүүгээ энэ дэлхийн хамгийн ухаантай, тусархаг, энэрэнгүй зөөлөн эр хүн болгоноо гэж шийдэж билээ. Тэгэхийн тул өөрөө үлгэр жишээ, сайн эгч байх ёстойг ойлгосон. Миний гэр бүлийн аз жаргалтай, хөгжилтэй, инээд дүүрэн өдрүүд үргэлжилсээр байтал...
Бид миний амьдралын сүүлчийн өглөө ердийнхөөрөө сэрэхэд аав, ээж ажилдаа явсан байв. Бид хоёр цайгаа уугаад, гэрээ цэвэрлэж дараа нь өдөржин дүүтэйгээ дуулж, тоглож гүйсээр худаг хаах цагийг ч анзаарсангүй. Бид үргэлж хамт усанд явдаг. Худаг дээр ангийн охидтой тааралдсан чинь бүгд хичээлийн бэлтгэлээ хангасан ийм ч юм авсан тийм ч юм авсан гээд бөөн яриа өрнөлөө. Энэ жил би гэнэт их өсөж, бас нэлээн таргалсан тул шинэ дүрэмт хувцас авах нь тодорхой. Бас биеийн тамир хувцас ч барьж таардаг болсон гээд хэрэг алга. Тэд надад ямар цүнх авснаа утаснаасаа зургийг үзүүлж адилхан цүнх авахгүй байхаар тохиролцоод саллаа. Удалгүй ээж утасдаж "Дүүгээ эмээдээ үлдээгээд хүрээд ир ээж нь энд гоё цүнх харсан. Таалагдвал миний охин авах уу” гэлээ. Би ч бөөн баяр. Тэгэлгүй яахав хайрт ээж минь, мэдрэмжтэй, ухаалаг шүү та минь гэсээр дэвхцэх нь холгүй баярлаж дүүгээ тэврэн үнслээ.
Дүүгээ эмээгийнд оруулж өгөөд гарах гэтэл дүү минь бие засна гэж орилов. Тэр бөгсөө арчиж сураагүй ба заавал надаар арчуулж, бие засаж дуустлаа нь хажуудаа байлгадаг. Бас дуул дуул гэж шаардахыг нь яана. Тайзан дээр дуулж, алга ташуулж, цэцгийн баглаа, алтан медаль авдаг би гагцхүү дүүдээ бууж өгч бие засаад сууж байхад нь аргагүй шахалтаар дуулж өгөхдөө инээд ч хүрэх ч шиг уур шиг. 
Эмээгээс бие засаж дуустал нь хажууд нь байж дараа нь арчаад өгөөрэй би явлаа гэхэд дүү гараас атгаад явуулахгүй гэж уйлав. Хичнээн тайлбарласан ч ойлгох шинжгүй уйлахад нь уур хүрлээ. Уг нь "Эгч нь удахгүй ирнэ” гэхэд "Заа” гээд үлддэг дүү минь тэс өөр ааш гаргаж уйлахад нь эмээ бид хоёр гайхав. Гэтэл эмээ "За яв яв” гэсээр дүүг тэврээд авахад би ч гарч гүйлээ. Булан эргэтэл гудамжинд дүүгийн уйлах нь сонсогдоход нэг л таагүй санагдаж жаахан зав гаргадаг байж уу гэж бодоод эргээд гүйх гэтэл хөрш айлын Амраа ах тааралдав. Амраа ахыг манай гудамжныхан их сахилгагүй гэж ярьдаг ч надтай тааралдах бүртээ элдэв хөгжилтэй юм яриад үргэлж инээлгэдэг. Амраа ах утсаараа нэг яриулчих гэхээр нь утсаа өглөө. Гэтэл чи их сайн хүүхэд, тэрүүхэн тэнд нэг газар манай найзын бие нь өвдөөд хэвтэж байгаа тэр ээж рүүгээ утсаар ярих гэсэн чинь бидэнд харин утас байдаггүй. Хамт очоод утсаараа нэг яриулчих гэхэд нь яарч байгаагаа уг нь хэлсэн л дээ. Амраа ах утсыг минь халааслаад цааш явахад нь аргагүй дагаж яг ямар өвчтэй, яагаад ээж нь хол байгааг асуулаа. Бүхнийг сонсоод түүний найзыг их өрөвдсөн. Би өөрөө ээжээсээ хол нэг ч удаа байж үзээгүй болохоор төсөөлөхөд бэрх байв. Амраа ах "Чи сайн охин. Тэр найзад минь тусалчих” гэхэд нь би хэрхэн татгалзах билээ.
Бид явж байтал нэг найз нь дэлгүүрээс гарч ирлээ. Амраа ахын сайн найз гэв. Бид цаашаа өвчтэй найзынхан тухай ярилцсаар байгаа газар нь ирэхэд Амраа ах манай найз ээжтэйгээ удаан яриагүй болохоор бараг арван минут ярина байх чамд тийм нэгж бий юу гэлээ. Аав, ээж минь хүнд хэрэгтэй үед нь заавал тусалж бай гэж сургасан тул би нэгжээ харамласангүй. Гэхдээ найз нь эмнэлэгт биш буудалд байгаа гэхэд нь гайхсан ч өмнө нь миний таамгаар бол буудалд ядарсан хүмүүс, нойр нь хүрсэн хүмүүс орж унтдаг гэх ойлголттой байсан тул юу ч бодсонгүй. Харин Амраа ахыг архи авахад нь найздаа ундаа авахгүй юмуу гэлээ. Тэд надад өвчтэй хүнд архи сайн. Өвчнийг нь дардаг л гэсэн. Миний өмнө нь үзсэн кинон дээр нэг өвөө орой бүр өвдөхдөө ясанд сайн гээд нэг архи ууж байхыг харсан болохоор бас л тоосонгүй. Харин ч бүхнийг ойлгож өрөвдөж тус болох гэж буйдаа би үнэхээр баяртай бас өөрийгөө баатарлагаар төсөөлөв. 
Харин буудлын өрөөнд ороход хэн ч байсангүй. Өвчтэй найз чинь хаана байгаа юм бэ гэсээр эргэн хартал нүдэнд оч маналзаад тархи дүүрээд явчихсан. Би газар уналаа. Нэг нь дээгүүр алхаж "орон дээр гаргачих” гэх нь сонсогдсон. Нэг мэдэхэд миний амруу гашуун юм хийж би хахаж цацаж сэргэх гэж хичээв. Ээж хүлээж байгаа гэж эсэргүүцэх оролдовч яаж ч чадаагүй. Миний утас ширээн дээр байсан, тийшээ гараа сунгах гэтэл Амраа ахын найз нь цохих гээд далайх нь харагдсан удалгүй хамар, уруул халуу шатаад хүзүү дагаад шингэн юм урссан. Цус байх. Би дуугарах гэтэл Жавхаа гэж дуудсан ах аман дээр дарахад надад амьсгалахад хэцүү болж аль чадлаараа тийчгэнэхэд нэг нь доогуур миний өмдийг тайлах гэж оролдсон. Амраа ахын нүд миний таньдаг нүд биш тэс өөр аймшигтай харц, ёжтой инээмсэглэл тодров. Би айсан. Өмнө нь намайг инээлгэж хөгжилтэй зүйл ярьж явдаг ах биш араатан юмуу, аймшгийн кинон дээр гардаг муу хүн шиг болчихсон . Тэгээд "онгон байх ёстой” гэхэд нь нөгөө ах "одоохон мэдчихнэ” гэж ярцгаалаа. Би амьсгалж чадахгүй байсаар сүүлдээ эсэргүүцэх тэнхэл ч тасрав. Алс хол хуур, ятгын эгшиг эгшиглэсэн. Энэ бол миний дуу дуулдаг эгшиг. Намайг дуулахад эмээ, ээжийн минь нүдэнд баярын нулимс дүүрч, аав аяархан алгаа ташиж суудагсан. Та нар минь ирээд намайгаа аваач дээ. Ааваа, миний хүчтэй ааваа энэ ах нарыг надаас холдуулаач гэж аврал эрлээ. Нэг сэрэхэд хамаг бие шархирч өвдөж хэвлий тэсэхийн аргагүй өвдсөн. Энэ дэлхийд ийм өвдөлт байдаг гэж үү. Тэд нар инээлдэж "цусыг нь арчаач” гэж Амраа ахын дуу гарахад хаалга онгойв. Би орилох гэж хичээсэн ч хоолой маш их хөндүүртэй тул дуугарч чадсангүй. Миний хийж чадах хүч хурууны үзүүрээ хөдөлгөх. Цонхны цаана орой болж шонгийн гэрэл асжээ. Нэг нүд минь сохорсон бололтой нээгдэхгүй юу ч харж чадахгүй байлаа. Бас нэг ах ирсэн байсныг би яаж мэдсэн бэ гэвэл тэр ах намайг үнсэж миний дээр гарч дахин намайг өвтгөж эхлэхэд. Тэдэнд бүх зүйл хөгжилтэй санагдаж үргэлж инээлдээд л байх юм. Бүсэлхийнээс доош хэвлий давсаг гээд тэсэхийн аргагүй их өвдсөн. Би болиоч гэж зөвхөн уйлж буй нулимсаараа л хэлж чадсан. Гэтэл тэр ах бүр их өвтгөсөн. Дүүгээ үнсдэг уруулыг дээр минь хүртэл үнсэж амруу шүлсээ хийсэн. Би дараа нь яаж дүүгээ үнсэх юм бэ гэж бодсон. Тэр гурав гурвуулаа намайг адилхан өвтгөсөн. Эцэс төгсгөлгүй их өвдөлт, ээлжлээд ээлжлээд л өвтгөөд л байх юм. Дүүгээ бие засуулаад өмдийг нь татаж өгөөд явдаг байж дээ гэж их харамссан. Араас уйлаад үлдсэн дүү минь цонх руу хараад орой болсон атал ирээгүй надад уурлах болов уу.Ээж намайг хүлээж ядаад гэртээ харьсан болов уу гэж харамсав.
Гэтэл миний утас дуугарсан. Ээж залгаж байна. Аав ирж байна. Баярласан би гараа тэр зүгрүү сунгах гэтэл нэг нь тархи руу цохиж үүнээс хойш би түнэр харанхуйд төөрсөн. Гэхдээ амьсгалж зүрхнийхээ цохилтыг тэртээ тэнд чагналаа. Яаж ийм их өвдсөн биетэй хичээлдээ явах билээ. 9сарын 1 хүртэл миний өвдөлт зүгээр болбол сонгож авсан гоё цүнхээ үүрээд явна даа. Ангийнхандаа шинэ сурсан англи дуугаа дуулж өгнө. Өглөө л хурдан болоосой гэж залбирсан ч миний амьдралд дахиж өглөө айлчлан ирэх тэр ах нараас шалтгаална гэж үү. 
Шөнө дунд байсан байх. Арай гэж нүдээ нээгээд хажуу тийш харлаа. Нэг нь намайг тэвэрчихсэн, нөгөө хоёр нь эсрэг талын орон дээр хурхираад их амгалан тайван унтаж байв. Ширээн дээр утас байсан хэвээрээ. Энэ л миний зугтах ганц боломж гээд өндийх гэтэл би чадаагүй. Хуруу минь ч хөдлөхгүй болсон байв. Үүр цайх хүртэл би нулимсаараа тусламж дуудлаа. Амьсгал авах гэтэл хамар эвгүй дуугарч намайг тэвэрч унтсан ахыг сэрээчхэв. Чихээ аманд наахад би үхтлээ айсан. Тэгээд амьсгалахгүй гэж түгжсэн. Дараа нь зүрхэнд гараа тавихад би яаж зүрхээ цохилуулахгүй байлгаж чадах билээ. Тэгээд миний амьд байгаа нь баригдсан. Орон дээр зогсож байгаад хөлөөрөө ходоод гэдэс рүү дэвсэхэд миний сүүлчийн нулимс дуслаа. Миний амьд байгаа нь тэр ахын уурыг их хүргэсэн бололтой. Аймшигтай улангассан нүдийг нь би харахаас айж нүдээ аньж эцэст нь сүүлчийн амьсгалаа татсан. Зүрх ч гэсэн өвдсөндөө болоод цохилохоо болив. Чив чимээгүй болсон. Би ингээд л үхчихсэн юм.
Хэрвээ дүүгээ бие засуулж дуустал нь хажууд нь өмнөх шигээ дуу дуулж суусан бол хэдэн хором өнгөрч Амраа ахтай гудмын өнцөгт тааралдах хувь тавилангаас мултрах л байж дээ. Дүү минь зөнгөөрөө намайг явуулахгүй гэж тэгж их уйлсан юм болов уу. Миний дүү эгчийгээ уучлаарай. Хэзээ ч иргэж ирэхгүй эгчийгээ нэхэж уйлснаас дуу сонс, дуул дуул тэгээд энэ дэлхийн хамгийн сайн эр хүн болж охидыг, эмэгтэйчүүдийг муу ах нараас хамгаалагч зоригтон бол. Миний дүү чадна. Битгий уйл даа хонгор дүү минь.
Хүмүүс минь ээ аав, ээжийн минь нулимсыг үзэх гэж хурц үзэг, муухай үгээрээ нэгэнт хоосорсон зүрхийг цус шүүртэл битгий сийчээч гуйж байна...

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top