Төрийн ордон тойрсон авилга, хээл хахууль гээд бүхий л муу муухайн үүр уурхай болжээ. Ёстой л Италийн олон ангит "Наймаалж” гэх киног бодитоор нь харж үзэж байна гэхэд буруудахгүй биз.
Сүүлийн үд ЖДҮ дэмжих сангаас хөрөнгө мөнгө завшсан улстөрчид тэр дундаа сайд дарга нарын хулгай ээлж дараалан илэрч олны хэл ам болоод байна.Тэдний нэг ХХААХҮ-ын сайд Б.Батзоригыг өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцруулах тухай
УИХ-д өргөн барина гэсэн. Гэтэл "Би зээл аваагүй. Энэ бол гүтгэлэг” хэмээн гүрийж үзсэн Б.Батзориг сайд маань үүнтэй давхцан хариуцлага хүлээж сайдын ажлаа өгөхөө мэдэгдлээ. Харин дараагийн хариуцлага хүлээж ажлаа өгөх нэрийдлээр уснаас хуурай гарах сайд дарга хэн бол.
Нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэрээр хэн нэгнийг ажлаас нь чөлөөлөх замаар нийгмийг дургүйцлийг хямдхан дардаг аргыг өнөө хүртэл улстөрчид хэрэглэсээр...
Гэтэл гадны хөгжилтэй улсад суудлаас нь буулгах битгий хэл улсынхаа ерөнхийлөгч байсан хүнээ шоронд хорьж эд хөрөнгийг нь хурааж шийтгэдэг. Харин манай улсад толгойг нь илээд дараа сонгуульт ажилд орох зам мөрийг нь цэвэрлээд үлддэг гаж тогтолцоотой болоод удлаа.
Уг нь У.Хүрэлсүх ерөнхий сайд та эрс шинэчлэл хийнэ, ард түмний засгийг байгуулна хэмээн амлаж энэ суудалд суусан. Гэтэл өнгөрсөн хугацаанд танай танхимын сайд нарын төрөөс хумсалсан хулгай ээлж дараалан зарлагдаж иргэд ард түмний дургүйцлийг хүргэж байна. ХХААХҮ-ын сайд Б.Батзоригийг суудлаас нь буулгаснаар гал намжаана гэж бодож байгаа бол санасны гарц биз ээ. Ерөнхий сайд аа!!!
Ч.Мөнхбат
BOLOD.MN