БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй "Ногоон паспорт” аяныг Лондонд төвтэй Дэлхийн ногоон байгууллагын "Байгаль орчны үндэсний хэмжээний Засаглал-2018”, мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг "Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан гэнэ. Эдгээр шагналыг нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Н.Цэрэнбатад гардуулж өгч буй мэдээлэл төлбөртэй мэт тарж байна.
Хэнийг даапаалаад байгаа шагнал вэ. Монгол Улсад агаарын бохирдлоос шалтгаалан жилд 4000 гаруй хүн нас барж, агаарын бохирдол нь харвалт, зүрх, судасны өвчин, уушгины хавдар болон амьсгалын замын өвчний шалтгаан болж байна. Мөн уушгины хатгалгаагаар нас барж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь агаарын бохирдлоос үүдэлтэй бөгөөд 100 мянган хүн тутамд ногдох агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралтын тоо 132 буюу дэлхийн дунджаас 1.4 дахин их байна гэж Үндэсний аудитын газраас хийсэн "Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитын тайланд дэлгэрэнгүй бичсэн байна.
Агаарын бохирдлын хорт хийн агууламж нь цочмог ба архаг бронхит, уушгины үрэвслийн өвчлөлд шууд хамааралтайг эрдэмтэн судлаачид хэдийнэ тогтоочихсон. Улмаар уушгины хорт хавдар болон өөр олон төрлийн өвчин ихсэх, хүүхэд, 65-аас дээш насны хүмүүсийн дархлаа суларч өвчлөх нэг шалтгаан болж байгааг ч Шинжлэх ухааны академиас тайлбарласан байдаг. Тийм атал агаарын бохирдолтой тэмцэх алхам нэгээр ч урагшлаагүйгээр үл барам өнгөрсөн 10 жилд хорт бодисын агууламж стандартад заасан хэмжээнээс тогтмол өндөр байгаа нь хүн амын дунд халдварт бус өвчлөл буюу амьсгалын замын тогтолцооны болон зүрх судасны архаг өвчний тэргүүлэх шалтгаан болж байгааг Н.Цэрэнбат сайдтан та мэдэж байгаа юу.
2008 оныг 2016 онтой харьцуулахад 10 мянган хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин 1.7 дахин, амьсгалын тогтолцооны өвчин 1.6 дахин нэмэгдсэн гэж байсан бол өнгөрсөн онд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран гаргасан мэдээлэлд 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом буюу 2.7 дахин нэмэгдсэн гэж дүгнэсэн, эрхэм сайд аа.
Уушгины үрэвсэл тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан болж, бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгааг ч тогтоосон байна. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд эрүүл мэндийн салбарын эдийн засгийн ачаалал 33 хувиар нэмэгдэх судалгааг судлаачид мөн хийжээ. Энэ тоо баримтыг төрийн аудитаар дахин баталж, гаргаж ирсэн байгаа. Мөн ДЭМБ-аас улс орнуудын тоосонцрын жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулж, тэдгээрийн агаарын бохирдлын түвшинг илэрхийлсээр ирсэн бөгөөд Монгол Улсын хувьд энэ үзүүлэлт зөвлөсөн хэмжээнээс 6-10 дахин өндөр байна.
Ийм нөхцөлд өөрсдийгөө юу хийсэн гэж Олон улсын байгууллага руу тодорхойлолт явуулж, Ногоон элч гэх өргөмжлөл авч байгаа хэрэг вэ. Эрхэм Н.Цэрэнбат сайд танаас үхтэл ичнэ гээч болж байна. Юун "Дэлхийн ногоон элч” вэ. Иргэдийнхээ амь насанд аюул заналхийлүүлсэн ийм улсаас Ногоон элч залж, өргөмжилсөн яачихсан Олон улсын байгууллага гээч вэ?! Андуураад явуулсан шагнал байх, бушуухан нууж далд хийгээд утаатайгаа тэмцсэн дүр эсгэ, ядаж.
Niigmiin toli