"Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа даа. Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа” Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.
– Еэ! Ашгүй дээ, ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
– Хэн бэ?
– . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
"Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
– Хэн бэ? Чи
– Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
– Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.
Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь бүх л юмнаас нэлэнхүйдээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу "махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм эхүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
"Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байгаа нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
– Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
"Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .
Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармаар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амсхийв.
"Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр аньсаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
"Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би үүнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”
Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдүүдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцсыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажмаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.
"Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцсыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлхийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чаддаггүйдээ өөрийгөө л буруутгана. Салаад явъя гэхээр хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахин санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй "жаргалтай” уйлж сууна.
"Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буурь зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд "Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.
"Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсан сан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахин мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
– За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огисонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж "гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсрахыг хүртэл сургаа биз.
"Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
"Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж чамтай амьдарсан. Түүнээс биш шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж чамтай ханилаагүй. Хурдхан шиг энэ балиар юмыг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арчсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцсыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
"За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцсаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийнхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь
– Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь тогтож харж байгаад яг том хүн шиг асуулаа.
– Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
"Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
"Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцсаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
– Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
– Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
– Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
– Аанхаан, дуртай шүү.
"Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задлахаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг нь хараад инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн өхөөрдөн харна.
"Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
– Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
– Аавд өгчихөөрэй гээд бослоо.
– Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
– Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.
"Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уучлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч унтдаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв. Түүнийг харж зогссон бүсгүй
– Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас "аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
– Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
"Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхрөлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг сул нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Одоо түүнийг хөндлөнгөөс нь харвал "Аав ээжийн энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.
Зохиолч: Түмэнбаярын Бум-Эрдэнэ