|

Хакухо: Соль гэхээр л сольчихдог зүйл иргэншил биш ээ

bayaraa 2015/01/06 4206 499

Хакухо: Соль гэхээр л сольчихдог зүйл иргэншил биш ээ Ж.Мөнхбат аваргын бага хүү М.Даваажаргал Японы сумогийн хамгийн агуу аварга болоход хэдхэн сар л үлдээд байна.

Тайхогийн 32 түрүүтэй эн зэрэгцсэн, мөн одоогоор тасархай харагдаж байгаа тул 33-аар ч тогтохгүй, 40 лав түрүүлнэ гэж Японд ч, Монголд ч сумо сонирхогчид эргэлзэхгүй байгаа.

 

Олон зүйлийг оршил болгон нуршилгүй Хакухогийн талаар Монголд саяхан хэсэг шуугиад өнгөрсөн бол бас хэд хоног Японд ч яригдаад өнгөрсөн иргэншлийн тухай асуудлыг дурьдая.

Японы www.news-postseven.com цахим хуудаст Хакухогийн иргэншлээ солих эсэх тухай бичихдээ түүнийг Монголдоо үлдэхийг цаагуураа хүсч байгаа гэжээ.

"Хакухо Кюүшюү башёд түрүүлснийхээ дараагаар сумогийн ордонд монголчууддаа хандаж, монголоороо үг хэлсэн. Мөн Японы Эзэн хаанд үргэлж талархаж явдгаа илэрхийлсэн. Агуу амжилтад хүрч чадсан Хакухо сумогийн холбоонд ч нэр хүнд сайтай, бас нөлөөтэй нэгэн. Тиймээс тэрбээр өөрт нь тусгай эрх олгож, иргэншлээ солилгүйгээр ояката болохын тулд хаанд хүртэл талархлаа илэрхийлж, ард түмний сэтгэлийг татахын тулд сумогийн ордонд зориуд тэгж үг хэллээ. Энэ нь түүнийг Монгол улсынхаа иргэншлээс татгалзахгүй гэдгийг л харуулж буй явдал” гэх утгатай нийтлэлийг дээрх цахим хуудаст өгүүлжээ. Энэ мэт маш олон нийтлэл Японы хэвлэлээр "урсаад” өнгөрсөн.

 

 

Гэвч Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми "Японы иргэн л дэвжээний ояката болохыг зөвшөөрдөг олон жилийн уламжлалыг хэвээр нь авч үлдэх эрхэм” гэж Хакуход сануулсан юм. 

 

Хакуход нэг мөрөөдөл байдаг нь сумогийн шилэн сургууль байгуулах. Шилэн сургууль гэдэг нь сумочдын бэлтгэл хийж буй нь гаднаас шууд харагддаг байхыг хэлж байгаа юм. Гэхдээ энэ шилэн сургуулиа Токиогийн баячуудын гэгддэг Гинза дүүрэгт байгуулахыг тэр хүсдэг. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотод тооцогддог Японы нийслэлийн баячуудынх нь дүүрэгт сумогийн ордон барих хэмжээний том газар авна гэдэг бидний тархинд бол багтахааргүй их мөнгө. Хакухо энэ шилэн сургуулийг байгуулахыг тэмүүлдэг нь Японд өвгөд, ахимаг насныхны л үзвэр болчихоод буй сумог залууст сонирхолтой болгож, залуусыг татах гэсэн хүслээс нь үүдэлтэй. Мөн дэлхийд нэр нь цуурайтсан алдарт аварга болгож өгсөн сумод талархлаа илэрхийлж, ачийг нь хариулж буй нь юм.

 

М.Даваажаргал гэж хэдхэн хүний л танил явсан бяцхан хүүг дэлхийн хүн болгож, Хакухо гэж алдаршуулсан зүйл бол яах аргагүй сумо, тэгээд Япон улс. Гэхдээ Хакухо М.Даваажаргал аатай монгол аваргын удмыг залгасан хүү тул эх орныхоо иргэншлээс татгалзахыг хүсэхгүй явсаар өдийг хүрсэн. Тэр Монголоороо байхыг, Монголоороо дуудуулахыг их хүсч буй нь илт. Одоо монгол сумочдоос хэд хэдэн бөх аль хэдийнэ Японы иргэн болчихоод яваа. Харин Хакухо Монголоороо л яваа…

 

Өнгөрсөн есдүгээр сарын башёд Монголдоо ирээд явахад нь "Өнөөдөр” сонины сэтгүүлч түүнээс ярилцлага авахдаа иргэншлээ солих асуудал заавал гарч ирэх талаар яг онож асуусан юм билээ. Тухайн асуултад Хакухо хэрхэн хариулсныг танд хүргэе.

 

"… -Олон зууны түүхтэй Японы үндэсний бөхийн хамгийн дээд цолонд хүрсэн хүний хувьд асар өндөр хариуцлага нуруун дээр тань байдаг тухай ярилаа. Магадгүй таныг зодог тайлах болоход дараа дараагийн залгамж халаагаа үлдээх, дэвжээний бөхөө бэлтгэх үүрэг хариуцлага ч нэхэгдэх болов уу. Гэтэл тэр үүргээ биелүүлэхийн тулд заавал Японы иргэн байх шаардлагатай гэсэн дүрэмтэй учраас таныг ямар сонголт хийх бол гэж олон хүн сонирхож байгаа. Та энэ сонголтын талаар бодож эхэлсэн үү?

 

-Япончууд ч надаас ингэж асуудаг л даа. Эрт, орой хэзээ нэгэн цагт намайг зодог тайлах болоход Япончууд зүгээр л Монгол руу хариулчихгүй байх. Ямар нэгэн байдлаар авч үлдэхийг л хүснэ.Зөвхөн Сүмогийн холбоо ч биш, намайг дагадаг дэвжээний бөхчүүд маань, сүмог шимтэн үздэг мянга мянган хүн үүнийг хүсэж байгаа болов уу. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн юм гэж боддог. Энэ сайхан Монгол орныхоо хүү нь болж төрөөд, Их наран улсад сүмогийн ач тусаар амжилттай явж байгаадаа хязгааргүй баярладаг. Хоёр улсын хооронд ажиллаж, амьдрах боломж хэр баргийн аавын хүүд тохиохгүй байх.

 

Тиймээс энэ боломжоо ашиглаад Япон, Монгол хоёр улсын хооронд өөрийнхөө чадах зүйлээр гүүр болъё л гэж боддог. Тэр нь сүмо. Сүмог надаас салгахын аргагүй. Тиймээс сүмогоороо багшилдаг байна уу, ямар ч гэсэн энэ спортдоо хүчин зүтгэнэ. Энэ бол миний үүрэх ёстой хариуцлага, бас сүмогийн надад өгсөн хүндлэл юм даа. Одоогоор би өөрийн гэсэн гурав, дөрвөн шавьтай.

 

Цаашид хэрхэх тухай одоо ярих нь арай эрт байна. Гэхдээ "Гадаад хүн Японы иргэншилтэй болж байж сүмогийн холбоонд үлдэнэ” гэсэн энэ дүрэм бол Сүмогийн холбооных болохоос Япон улсынх биш. Тиймээс энэ дүрмэнд өөрчлөлт оруулж болно. Японд арван жил амьдрахаар байнга оршин суух эрх олгодог. Мөн дээрээс нь 20 жилийн турш, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан тохиолдолд заавал иргэншил солихгүйгээр Сүмогийн холбоонд үлдэж болно гэдгийг би хүмүүст хэлж байгаа.

 

Яагаад гэхээр гадаад, дотоодынх гэлтгүй сүмогийн бөхчүүд бүгд л Япон соёл, уламжлал, зан заншлыг хамгийн сайн мэддэг, хүндэлдэг, хайрладаг гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээдэг. Энэ маань ч үр дүнд хүрч, олон хүн "Нээрээ тийм юм байна шүү” хэмээн ойлгож эхэлж байна. Тэгээд ч сүмог илүү их үзүүштэй, өрсөлдөөнтэй болгодог гол хүчин зүйл нь гадаадын бөхчүүд байдаг.

 

Саяны башёгийн үеэр гэхэд л 14 өдрийн турш үзэгчид пиг дүүрэн байлаа. Энэ мэтээс хараад Сүмогийн холбоо дүгнэлт хийж, хэдэн жилийн дараагаас дүрмэндээ өөрчлөлт оруулах байх. Сүмогийн тэр олон орны бөхчүүдийн цаана эх орон, ард түмэн нь өндөлзөж байдаг. Гэтэл тэр хүмүүсийн хувьд иргэншлээ солино гэдэг бол асар хүнд асуудал. Соль гэхээр л сольчихдог зүйл биш л дээ.

 

Нэн ялангуяа, манай Монголчуудын хувьд бүр ч хэцүү. Бид чинь бахархах түүхтэй их гүрний, дэлхийд зартай эзэн хаадын үр сад.

 

-Тэр тусмаа Монгол түмний хайрлаж, хүндэлдэг Мөнхбат аваргын хүү иргэншлээ солих дээрээ тулбал их л хэцүү байх даа. Хэлэх гэсэн үгээ хаана ч, хэний ч өмнө түс тас хэлчихдэг аварга маань хүүгээ яагаад захирч чадсангүй вэ гэж халаглах хүн захаас аваад гарна.

 

-Тэгэлгүй яах вэ. Аавыгаа амьдад тэгж нэр, нүүрийг нь барахгүй юмсан гэж боддог. Магадгүй нас эцэслэсэн хойно нь ч ясыг нь өндөлзүүлэхгүй байхыг хичээдэг…” гэж Хакухо хариулсан юм.

 

Эндээс түүний юу бодож санаж яваа нь шууд ойлгогдоно. Хакухо Монголоосоо ч татгалзахгүй, сумог ч орхихгүй тэр алтан боломжийг л өөртөө гаргаж, ашиглахыг хичээж, тархиа ажиллуулж яваа ажээ.

 

Эхлээд түүхэн амжилтыг эвдэх, дараа нь чинээнд нь тултал ахиулах, тэгсний дараагаар сумогийн түүхэн дэх хамгийн агуу амжилттай аваргыг харж үзэх л байх гэж Хакухо найдаж яваа бололтой. Гэхдээ зүгээр л найдаад явах биш тэр найдлагаа бодитоор хэрэгжүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийж буйг сумогийн ордонд хэлсэн үг нь илтгэж байна.

 

Арлын оронд алдарт хүрсэн ч эх орныхоо энгүй хэрнээ эгэл нэгэн хөвгүүний сэтгэлийг монголчууд бид ч ойлгож, дэмжих ёстой биз ээ. Эцэст нь Хакухогийн сумогийн ордонд монголчууддаа хандаж монголоороо хэлсэн үгийг хүргэе.

 

"Бөртэ чоно, гоо марлын удмын хүү би, өөрийн хайртай Тайхо аваргын ачийг биелүүлж, амжилтад нь хүрсэндээ, Монголын ард түмэндээ эвтэй байвал хүчтэй байж юманд хүрч чаддаг юм аа гэдгийг харуулсандаа баяртай байна”…

Эх сурвалж: www.horom.mn Р.ГЭГЭЭ

Санал болгох

Сэтгэгдэл

top