|

Б.Лхагвасүрэн: Би даруу хүн биш, яавч биш, би мөрөөрөө хүн

bayaraa 2015/01/06 4338 424

Б.Лхагвасүрэн: Би даруу хүн биш, яавч биш, би мөрөөрөө хүн Төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.Түүнийг олон сэтгүүлч "мөлжсөн"

 ч давтагдашгүй яриа гарсаар л байдаг. Энэ удаа ч бас түүнийг өөрийнхөөрөө нээлээ. Тамхиа хөл доороо хайрцгаар нь тавьчихаад, ээлжит нэг нь ирж байцаадгаараа байцаах нь гэсэн янзтай "За юу асуумаар байна" гээд тамхиа асаав. Урилга заллагыг утсаар болон биеэр ирж хүргэх хүний хөл тасардаггүй бололтой. Хань С.Баасангаас нь "Танайд хүн их ирдэг байх аа" гэхэд "Найгүй" гээд толгой сэгсрэв. Ингээд ярилцлагаа хүргэе.

-Та өчигдөр нутаг яваад ирэв үү. Ер нь ойр ойрхон явдаг гэсэн байх аа?
.-Тураг эцэхээрээ уулаа гэгчээр нутгаа л их бодох юм. Шалтаг л гарвал нутаг явмаар санагдах болсон. Нас ахихаар тэгдэг байх л даа.
 

-Нутгийн айлуудаараа ордог уу?
-Айл хэсдэггүй ээ. Ойрын ах дүүсээрээ л ордог юм.
 

-Саяхан би таны аавынхаа талаар бичсэн дурсамжийг уншсан.
-"Нулимстай дурсамж" гэдэг юм.

-Таны уран бүтээлийн хэдэн хувь нь аавын тухай байдаг бол?
-Намайг уран бүтээл хийж байхад аав, ээж хоёр минь хамт туурвидаг байх гэж би боддог шүү. Тиймээс аав минь миний бүтээл болгонтой хамт байсан. Тэр хоёр намайг хүн болгоогүй бол би юугаа бүтээх вэ дээ гэж бодохоор үргэлж дэргэд минь байгаа мэт санагддаг. Бид гурав элбэж уран  бүтээл хийдэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна вэ?
-Энэ жил "Зовсон сүү" гэж нэг ном гаргасан. Тэр номынхоо дараа "Хүнд манан" гэж шүлгийн ном гаргах гэж байна. Би ер нь зүгээр сууж чаддаггүй юм. Миний явах нь бага, суух их байна шүү дээ.

-Албаны ажил хийж байна уу?
-Одоо тэтгэвэрт гарлаа даа. Энд тэнд зөвлөх ажил байх юм. Олон газар намайг "хэрэглэдэг" л дээ. Би бас тэднийг "хэрэглэдэг". Уран бүтээлийнхээ завсар чөлөөгөөр "Монгол тулгатны 100 эрхэм"-ийг хийж байна.

-Тэр нэвтрүүлэг дуусах дөхөж байгаа юу?
-Болоогүй ээ. 40 гарч л байгаа байх. Зүгээр суухгүй юмсан. Амьддаа үхэхгүй юмсан гэж их бодох юм.

-Хажуугаар нь ном их уншиж байна уу?
-Уншихгүй байна гэдэг бол үхнэ гэсэн үг шүү дээ. Залуу зохиолчид номоо их өгнө. Би заавал уншдаг. Орчин үеийн залуус юу хийж байна вэ гэдгийг мэдэж байх ёстой. Өөрийнхөө он цагийг мэдэрч амьдрах ёстой гэж боддог. Аминдаа их завгүй л байх юм. Тэтгэврийн өвгөн завгүй байна гэхээр инээдтэй байх.

-Редакторлуулах ажил их ирэх үү?
-Өгнө өө. Оршил бичих, дууны шүлэг гээд элдвийн юм ирнэ.

-Сүүлд та ямар ном уншив?
-Хамгийн сүүлд Өвөрмонголын Алтан-Очир гэж хүний бичсэн Чингис хааны байлдан дагууллын тухай номыг харлаа.

-Та хүн их уйлуулах юм. "Монгол тулгатны зуун эрхэм"-д орсон хүн болгон бараг уйлдаг. Харин өөрөө нулимс хэр ойрхон хүн бэ?
-Сэтгэл нь хөдлөөд л уйлдаг гэж боддог. Ер нь хүн худлаа уйлж болдоггүй, харин худлаа инээж болдог. Би бол их уяхан хүн шүү дээ. Гэхдээ дагаад уйлаад байхгүй юм л даа. Тэвчих юм. Түүнээс биш уйлчихмаар агшин зөндөө л байдаг.

-Өөрийг тань нэвтрүүлэгтээ орно гэж байсан.
-Бичиж л байгаа. Жаахан азнадаг юм уу л гэж бодож байна.

БИ НЯЛУУРАХЫГ ХАЙР ГЭЖ БОДДОГГҮЙ. МАРТАХГҮЙ БАЙХЫГ ХАЙР ГЭНЭ
-Дандаа л болж бүтэхгүйн тухай ярих болсон энэ үед тантай сайхан зүйлийн талаар ярилцвал яасан юм бэ гэж бодсон. Аавынхаа тухай "Нулимстай дурсамж"-ийг уншсанаас улбаалаад, таны үр хүүхдээ хайрлах хайр ямар байдгийг асуухыг хүссэн юм.
-Хайрын удиртгал нь хүндэтгэл шүү дээ. Үрийг, настныг, сайн нөхдийг ч гэсэн эхэлж хүндэтгэх хэрэгтэй. Тэгж байж тэр нь он цагийн уртад их хайр болдог. Ер нь ертөнцийг хайрлаж харна гэдэг бол нэлээд өгөөмөр хүний шинж л дээ. Хорвоо хүнийг хайрлахгүй байж болно. Хорвоог хайрлаж амьдарна шүү дээ. Хайр олон янзаар илэрч болно. Хамгийн гол нь сэтгэлийн гүндээ хайрлах гэдэг юм л байгаа юм. Би нялуурахыг хайр гэж боддоггүй. Мартахгүй байхыг хайр гэнэ. Би хүүхдүүдийнхээ асуудалд нэг их оролцдоггүй. Хүүхдүүдээ зэмлээд үглээд байдаг ч үгүй. Бид зэрэгцэн амьдарч, зэрэгцэн өсдөг. Би өтөлдөг, тэд өсдөг. Ямар байхыг нь заагаад, яаж явахыг нь төсөөлөөд байх дургүй л дээ. Хүнд өөрт оногдсон ухаан, үзэн ядах, хайрлах, гомдох, харуусал уйтгар гэж байгаа.

-Гэхдээ хэлэх сургах зүйлээ хэлнэ л биз дээ?
-Хүн сургаалаар хүн болдоггүй юм. Өөрөө дууриалалтай байж л хүн болгоно шүү дээ. Би хүн дуурайж л хүн болсон. Түүнээс биш сургамжлуулаад хүн болчихсон юм биш. Одоо харин нас ахихаар та сургамж хэлнэ үү гэх юм. Өөрөө л үлгэр үзүүл. Зөвөөр хүртэхүй болгоныг нь үзүүлж харуулах ёстой гэж боддог. Ер нь хүнд үзэх, үл үзэх ёстой юм гэж байдаг шиг байгаа юм. Тэр жамаараа яваг л гэж боддог.

-Гэхдээ хүүхэд хэт дураараа байснаасаа болоод алдаа гаргавал энэ хувь хүний асуудал гэж хандана гэж үү?

-Миний хүүхдүүд яагаад алдаж болдоггүй юм бэ. Алдаа хүнд байдаг биз дээ. Алдаж онож, гуньж баярлаж болно. Бүх л зүйл өөрт нь өгөгдсөн шүү дээ. Өөрсдөө алдаагүй амьдарсан мэт хөгшчүүд дээрээс нэг их сургаал айлдах юм. Бидний амьдрал алдаа, оноо хоёрын алаг эрээн байсан. Сүүдэргүй чулуу гэж байдаггүй шиг алдаагүй хүн гэж байхгүй.

-Та айлын ганц хүүхэд байсан. Хайранд хэр даварч өссөн хүүхэд вэ?
-Аав, ижий хоёр минь ухаантай болоод намайг их зөв хайрласан байх гэж боддог. Би зөв хайранд өссөн. Даврахын тухайд бол би ерөөсөө тэгж чаддаггүй хүн. Хүн намайг магтаж байна гэж хөөрөх, муулж байна гэж гомдох юм надад ер байхгүй. Надад атаархах хамаагүй. Би олон юмнаас их хамааралгүй өссөн шиг байгаа юм. Тэр минь надад зол болж янз бүрээр хэлэгдэх нь хүртээлгүй санагддаг. Лхагвасүрэн гэж хүн рүү дайрч байгаа биш Лхагвасүрэнд байхгүй нэг хиймэл хүн рүү дайраад байгаа мэт санагддаг. Миний мөн чанарт байхгүй болохоор надад хамаа ч үгүй. Би тийм л орчинд өссөн. "Үхтэлээ" эрхэлсэн. Эрхлүүлэх тэр хэмжээг аав, ижий хоёр минь их тааруулсан шиг байгаа юм. Би түүнийг нь үнэтэй юм гэж мэддэггүй байж л дээ. Үхсэн хойно нь л агуу их үнэтэй хайр байж дээ гэж мэдэрч байна шүү дээ. Мунхагийн санах нь хойно гэж. Би чинь мунхаг хүн шүү дээ.

-Таныг хэдэн настай байхад аав, ээж тань өөд болсон бэ?
-Ижий минь намайг 25-тай байхад 44-хөн насандаа өөд болсон. Ижийгээсээ эрт салсан.

-Тэгж их хайрлуулж өссөн хүн хагацлыг ил үү эмзэг хүлээж авдаг шиг санагддаг.
-Би үхэл гэдгийн мөн чанарыг нэг их ойлгосон хойноо ижийгээсээ хагацсангүй л дээ. Гэхдээ орчлонгийн жамд яалт ч үгүй хүчин мөхөсддөг юм билээ. Тэгээд дутаж, хагасарч үлдсэн. Ижийгээ үхэлд булаалгана гэдэг тийм амар зүйл биш. Жамаас нуугдах газаргүй юм билээ. Аавыгаа нас барсны дараа "Жамын цаана нуугдах газаргүй" гэж дуу бичсэн. Ц.Чинзориг хөгжмийг нь бичиж, Ц.Түвшинтөгс дуулсан. Одоо хүмүүс нэг их дуулахгүй байна. Тэр их үнэн дуу байдаг юм.

-Тэгэхэд нэг ээж, аавыгаа баярлуулсан даа гэж боддог зүйл юу вэ?
-Миний хүү тэгэхэд нэг баярлууллаа, ингэж нэг гомдоолоо гэж тооцох улс биш байсан. Тиймээс өнөөдөр би гэмшиж л тооцно уу гэхээс тэдний өмнөөс бодох эрх надад байхгүй. Ер нь эцэг эх тийм юм боддоггүй шүү дээ. Би ч одоо хүүхдүүдээ энэ нь гомдоож тэр нь баярлуулж байна гэж тооцоотой ханддаггүй. Хэрэг ч байхгүй.

-Тэгэхээр та хэнэггүй хүн үү?
-Яалаа гэж. Эцэг хайр гэж цаанаа том зүйл байж л байгаа шүү Дээ. Хэнэггүйтээд хайхрахгүй байгаа зүйл алга. Хүн өөрөө хүн болох тухайд л би чөлөөтэй болгож өгч байгаа юм. Хүн өөрөө хүн болох ёстой шүү дээ. Өөрөө өөрийгөө олоход нь зай тавьж өгч байгаа болохоос биш сэтгэлээсээ гаргаад хаячихаж байгаа юм ердөө биш. Ил далд зовдгоороо л зовно шүү дээ. Тэр болгоныг гаргаж байх уу, нуух уу гэдэг чинь хүн хүний араншингийн эрх.

-Гэхдээ дотроо их юм тээдэг хүн өөрийгөө зовоодог шиг санагддаг?
-Би зовохын тулд ирсэн шүү дээ. Жаргах гэж ирээгүй. Түүнийгээ л эдэлж байна. Би олон зүйлийг хүнтэй хуваалцахыг хүсдэггүй. Тэгэхээр би зовлонгоо өөрөө л эдлэхсэн гэж хүсдэг хүн шиг байгаа юм. Улсууд намайг мэдэх байх аа. Орчлонд танигдахаар амьдарлаа л даа.

-Ер нь эцэг хүний хайр илүү дотогшоо байдаг болов уу. Тэр утгаараа гомдож, баярлаж байгааг нь таахад хэцүү их "хүнд" хүмүүс шиг байдаг?
-Харин ч аавууд хүүхдээ хайрлахдаа хамгийн хөнгөн хүмүүс шүү дээ. Үр хүүхэд нь эцгийнхээ нэрийг авч явах гэдэг бол хүнд ачаа. Би бол аавыгаа хайрлаж чадаагүй. Ухаарал гэдэг зүйл их хожим ирдэг юм байна.

-Хайр чимээгүй байх тусмаа хүчтэй байдаг шиг байгаа юм. Ер нь хайрыг яаж авч явах ёстой юм бол?
-Илрэхгүй хайрыг мэдэрдэг хүн хэр олон юм бол. Хайрыг чинь одоо хэтэрхий ил болгосон юм биш үү. Бие биеийгээ дуудсан ч хайр аа гэх юм байна шүү дээ. Хайр тийм ил байдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Хайр аман дотор бөмбөрч байдаг үг хэлний юм биш. Хайрын тухай туйлд нь хүрсэн шүлэг би бичиж чадахгүй л байгаа.

-Хэтэрхий эрхлүүлээд эрхийн тэнэг болчихсон юм гэдэг. Тэр нь хайрласан хүндээ байна уу, хайрлуулсан хүндээ байна уу?
-Хайр, итгэл зохидоггүй хүн гэж байна. Хальж гараад байдаг хайрын жаахан савтай хүн гэж байдаг л байлгүй. Хайр чинь өөрөө хүнд хөнгөн нь мэдэгддэггүй эд байхгүй юу. Модонд ассан түймэр шиг цаагуураа л нүүгээд байдаг.

НАДАД ХАРЬЯАЛАЛТАЙ ЭРХТЭН БҮХЭН РҮҮГЭЭ ГҮНЬДАГ. ТҮҮНИЙГЭЭ ШҮЛГЭЭРЭЭ ГАРГАДАГ

-Таны шаналал гуниг яаж илэрдэг вэ?
-Санаа алдаад л, шанаагаа тулаад, уйлж дуулаад байдаггүй хүн л дээ. Би дотогшоо л гуньдаг. Надад харьяалалтай эрхтэн бүхэн рүүгээ гуньдаг. Түүнийгээ шүлгээрээ гаргадаг. Шүлэг бол дотор бэтгэрсэн өвчнийг их задгайлж өгдөг. Чаддаг юмаараа л гадагш гаргах юм даа. Шүлэг бол надтай жаргал зовлон хуваалцдаг. Тиймээс би шүлэг найраг, зохиолдоо их дуртай.

-Та сүүлд хэзээ хамгийн их баярласан бэ?
-Ойрын жилүүдэд баярласнаа санахгүй байна. Гуньснаа ч санахгүй байна. Магадгүй хүн нас ахиад ирэхээр орчлонг өөрийн өнцгөөсөө таньсан болохоор "ийм юм байдаг л юм даа" гэдэг нь их дийлдэг шиг байгаа юм. Тиймээс их олон зүйлийг хажуугаараа өнгөрөөсөн байх аа. Одоо надад алдар гавьяа, үхэл ч шинэ биш. Албан тушаал, эрхэмсэг байдал ч шинэ юм биш. Юм бүхэн хуучрахаар хүний сэтгэл хөдлөл ч бас хуучирдаг байх гэж боддог.

-Анхны догдлол. Эргээд түүн шигээ нэг догдлохсон гэдэг ч юм уу, эсвэл эргэж тэгж чадахгүйдээ харамсах үе байх уу?
-Давтагдахгүй зүйлийг тэр чигээр нь хадгалах юмсан гэж хүсдэг. Түүнээс биш, надад заяасан зүйл нэг биш хоёр байгаасай гэж ерөөсөө шунаж байсангүй. Тэр их баяр хөөр, гуниг тэр он цагтаа үлдэг л гэж боддог.

-Тэр мөч болгоноо та уран бүтээлдээ гаргаж чадсан уу?
-Яалаа гэж хүн бодсон бүхнээ гаргаж чадах вэ дээ. Тэр байтугай хүн бодлынхоо талыг аваад л үхнэ шүү дээ.

-"Нийгмээрээ бид шүүмжлэлийн дон тусчихаж" гэсэн ярилцлагыг Д.Чойжамц хамба өгсөн байна лээ. Таны хувьд энэ нийгмийн сайн сайхныг нь олж харж хэлээч гэвэл?

-Миний сайхан гэж харж байгаа зүйл өөр хүний нүдэнд сайхан биш бол яана гэж би айдаг юм. Би бусдын сэтгэлийг эмзэглүүлэхээс айдаг. Тиймээс сайн, мууг ялгаж ярих нэг их дургүй. Хүн өөрөө хүн байж чадаагүй атлаа улс болж тоглоно гэдэг инээдтэй байхгүй юу. Тиймээс элдвийн зүйлд дүн өгөх дургүй. Би эцсийн гаргалгааг хэлдэг хүн биш шүү дээ. Би бол амьдрал дундуур урсаад өнгөрөх нэг бодьгал.

-Боловсролтой, учир мэдэх хүмүүс хэт даруу байснаараа бас алдах зүйл байдаг болов уу?
-Надад даруу байгаагүй нас  бий. Би эхнийхээ шүлгээс эхлээд л магтуулсан хүн. Надад төөрч явсан цаг бий. Хүн болгон
жижигхэн харагдаж байсан үе ч бий. Тиймээс би даруу хүн биш. Яагаад ч биш. Би мөрөөрөө хүн.

-Анхны уран бүтээлээсээ эхлээд магтаал сонссон гэж байна. Тэгэхээр шүүмжлэлд жаахан эмзэг ханддаг уу?
-Намайг хүн муухай харж болно шүү дээ. Намайг үзэн ядах эрх тэр хүнд бий. Бидний яриад байгаа  эрх  гэдэг  чинь тэр  юм
биш үү. Би мөнгөтэй бөгөөд эрх мэдэлтэн биш. Ямар нэг амттай мөхөөлдөс биш. Магтсаны төлөө хөөрөх, муулсны төлөө гуних зан ерөөсөө байдаггүй гэж түрүүнээс хойш хэлсэн. Би хорвоог мэднэ. Өөрийнхөө чинээгээр мэднэ.
Би бодож ярьдаг. Хүмүүсийг хараад байхад ярьсныхаа дараа боддог шиг байна лээ. Энэ л он цагийн алдаа байх. "Зөвийн өмнө буруу байвал зөнөхийн өмнө үхэл байвал" гэж миний шүлэг бий. Зөнөлгүй үхэх хэрэгтэй. Буруу бол залруулж байх ёстой гэсэн санаа байгаа юм. Би хоёрхон ном гаргаад төрийн шагнал хүртсэн хүн шүү дээ. Тийм тохиолдол утга зохиолд цөөн л байх.

-Тэр ном гарсан хоорондын хугацаа хэр ойрхон байв?

-1982 онд анхны ном, 1984 онд дараагийн номоо гаргаад л 1990 онд төрийн шагнал авсан шүү дээ. Би магтаалаар тосуулсан гэж ам бардам хэлж байгаа маань тэр.
-Таны хувьд өвлийн улиралд уран бүтээл илүү гардаг гэсэн байх аа?
-Бүрхэг өдөр илүү сайн хийдэг. Нарны халуун илч, миний бодол хоёр хоорондоо таардаггүй. Би удаан бодоод тархиндаа
илжрүүлж байж бичдэг. Салхи шуураад байхад би юу ч бичиж чадахгүй. Харин би орчин голж үзээгүй. Ач нар дэргэд шуугиж, цаасыг маань бариад гүйж явсан ч тоохгүй бичнэ. Би ганцаараа байх асар дургүй. Хэрвээ намайг ганцаараа орхиод, хань минь, хүүхдүүд минь бөртөлзөхгүй бол би юм хийж чадахгүй. Би хүнгүй байж чаддаггүй юм.

-Та 20 насныхаа тухай "Бүжгэнд явж, зургийн үзэсгэлэн үзэж, завсар чөлөөгөөр нь ялихгүй, зарга багатай зодоон хийнэ" гэж ярьсан байсан. Харин 30 нас ямар байв?
- Таван хүүхэдтэй байсан. Эцэг гэдэг ачааг их эрт үүрсэн болохоор миний 30 нас үрсдээ ноолуулсан нас байсан. Тэмээ юм бол хэвтэж байгаа тэмээ шиг нас байсан.

-Уран бүтээлийн хувьд ямар үе байсан бэ?
-Ид үе байсан. Зургаа зурна, шүлгээ бичнэ. Би уран бүтээлээ зургаар эхэлсэн хүн шүү дээ. Хүүтэйгээ хамт нэг үзэсгэлэн гаргасан. Зургийг бол тийм муу биш зурна. Сайн дурын уран сайханч шиг зурахгүй. Аминдаа ёсоор нь зурах гэж хичээнэ. Миний үеийн зохиолчид бүгд номынхоо зургийг надаар хийлгэсэн. Жүжгийн зураг бас зурж байлаа.

-Уран зураг утга зохиол хоёр дандаа холбоотой явдаг. Хоёуланг нь хийдэг хүний давуу Тал юу байдаг бол?

-Даанч ойрхон доо. Аль нь давууг мэдэхгүй юм. Зурдаг учраас шүлэг нь дүрслэл ихтэй байдаг гэж хүмүүс хэлдэг юм билээ.  Өнгийг бол арай илүү мэдэрнэ дээ.
-Таны уран бүтээл сэтгэлийн эмзэг зүйлийг их тод гаргаж ирдэг. Уран бүтээлд үзэж туулсан амьдрал, туршлага их нөлөөлдөг гэж бодвол таныг их зовлон үзсэн хүн гэмээр ч юм шиг?
-Би туршлагыг үзэн яддаг. Туршлага гэдэг бол байгаа байрандаа зогсч, чаддаг зүйлээ хийж байгаа хүнийг хэлдэг байхгүй
юу. Чадаагүй зүйлээ хийхийн тулд уран бүтээлчид амьдрах ёстой. Аливаа нэг уран бүтээлийн санаа олчихоод туршлагаар бичнэ гэвэл түүн шиг бүдүүлэг зүйл байхгүй.

ЗУРААЧИД ОН ЦАГТАЙГАА ОРООЦОЛДДОГГҮЙ УЧРААС БҮТЭЭЛ НЬ САЙН БАЙДАГ

-Одоо зурж байна уу?
-Бодох л юм. Зав болохгүй байна. Тэтгэврийн хүн мөртлөө хамгийн завгүй хүн байх юм. Миний зургийн хэрэгслийг зураач хүү минь бэлдээд өгчихдөг юм. Аавыгаа зургаа зур гэж байгаа шаардлага юм байна л гэж боддог. Хэдэн зураг зурж үлдээнэ ээ.

-Та үзэсгэлэн хэр үзэж байна вэ?
-Үзэсгэлэн бол алгасахгүй шүү дээ. Гадагшаа явахдаа би заавал зургийн үзэсгэлэн үзнэ. Дуртай юм чинь. Өөрөө чадахгүй болохоор сайхан зураг харах сайхан шүү дээ.

-Хүмүүс танаас уран зохиолын төвшин их асуудаг байх. Уран зургийн тухайд төвшин нь хаахна байна вэ?
-Уран зохиолоос өндөрбайгаа. Эрэл хийж байгаа зэрэг нь зохиолчдоос илүү. Их юм хийж байна шүү дээ. Манай зураачид илүү өндөрт байгаад нь их баярладаг. Тэд он цаг, нийгэмтэйгээ орооцолддоггүй, новширдоггүй улс байхгүй юу. Тоох ч үгүй. Тиймээс бүтээл нь сайн байгаа юм.

-Танд сая ирсэн урилгуудад очихгүй гэсэн. Бүх урилгад татгалздаг юм биш биз дээ?

-Олонтой газар аль болох явахгүйг л боддог хүн. Д.Цоодол нэг бичсэн байсан шүү дээ. "Лхагвасүрэн өөрийнхөө уран бүтээлийн үзэсгэлэнд ч ирэхгүй байж мэдэх хүн дээ" гэж.

-Та их тайван хүн юм аа?

-Тэгээд ямар хүн байна гэж бодов.

-Ууртай хүн гэж бодсон.

-Үснээсээ эхлээд тэгж харагдав уу. Ханиас маань өөр намайг ойлгох хүн байхгүй дээ.

-Ер нь өтөл нас ямар байх ёстой, тэр зарчим дээрээ та хэр байна гэж боддог вэ?

-Өтөл нас  гэж тусгай хууль журамтай юм биш л дээ. Хүн өөрөө өөрийнхөөрөө өтөлж болно шүү дээ, Би бол мөрөөрөө өтлөөд, мөреөрөө үхэх юмсан л гэж боддог. Би ер нь мөрөөрөө явахыг л эрхэм болгодог хүн.

 

 

Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

top