|

Ч.Мичидмаа: Бөхчүүдийг мангар юмнууд гэж боддог байлаа

tonshuul 2015/01/19 6330 454

Ч.Мичидмаа: Бөхчүүдийг мангар юмнууд гэж боддог байлааУИХ-ын гишүүн, Монгол Улсын аварга Д.Сумъяабазарын гэргий мисс Ч.Мичидмаагийн хэдэн жилийн өмнө өгч байсан ярилцлагыг хүргэж байна. 


-Саяхан та Япон яваад ирсэн. Явсан газрынхаа сониноор ярилцлагаа эхлэх үү?
-Сумъяа бид хоёр саяхан Япон яваад ирлээ. Хэдхэн хоног явсан болохоор сонин гээд байх юм байхгүй ээ. Хувийн ажлын шугамаар явсан.
-Японы хүүхнүүдийг Монголын сайхан бүсгүйн нүдээр харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Их гоё, сайхан хүүхнүүд байдаг. Гэхдээ хөл нь их онцгүй ээ. Чийглэг уур амьсгалтай болоод ч тэр үү царай нь тунгалаг, толигор.
-Сумъяабазар та хоёр Мартын 8-ны үеэр танилцаж байсан гэсэн. Энэ утгаараа Мартын 8 сайхан баяр санагддаг байх?
-Тийм ээ. Бид хоёр анх Мартын 8-ны үеэр танилцаж байсан. Эмэтэйчүүдийн баярын үеэр танилцаж байсан болоод ч тэр үү Сумъяа надад анх цэцэг бэлэглэж билээ. Тэр цэцэг их л гоё сэтгэгдэл төрүүлж байсан даа.
-Бөхчүүдийн эхнэрүүд их хоорондоо их найзархдаг юм билээ. Тийм болохоор бөхчүүд эхнэрүүдээ цуг баярлуулах үе гарна биз?
-Гаралгүй яах вэ. Би Бат-Эрдэнэ аваргын гэргий Болороо эгч, Баярсайхан зааны гэргий Дээгий эгч нартай өнгөрсөн жилийн эмэгтэйчүүдийн баярыг цуг тэмдэглэсэн. Дээгий эгчтэй их ойр дотно, байнга холбоотой байдаг.
-Та хэд нийлж суухараа бөхчүүдийн тухай ярьдаг байх. Бөх хүний эхнэрийн хувьд ёс жудаг, зан заншилын талаар хэн нь хамгийн сайн мэдэх вэ?
-Би Сумъяатай сууж байж л бөх гэдгийг мэддэг болсон. Түүнээс өмнө бөхийн талаар юу ч мэддэг байлаа. Бөх хүнтэй сууна гэж төсөөлдөг ч үгүй явдаг байж дээ. Бөх хүмүүсийг мангар юмнууд гэж боддог байсан.
Манай хүн надтай анх танилцаж байхдаа "Манай хүн улсын заан хүн байдаг юм” гэж хэлэхэд нь "Заан гэж ямар хүнийг хэлдэг юм” гэх мэтээр инээдтэй зүйл асууж л явлаа. Тийм болохор одоо ч гэсэн бөх сонирхдоггүй. Бөхийн талаар мэддэггүй болохоор бөхчүүдийн эхнэрүүдтэй хааяа нийлж суухдаа бөхийн талаар ярьдаггүй.
Бөхчүүдийн эхнэрүүдээс бөхийн ёс жудагийг хамгийн сайн дээдэлж, хүндэлдэг нь манай хадам ээж юм уу даа.


-Бөх хүний эхнэр байж яагаад бөх сонирхдоггүй гэж. Сумъяабазарын барилдааныг үзэх үед сэтгэл тань хөдөлдөггүй гэж үү?
-Ханийнхаа барилдааныг үзэх гэж очилгүй яах вэ. Гэхдээ бусад эхнэрүүд шиг бурханд залбираад, сандарч тэвдээд байдаггүй л дээ. Ерөнхийдөө гайгүй байдаг. Харин бөх хүнийг ойлгодог гэж өөрийгөө дүгнэдэг шүү.
-Анх Сумъяабазар таны нүдэнд ямархуу залуу харагдсан бэ?
-Сумъяаг анх харахад их л сайхан биетэй, нүдэнд дулаахан залуу харагдсан. Манай хүнд нандин сайхан чанарууд их олон байдаг. Аливаа зүйлд шантарна гэж үгүй. Ямар ч юмны амжилтыг үзэхийг гол болгодог хүн дээ.
-Ямар ч бэр анх хадмындаа орохдоо нэлээд бэргэж, сандардаг. Харин та яаж байв. Мөн танай хадам ээжийг бэрүүддээ нэлээд өндөр шаардлага тавьдаг гэж сонссон юм байна?
-Айж, бэргээд сүйд болсон юм байхгүй. Эхнээсээ л миний ээж, аав хоёр шиг "Охин минь” гээд сайхан хандаж байсан. Тийм болохоор би хадам аав, ээж хоёрынхоо сайхан сэтгэлд баярлаж явдаг. Манай хадам ээж их сайн хүн шүү дээ. Харин ч бэрүүддээ өөрсдийн хүүхдүүдээс сайн хандаж, хайрладаг юм шиг санагддаг.
-Сайхан бүсгүйтэй гэр бүл болсон хүн харддаг л байх. Тэр тусмаа сайхны зохицол болсон танай гэр бүл нэгнийгээ хардаж, харамлах явдал гардаг уу?
-Ер нь харддаггүй хүн гэж хаа байх вэ дээ. Хайрласныхаа хэрээр тодорхой хэмжээгээр хардана. Хар бол хэмжээтэй байх ёстой. Дэндүү тэнэг юм шиг хардвал тэр нь хайр биш болж, амьдрал нуран салж сарнихад хүрэх байх. Миний хувьд шууд илэн далангүй хардаад байдаггүй. Битүүхэндээ л юу юм гэхээс.
-Сайхан хосуудын хажуугаар эргэж харахгүй өнгөрөх хүн үгүй байх. Ийм үед нөхөр тань танаар бахархдаг уу эсвэл харддаг болов уу?
-Тийм юм ердөө байгаагүй. Сумъяа надад итгэдэг болохоор асуудал үүсдэггүй. Харин ч нөхөр маань "Орчлонд би чамаараа гоёх дуртай” гэсэн хэн нэгэн яруу найрагчийн мөрүүдийг хэлдэг шүү.
-Тэгвэл муудалцах үе гардаг л байх. Энэ үед та хоёрын хэн нь түрүүлж буулт хийдэг вэ?
-Энхийн цагаан тагтаа шиг огт муудалцдаггүй гэр бүл байдаг гэдэгт итгэдэггүй. Амьдрал тэр чигээрээ эсрэг, эерэг туйл, тэр чигээрээ зөрчил байж утга учиртай байдаг болов уу. Түүнээс биш дуугүй дүмбэ, нэг хэвийн байвал уйтгартай болох байх.
Манай гэрт муудалцах үе байдаг. Бид хоёр хоёулаа ижилхэн характертай. Хоёулаа гэнэт огцом уурладаг. Хоёулаа бие биенийхээ дээр гарах гэж үздэг болохоор хэн нь ч буулт хийдэггүй, их хэцүү л дээ. Гэр бүлийн аливаа маргаан дээр миний буруу байсан ч би бууж өгөх дургүй. Хоёр гал дүрэлзэж дүрэлзэж гайгүй болно доо.
-Саяны цагаан сарын барилдаанд Сумъяабазарыг түрүүлнэ гэж бодож байв уу?
-Уг нь манай хүний бэлтгэл үнэхээр сайн байсан. Гар нь бэртэлтэй байсан ч гэсэн түрүүлнэ гэж бодож байлаа. Өөрөө ч түрүүлнэ гэсэн итгэлтэй барилдсан. Ер нь өнгөрсөн жилийн наадмаар түрүүлэх боломжтой байсан л даа. Жаахан л алдсан болохоос.
-Бөхчүүд дундаа Өсөхөө, Сумъяа хоёр их дотно гэсэн. Өсөхбаярын эхнэр Нарантуяаг төрсөнөөс хойш эргэж очив уу?
-Шинийн 3-нд Өсөхөөгийнд очиход Нараа яг өвдөөд эмнэлэгт хүргэгдэж байсан. Түүнээс хойш бид хоёр Япон явсан болохоор эргэж амжаагүй. Ойрноос гэрээр нь л эргэнэ дээ.


-Ингэхэд та Монголын сайхан бүсгүйчүүлийн анхны хэдийн нэг. Таны үеийн сайхан бүсгүйн тэмцээн одооныхоос хэр ялгаатай байна вэ?
-Сүүлийн үед Оюутан, Улаанбаатар, юу ч гэнэ вэ, баахан л мисс шалгаруулдаг болж. Ийм олон нуршуу мөнгө үрсэн ажил явуулж байснаас ганц удаа л дориухан чанартай том тэмцээн зохион байгуулдаг болмоор юм. Тийм болохоор сүүлийн үеийн миссүүдийн чанарыг надаас илүү хүмүүс дүгнэж байгаа байх. Миний хувьд Сайхан бүсгүй тэмцээний чанар нь муудсан гэж боддог.
-Та ер нь Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцож байсандаа харамсдаг уу?
-Би энэ тэмцээнд орж байсандаа харамсдаггүй ч заримдаа хэрэггүй орж дээ гэж бодох үе бий. Яагаад гэвэл би өөрийгөө жирийн, энгийн бүсгүй гэж боддог байхад хүмүүс надтай мисс гэсэн үүднээс харьцаа байхаар санаа зовдог. Мисс болсоноос хойш бүхэл бүтэн 11 жил өнгөрчихөөд байна шүү дээ. Тиймээс хүмүүс надтай жирийн л эмэгтэй гэдэг үүднээс харьцаасай гэж хүсч байна. 
mongolcomments

Санал болгох

Сэтгэгдэл

top