|

Сонгууль биш сульдаасан эдийн засгаа ярих байлаа

namuunaa 2015/06/05 1778 218
 
   АН, МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн нэг өдөр, нэгэн цаг мөчид болж өнгөрөв. Гэхдээ зөвлөгөөн болсон газар нь өөр л дөө. 

  МАН Тусгаар тогтнолын ордондоо, АН төрийн эрх барьж байгаа учир Төрийн ордонд зөвлөлдлөө.

  МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаныхан, 330 сум, нийслэлийн 152 үүрээс гадна аймгийн намын хороодын дарга, дэд дарга албан тушаалтай 700 гаруй хүн, АН-ынхад 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн намын дарга нар нь оролцсон гэх мэдээлэл байна. 

   Үнэхээр ч аймгуудын 00 01, 00 02, 00 03... гэсэн эхний дугаартай машин унадаг дарга нар, аймагтаа том том бизнесмэнүүд, нам дагасан томоохон компанийн захирлууд намуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож, Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар сүүлийн хоёр, гурван хоног хөлхөлдлөө.

МАН энэ зөвлөгөөнөөрөө сонгуулийн тогтолцоог ярьжээ. Сонгуульд яаж оролцох вэ, сонгуулийн үеэр ажиллах намын дотоод бүтэц зохион байгуулалт ямар байх вэ гэдгийг ярилцсан байна. Энэ талаар тус намын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа "2016 оны сонгууль хаяанд ирсэн байна. Энэ сонгууль нэлээд хариуцлагатай болж таарна. Гэтэл харамсалтай нь тоглоомын дүрэм тодорхой болоогүй байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийг ямар хуулиар явуулах вэ гэдгээ бид тогтоогүй байна шүү дээ. МАН-ын зүгээс сонгуулийн тогтолцооны талаар ард түмнээсээ нээлттэй санал авъя гэдэг санал гаргасан. Гэтэл өнөөдрийн байдлаар харж байхад энэ саналыг маань дэмжихгүй шинжтэй байна” гэнэ. АН-ын хувьд Удирдах ажилтны зөвлөгөөн нь намын дарга З.Энхболдын улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх, УИХ-ын гишүүн Н.Батбаярын Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллүүдийг сонсож, санал солилцоно. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаарх мэдээлэл хийнэ. Түүнийг сонсоно гэсэн сценартай байсан. Гэсэн ч Сонгуулийн хууль ямар байхыг хэлэлцсээр дууссан гэнэ. Үнэндээ Сонгуулийн шинэ хуулийн өөрчлөлт, санаа зэрэг АН-ын дарга З.Энхболдын цээжинд бий гэх юм билээ. Тэр утгаараа мань хүн намынхандаа "Хууль ийм байна” гэдгийг хэлж өгсөн гэх.

Ийн Хүүхдийн баярын дараах өдрүүдэд намууд зөвлөлдөв. Ямар хуулиар сонгуульд оролцохов гэдгээ ерөнхийд нь шийдчих шиг боллоо.

Энэ зөвлөгөөн намуудын хувьд зөв юм. Нам бол сонгуульд оролцдог нэгдэл. Гэхдээ нам буруу ажиллавал нийтийн өмнө  хариуцлага хүлээдэг. Тэр нь сонгуулийн ялагдал. Харин манай намууд тэрхүү ялагдлаас ухаан алдтал айна. Хариуцлагаас гэсэн үг шүү дээ.

Айсан учраас Сон­гуулийн хуулийг өөртөө нийцүүлж гаргахаар тохиролцож ядаж буй. АН ялмаар, МАН ч бас ялмаар байгаа. Бас хэн гуай, тэр гуай жагсаалтад ороод, болохгүй бол сул өрсөлдөгчтэй, ялах магадлалтай тойрогт үзээд дахин "сонгогдчих” гээд үзэж тарж байна.

Уг нь ингэж телевизээр гардаг нохой зодооны тэмцээн шиг ойлгомж муутай ноололдож байх нь энэ цаг үед байж болшгүй юм.

Үнэндээ эдийн засгийн огцом уналт, валютын ханшийн өсөлт, мөнгөний хомсдол, төсвийн хэтэрсэн ачаалал, хоосорсон төрийн түрийвч... зэргийг ярих ёстой. Энэ бол намуудын Удирдах ажилтны зөвлөгөөний үндсэн сэдэв байлаа. Басхүү Тавантолгойн төсөл таг гацаж, Оюутолгойн гэрээ орооцолдсон хэрүүл болоод байгааг л эрх баригч намуудын удирдлага хэлэлцэх учиртай байв.

Гэвч тэд ярьсангүй, дурссан ч үгүй. Сонгуулиар хэрхэхэв гэдгийг л чамбай гэгч ярьсан байна. Гэтэл наана нь эдийн засгийн хямрал, доройтлоос үүдэлтэй маш том аюулын сураг наашилсаар...

Хэзээ байхдаа монгол залуу өөрийнхөө өмнө дүрс бичлэгийн аппарат тавиад "Миний амьдралыг хар. Улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд та нараас болж өнөөдөр би өрөндөө баригдсан, идэх ч хоолгүй амьдарч байна. Болохгүй бол бослого зохион байгуулна, оролцоно...” гэж яриад олон нийтийн сүлжээгээр тарааж байлаа. Хэзээ байхдаа УИХ-ын гишүүн чуулганы танхимд "Ард түмэн бослого хийнэ шүү, хараарай” гэж мэдэгдэж байв даа. Энэ Монгол туйлдаа хүртэл дотойтсоны шинж. Хорхой биедээ хүрэхээр атирдаг. Түүн шиг өнөөг хүртэл номхон тэмээ шиг явсан ард түмэн, олон нийт үгээ хэлээд эхэллээ. Юм бүхэнд цаг хугацаа бий. Эхэлсэн бол дуусдаг. Энэ эдийн засгийн хямрал, улс төрийн дампуурлыг бий болгосон АН, МАН-ынхны эрх мэдлийн хаанчлалд ч зогсох хугацаа бий. 

 

Б.ДАМДИН-ОЧИР

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top