|

Монгол улсад бүрэн тусгаар тогтнол авчирсан Ялтын гэрээний 70 жилийн ой

tonshuul 2015/02/05 4782 232

Монгол улсад бүрэн тусгаар тогтнол авчирсан Ялтын гэрээний 70 жилийн ой

 

Одоогоос 70 жилийн өмнөх хоёрдугаар сарын эхний энэ өдрүүдэд дэлхийн газрын зургийг шинээр зурахаар тухайн үедээ Дэлхийн дайнд ялагч болох нь тодорхой болсон гурван гүрний удирдагчид Ялтад уулзан гэрээ байгуулж байлаа.

Тэр дунд Монгол улсын статус квог ярьж байсан юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тухайн үеийнх нь хил хязгаараар бүрэн тусгаар тогтнуулах асуудал дэлхийг нөлөөний хүрээндээ дахин хуваарилагчдын дунд хэлэлцэгдсэн нэг асуудал байсан нь түүхэнд тод үлджээ.

Энэ тухай дэлхийн олон улсын судлаачид, түүхчид, тоймч нийтлэлчид олноороо бичиж үлдээсэн ба өдгөө ч бичсээр л байна.

Энд Б.Баабараас ишлэе. "Дэлхийн II дайн дуусах ойртохоор дэлхийн шинэ хуваагдлын тухай яриа ялагч гүрнүүдийн дунд өрнөлөө. Энэ нь нөлөөллийн бүсээс гадна газар нутгийн шинэ хил хязгаарын тухай яриа болсон юм.

Анхных нь Англи-Америкийн хооронд болж, дараа нь Каир хотноо Рүзвэльт, Чөрчилл, Чан Кайши гурав уулзжээ. Чангийн эхнэр энэ уулзалтад Гадаад Монголын тухай гомдол гаргасан байдаг. Үүний дараа Сталин, Рүзвэльт, Чөрчилл гурав Тегеранд уулзалт зохион байгуулсан. Энэ бол 1943 оны явдал.

1945 оны эхээр дэлхийн шинэ дэг журмын тухай бүр тодорхой ярихаас өөр аргагүй боллоо. Хэн нь хэнийхээ нөлөөнд байх, аль улсын аль газрыг хэнд авч өгөх гэх мэт. Ингэж их гурвын уулзалт Ялтад 1945 оны 2-р сарын эхээр болжээ.

Гадаад Монголыг Хятад, ЗХУ хоёр булаацалдаад байгаа явдалд АНУ яаж хандахаа мэдэхгүй байсан учир үүнээс хэдэн сарын өмнө АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэльс өөрийн биеэр Сибирь, Гадаад Монгол, Хятадаар айлчлан нөхцөл байдлыг судалжээ. Монголд ирсэн түүний айлчлал амжилттай өрнөж Гадаад Монгол бол үнэн хэрэгтээ тусгаар тогтносон улс юм байна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж чадсан байна.

Иймээс Ялтын гэрээнд ЗХУ-ын зүгээс тавьсан "Гадаад Монголын статус квог хадгална” гэсэн саналыг АНУ, Их Британи улсууд ямар ч маргаангүйгээр хүлээж авсан билээ...” гэжээ.

Ер нь бол Монгол улсын хувьд 20 дугаар зуун тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн зуун байсан нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн буюу тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан, 1921 оны Ардын ардчилсан хувьсгал, 1924 оны Үндсэн хуулиа баталж, БНУ-аа тунхагласан, 1945 оны 10 дугаар сард болсон тусгаар улсын төлөөх бүх нийтийн санал хураалт, 1961 оны НҮБ-д элссэн, 1990 оны ардчилсан хувьсгал зэргээс харагддаг.

Үүнийг ч түүхчид хүлээн зөвшөөрдөг. Тиймээс 1945 оны Ялтын гэрээ Монгол улсын хувьд тун чухал байсан нь тодорхой хэрэг билээ.

Сануулахад: 70 жилийн өмнө ЗХУ-ын удирдагч И.Сталин, Их Британийн ерөнхий сайд У.Черчилль болон АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвельт нар дайны дараа дэлхийг хэрхэн баруун ба зүүн хэсэгт хуваахаа Ялтын Ливада ордонд тохиролцсон.

Крымын тэнгэрийг 300 онгоц, 600 онгоц эсэргүүцэгчээр хамгаалсан бол Хар далай талыг ЗХУ, Америк, Английн хөлөг онгоцнууд халхалж байлаа.

Гурвалын уулзалтыг Рузвэльт санаачилсан ба уулзалтыг Шотландад хийхийг санал болгож түүнийг нь Чөрчилл дэмжсэн ч Сталин зөвхөн өөрийн нутаг дээрээ л уулзаж "ярих”-ыг зөвшөөрсөн гэдэг. Ялтын Бага хурлын гэрээ нь НҮБ үүсэх эхлэл болсон.

Үүнээс хойших 50 орчим жилд дэлхий "хоёр туйлтай” оршин тогтнож ирээд 1990-ээд оны эхээр тэр нь задарч билээ.

                                                                                                  О.Хуяг gereg

Санал болгох

Сэтгэгдэл

top