|

Монголчуудад өгөх сургамж буюу Marco Polo

bayaraa 2015/01/06 5698 535

Монголчуудад өгөх сургамж буюу Marco Polo Марко Поло киног Netflix-ээр үзлээ. Олон ангит, нэг ангидаа найман үзэгдэлт, телевизийн цувралын гол дүрүүдийн нэгд Монгол Улсын иргэн Амарсайхан Балжинням тоглож, Аригбөх хааны дүрийг бүтээв.

Тэрээр өөрийнхөөрөө тоглож, нөгөөх сөөнгө хоолойгоороо амилуулсан нь дотно, сайхан санагдлаа. Тэр тусмаа нутагтаа ах Хубилайтайгаа шөнөжин ярьж суусан, тулааны талбарт түүнтэй монголоо монголоор нь авч үлдэхийн төлөө тулалдан амь эрсдэж байгаа хэсэг үнэхээр сэтгэл хөдлөм.

 Энэ кинонд монгол хэлийг өргөн хэрэглэжээ. Монголчууд ч олны хэсэгт, гол болон туслах дүрүүдэд олноор тоглосон байна. Лав л жүжигчин М.Оргил, Хөсөгтөн хамтлаг харагдсан. Алтан Ураг хамтлагийн дуу, хөгжим, уртын дуу, хөөмийг үндсэн, дэвсгэр хөгжим болгосон байна. Хаган, хаан, тэнгэр, цагаан сар, хуралдай, айраг, гэр... гэх мэт маш олон үг давтагдаж байна. Хубилай хаан, Аригбөх хаан, Чаби хатан, Хайду хаан, Марко Поло, Чингим агь, Хөхлөн гүнжийн нэрийг зээлдсэн Нэргүй, Тулга, Бямба, Өмнөд Сүн Улсын сайд Жиа Сидао нарын дүр өвөрмөц болжээ. Ялангуяа Чаби хатан, Жиа Сидао нарын уран хурц ухааныг жүжигчид гайхалтай гаргажээ. Мэдээж энд түүхэн үйл явдлыг илт гуйвуулсан, монгол ёс заншил, суртлаас ангид, бас энгийн логик зөрчилтэй бүдүүлэг алдаа хэд хэд давтагдав. Жишээ нь, Түүхэнд Хубилай Аригбөхийг өөрийн гараар хөнөөгөөгүй, хэн нь хаан байхаа үзэн тулалдсанаас хойш хэдэн жилийн дараа Аригбөх учир битүүлэг байдлаар нас нөгчсөн бөгөөд түүнийг хорлогдсон ч гэж бичдэг. Кино дөнгөж эхэлмэгц, аялан яваа Пологийн гэр бүлийн худалдаачид их хааны цэргүүдтэй халз тулгарна. Гэтэл гэмгүй тэднийг хааны алтан гэрэгэ харуулсаар байтал нэлээд хэдийг нь ямар ч шалтгаангүй алж орхих юм. Их хааны гэрэгэ үзүүлсэн хүний амь нас халдашгүй баймаар. Тэгсэн мөртөө бүгдийг нь нухсангүй нь бүр ч гайхмаар. Юуны учир яах гэж алж байгаа нь үнэхээр ойлгомжгүй. Монголчууд үхэх ял хийгээгүй л бол хүний амийг хөнөөхийг машид жигшдэг байсан. "-Хүний амийг авахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй" гэсэн их хааны маань үг ч бий. Үхэх хүний үгийг ав ч гэдэг. Хубилай хаан, түүний хүү Чингим нар зарим үед ордонд ч, гадаа ч нөмгөн дээлтэй явах нь ямар эвгүй харагддаг юм бэ. Монгол эр хүн, тэр тусмаа хаан хүн бусдад бууж өгөөгүй л бол бүс бүслэхгүй явна гэдэг муу ёр, бэлэвсрэхийн цондон ихэд цээрлэдэг шүү дээ. "- Кино бүтээгчид, эрхлэгчид энэ түүхэн киног хийж байж монголын талаас түүх, угсаатны зүй, соёл, заншлын тал дээр зөвлөх авч ажиллуулж болоогүй л юм байх даа" гэж харамсан бодов. Марко Поло их хааны алтан гэрэгэний толгойг юм л бол уруу нь харуулж үзүүлэх юм. Гэрэгэ нь гэтэл ул боов шиг том юм байх жишээний. За энэ ч яахав. Байдаг л алдаа гээд өнгөрөөе.

Одоо гол юмандаа оръё!

Юу гэвэл, энэ киноноос хамгийн олзуурхууштай нь урьд өмнө гадныхны хийсэн кинонуудыг бодвол түүхэнд хүндэтгэлтэй, монголчуудад шударга хандсан явдал. Урьд нь монголчуудыг тувт доош нь хийж, хир дагандаа баригдсан, үс гэзэг нь ширэлдсэн баригдсан бүдүүлэг, зэрлэгүүд гэж л харуулдаг байсан бол энэ удаад хүн шиг хүмүүс байсан гэдгийг харуулжээ. Энэ зарчим ялангуяа Хубилай, Хайду, Аригбөх, Чингим нарын зөрчил дээр их тод харагдана. Хубилайн хүү, хааны агь Чингимийг авга ах нар нь "- Хятад сурталаар хүмүүжсэн, ордонд өссөн нялзрай амьтан" гэж голдог. Тэгж хэлүүлснийхээ хүчинд тэрээр тал нутгийн жинхэнэ баатар эрсийн замналаар дайн тулаанд явж, ялж, ялагдаж, монгол зан сурталаа алхам тутамдаа олж, өөрийн хурц мэдрэмж, сийрэг ухаанаар төрийн хүний зиндаанд очиж байна. Мөн эцэг өвгөдийн жинхэнэ гал голомтдоо эзэн сууж, монгол үндэстнээ монголоор нь авч үлдэхийн төлөө хаадын хаан болсон Хубилайтай зөрчилдөж байгаа Хайду хааны "-Хаан ах таны төр италийн тагнуул, перс сангийн сайд, араб цэргийн сайд, хятадын бумбын шашинтан, хинду лам, христ шүтлэгтэн, исламын татвар хураагч гээд зүсэн бүрийн харь хүмүүсээр дүүрч, харин өөрийн мах цусан төрөл, монгол ах дүүгийнхээ үгийг сонсохгүй, алж талж, үл тоож байгаа чинь тоогүй. Энэ бол Чингис өвгөөс уламжилсан төр биш." гэж зоригтой хэлж байгаа нь өнөөгийн манай төрийн нүүр царайг онож хэлсэн айхтар үг байв. Тэрээр монгол хүн, монголын төр хятадын соёл, заншил, сурталд автахгүй, жинхэнэ монголоороо байхыг байн байн сануулж байгаа нь энэ киноноос бидний олж харах гол зүйл болов уу.

Л.МӨНХТӨР

Санал болгох

Сэтгэгдэл

top