|

Бага насны хүүхдэд хориглож болохгүй 7 зүйл

namuunaa 2015/09/29 1907 233

Бид бүхэн хүүхдээ эрүүл энх өсөн торниж аз жаргалтай байгаасай хэмээн үргэлж хүсдэг. Харин тэдэнд хэтэрхий их заавар зөвлөгөө өгч, анхаарал хандуулж "боль” эсвэл "болохгүй” гэдэг үгийг амныхаа уншлагаа болгодог. Гэтэл энэ нь буруу ажээ. Ер нь хүүхдийн хийж буй үйлдлийг шаардлагатай үед л хорих хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дараах 7 үйлдлийг үргэлж хорьдог бөгөөд энэ нь буруу үр дагавартай тул цаашид үүн дээр онцгойлон анхаарах хэрэгтэй аж. 

 

1. Бие даан өөрөө хооллох

Мэдээж эцэг эхчүүдэд хүүхдээ өөрөө хооллосон нь илүү хялбар, цэвэрхэн санагддаг. Гэтэл хүүхэд маань халбагаа барьж сурахаас эхлээд амандаа хоолоо хийх хүртэлх тэр агшин бүр хүүхдээс итгэмээргүй хүч чадал, тэвчээрийг шаардаж байдаг. Бид хүүхдээ бие даан хооллохыг нь хорьсноор тэдний анхаарал төвлөрөл болон тэвчээртэй байдлыг таслан зогсоодог төдийгүй түүний "би өөрөө чадна” гэсэн өөртөө итгэх итгэл найдвар, өөрийгөө мэдрэх боломжийг нь үгүй хийдэг байна.

Тэд асгахгүйгээр хооллож чадахгүй нь ойлгомжтой тул "бяцхан баатар”-ын хичээл зүтгэлийг толботой цамцтай бүү харьцуулаарай.

2. Танд туслах

Зарим эцэг эхчүүд хүүхэд нь туслах гэхээр "асгачихна, боль, тавь” гэх мэтээр хориглодог. Таныг ингэж харьцсанаас болж хүүхэд "Тэд надаар юу ч хийлгэхийг хүсдэггүй” гэсэн ойлголттой болдог. Мэдээж бид хүүхдээ ядрааж, зовоохыг хүсэхгүй нь ойлгомжтой ч тэдэнд өөрсдийгөө мэдрэх, ямар нэг зүйлийг хийж сурах нь чухал байдаг. Тэд ширээгээ угаах, цэцэг услах, угаалгын машинаас цагаан хэрэгслээ гаргах зэрэг өөрт таарсан ажлыг хийхдээ ямар их урам зоригтой байгааг та нэг анзаараад үзээрэй.

Мөн хүүхэд эцэг эхээсээ магтаал сонсохыг хүсдэг төдийгүй таны магтаалаас маш олон зүйл шалтгаалдаг. Та хүүхдээрээ өөрийнх нь хэр хэмжээнд таарсан ажлыг хийлгүүлж, тэднээс үргэлж тусламж хүсч байх хэрэгтэй.

3. Өөрөө зурах

Бид харамсалтай нь "залуу зураач”-даа төсөөллөө зурахад нь шаардлагатай бүхнийг өгч чаддаггүй. Энэ нь ханан дээр зурж бохирдуулах зэргээр илэрдэг. Уг асуудлыг шийдэхийн тулд та хүүхэддээ хоргүй будаг авч өгөх эсвэл угааж арилгадаг, хуруугаар зурдаг будгаар зурах боломжийг олгоорой.

Уран бүтээл- энэ бол онцгой зураг бөгөөд зургаар дамжуулан тэд өөрийн төсөөллийг хөгжүүлж, хамгийн зөв байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж байдаг. Мөн энэ нь эд юмсыг танин мэдэх суурь нь болж, хүүхдийн дотоод мэдрэмжийн тусгал болдог. Иймээс хүүхэдтэйгээ хамт зураг зурж, түүнийг зургаар дамжуулан илүү их хөгжүүлэх хэрэгтэй.

4. Өөрийн санаа бодлоо илэрхийлэх

Хүүхэд гэдэг бол өөрийн гэсэн санаа бодолтой, хүсэл эрмэлзэлтэй бүхэл бүтэн бие хүн юм. Бид "чи ойлгодоггүй юм уу”,”чамд юу хэрэгтэйг би сайн мэднэ”,”учир нь би чамд хэлсэн дээ” гэх мэтээр сэтгэл хөдлөлөө нэн тэргүүнд гаргадаг. Эцэг эхчүүд өөрсдийнхөө санаа бодлоо зөв хэмээн хүүхэддээ тулгадаг. Харин үүний оронд тэдэнтэй харилцан ярилцаж, сонсож, амлалт өгч, залхууралгүй асууж мэдэхийг хүссэн юмсыг тайлбарласнаар таны хүүхдэд эерэгээр нөлөөлнө.

5. Гэртээ гүйж, хашгирч, үсрэх

Гэртээ үсэрч гүйж, харайж хашгирах нь хүүхдийн сэтгэл хөдлөлөө идэвхтэй илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Ингэж гүйж харайх нь ялангуяа цовоо, сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхдүүдийн хувьд "зөв” тоглоом болж, энергиэ зарцуулах эсвэл амрах үндэс суурь нь болдог. Мэдээжийн хэрэг хүүхэддээ цэцэрлэгт, эмнэлэгт, гудамжинд ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг учирлан тайлбарлаж, олон нийтийн газар биеэ зөв авч явах нь гэрт байгаагаас ялгаатай гэдгийг ойлгуулж сургах хэрэгтэй.

Хүү болон охинтойгоо цуг тоглосноор та бага насаа дурсаж, бүх л оройжингоо сэтгэл өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.

6. Тоглоомын талбайн тоглоомонд авирах

Хүүхдээ тоглоомын талбайд тоглуулж байхдаа "уначихав”, "цохиулчихав”, "бохирдчихлоо”, "битгий авир”, "битгий гүй”, "битгий харай” зэрэг үгнүүдийг бүү дурс. Хүүхдүүд эрч хүчээр дүүрэн байдаг учраас айх гэдгийг мэддэггүй. Харин таны болгоомжлол эрт орой хэзээ нэгэн цагт хориг болон хувирсаар байдаг. Танай хүүхэд "хэцүү” хүүхэд биш л бол үргэлж зааж сургах гээд байсны хэрэг юу л бол.

7. Хүүхэлдэйн кино үзэх

Орчин үед телевиз нь хүүхдэд муугаар нөлөөлдөг гэдэг нь баримтаар нотлогдсон ч хүүхдэд, тэдний үе тэнгийнхэнд тохирсон мэдээлэл өгөх нь хамгаас чухал ажээ. Хүүхдийн хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, танин мэдэхүйн хүүхэлдэйн киног та хүүхэддээ заавал үзүүлээрэй. Тэдэнтэй хамт үзсэн ч болно шүү.

Эх сурвалж: www.adme.ru

Санал болгох

Сэтгэгдэл

top