|

Улсын цолонд улам ойртох арслангууд

tonshuul 2015/07/06 11902 4475

 Улсын цолонд улам ойртох арслангууд

 

Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Бөх сонирхогчдын дунд энэ жилийн түрүү бөх хэн байх тухай таавар өрнөсөөр. Олон нийтийн сүлжээ, цахим хуудсуудаар ч энэ сэдэв хүчтэй яригдаж байна. Бөхийн хорхойтнуудын таамаглаж буйгаар Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын харцага Б.Пүрэвсайхан, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул улсын харцага Ц.Содномдорж нар энэ жилийн өнгийг тодорхойлох бололтой. 
 
Мөн аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарт найдлага тавьсан үзэгчид мэдээж цөөнгүй бий. Дээрх бөхчүүдээс гадна улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Э.Оюунболд нарыг түрүүлэх хэмжээний өрсөлдөөн үзүүлнэ гэдэгт олон үзэгч санал нэгджээ. Харин өнгөрсөн жилийн наадмуудын өмнөх дуулиантай харьцуулбал энэ жил улсын заан Ч.Санжаадамбад итгэл хүлээлгэх бөх сонирхогчийн тоо эрс буурсан нь ажиглагдаж байгаа юм. 
 
Тэгвэл жил бүрийн наадмын өмнө түрүү бөхийн таавартай зэрэгцэн улсын цолтны гэр бүлд шинээр багтах хүчтэнүүдийн тухай яриа хүчтэй өрнөдөг. Наадамчдын таамаглаж буйгаар энэ жилийн наадмаар 4-5 начин төрөх боломжтой гэнэ. Ингээд бөх сонирхгчдын саналыг үндэслэн Монгол Улсын начин цол хүртэх магадалтай бөхчүүдийг танилцуулж байна. 
 
 
Шарын МӨНГӨНБААТАР
 
 
Бөх сонирхогчдын тааврыг өнөө цагт хамгийн олон жил будилуулж байгаа хүчтэн бол Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар юм. Мөн сар шинийн уламжлалт барилдаанд үзүүр, түрүүнд хүрч барилдсан аймгийн цолтой бөхчүүдээс улсын цолтой бөхчүүдийн тоонд багтаагүй хоёр бөхийн нэг нь. Тэрбээр өнөө жил улсын баяр наадмын бэлтгэлээ Сүүж ууланд базааж буй. 2003 онд Сүхбаатар аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан, долоон жилийн дараа энэ амжилтаа баталж, хурцалсан тэрбээр улсын баяр наадамд 11 дэх жилдээ хүч үзэх юм. Наадмын дэвжээнд өнгөрүүлсэн нэгэн арваныг эргэн санавал түүний хувьд дөрвийн давааны оноолт гэдэг хамгийн хатуу "самар” бололтой. Тодруулбал тэрбээр энэ даваанд тавантай өвдөг шороодсон байх юм. Харин өнгөрсөн жилийн наадмаар аймгийн арслан Б.Эрдэнэхүүд хоёрын даваанд элэг бүсээ тайлсан удаатай.
 
Бат-Очирын ОДГЭРЭЛ
 
 
Аймгийн хурц арслан Б.Одгэрэлийн хувьд олон жилийн мөрөөдлөө өнөө жилийн наадмаар биелүүлэх юм бол Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас төрсөн анхны улсын цолтой бөх болох учиртай. Түүний хувьд 2011 оны баяр наадмын 1024 бөхөөс дөрөв давж, начин цолны хариуцлагатай даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд өвдөг шороодож байсан удаатай. Түүний дараа жил улсын арслан Н.Батсуурийг аймгийн цолтой байхад нь гурвын даваанд тунаж, унасан бол өнгөрсөн жил Баянхонгор аймгийн арслан Н.Золбоог хоёрын даваанд дийлээгүй юм. Сонирхуулахад аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилт үзүүлсэн бөхчүүд тухайн жилийнхээ наадмаар улсын цол авах магадлал өндөртэй байдаг билээ. Энэ зүй тогтлоор бол өнөө жилийн улсын баяр наадамд тэрбээр есөн хөлт цагаан тугийг тав ба түүнээс дээш тойрох ч боломжтой юм.
 
Оюуны ГАНТУЛГА
 
 
Цэргийн албанаас бөхийн амьдралтай золгосон алдар цуутан олон. Түүний хувьд ч мөн 2004 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгэн дээр цэрэг байхдаа анх хөл "тавьж” үзсэн юм. Улмаар 2010 оноос хойш өнгөрсөн жил хүртэл улсын баяр наадамд дөрвөн жил зодоглохдоо начин цолны босго даваанд тулж очиж амжсангүй. Нутгийн дүү П.Бүрэнтөгсийг аймгийн цолтой байхад гурвын даваанд тунаж барилдан элэг бүсээ тайлж байсан бол 2010 онд арслан Б.Ганбатад дөрвийн даваанд унаж байв. Харин өнгөрсөн жилийн улсын баяр наадамд хоёрын даваагаар наадмаа дуусгасан. Хурц арслангуудын өнгөрсөн жилийн азгүйтлээс харахад 512 бөхийн хоёрын даваа гэдэг ямар "чанга” байдаг нь тодорхой болох биз ээ. Тэрбээр Ховд аймагт 2011 онд болсон даншигт 512 бөхөөс түрүүлж хурц арслан чимэг хүртсэн билээ. Ингэхдээ тавын даваанд начин Ч.Цогбаярыг, зургаа долоогийн даваанд харцага А.Бямбажавыг, Г.Алтангэрэлийг наймын даваанд харцага Ц.Содномдоржыг орхиж, аймгийн арслан З.Соёмбоор ес даван түрүүлж байв.
 
Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР
 
 
Улсын арслан Ө.Эрдэнэ-Очироор тав давж, 1979 онд улсын начин цол хүртсэн Увс аймгийн уугуул, Г.Нэгдэлийн хүү аймгийн хурц арслан Н.Жаргалбаярын хувьд бөх сонирхогч, судлаачдын анхааралд хэдийнэ өртжээ. Мэргэжилтэн, багш дасгалжуулагчид "Хийц, галбир сайхантай” хэмээн үнэлдэг тэрбээр өнөө жилийн наадамд анх удаа зодоглоно. Төрийн наадамд анх зодоглосон жилээ улсын цолтой болсон тохиолдол цөөнгүй байдаг тул түүнийг энэ жил "юм" дуулгах бөхөөр үзэгчид ийн нэрлэсэн биз ээ. Өнгөрсөн хоёр жил Сэлэнгэ аймгийн наадамд дараалан түрүүлж, хурц арслан чимэг хүртсэн зэргээс харахад улсын баяр наадамд эртнээс бэлтгэсэн бололтой. Түүний хувьд өнөө жилийн наадмын бэлтгэлээ Увс аймгийн "Увс нуур” галд базааж буй.
 
Алтангэрэлийн АЛТАНХУЯГ
 
 
Олон түмнээ "Молиго бүргэд” хэмээн алдаршсан улсын арслан П.Бат-Очир агсны зээ хүү аймгийн хурц арслан А.Алтанхуяг аймаг өнөө цагт барилдаж буй цэргийн цолтой бөхчүүдээс улсын наадамд хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. 2006 онд улсын заан Ц.Мягмарсүрэнгээр дөрөв давж, улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон цагаас хойш улсын цолтны тааварт жил бүр нэр нь багтаж буй тэрбээр начин цолны даваанд гурвантай тулж очиж байв. Тэгвэл сүүлийн хоёр жилийн наадмаар Архангай аймгийн арслан Э.Ванданцэрэн, Өвөрхангай аймгийн арслан Ц.Чимэддорж нарт хоёрын даваанд өвдөг шороодоод буй юм. Түүнийг бөх сонирхогчид "Хэнийг ч хаяж, хэнд ч унаж мэдэх барьцгүй бөх” хэмээн тодорхойлсон нь ч бий. Түүний хувьд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базааж байна.
 
Оргихын ХАНГАЙ
 
 
Чансаагаараа улсын баяр наадмын дараа орох цагаан сарын барилдаанд тэргүүн байр булаалдсан аймгийн цолтой бөхчүүдээс улсын цолтоны гэр бүлд багтаж амжаагүй хоёр бөхийн нэг нь Оргихын Хангай юм. Тодруулбал сар шинийн барилдаанд их шөвөг, үзүүр, түрүүнд хүрч барилдсан аймгийн цолтой бөхчүүдээс хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн арслан О.Хангай нараас бусад нь улсын алдар цолтой болжээ. О.Хангай арслангийн хувьд өнөө жил Бугийн сангийн аж ахуйн амралтад наадмын бэлтгэлээ базааж буй. 1990 оны аравдугаар сарын 2-нд төрсөн тэрбээр энэ жил улсын баяр наадамд хоёр дах жилдээ хүч үзнэ. Өнгөрсөн жил улсын заан Ц.Мягмарсүрэнгээр гурав давж, улсын заан Б.Сайнбаяртай дөрвийн давааны нугалаанд таарч өвдөг шороодсон юм. Улсын хурц арслан Шаравын Ванчинхүүгийн удмын хүүд энэ жил нутгийнх нь зон олон ч найдлага тавьж буй нь ойлгомжтой юм.
 
Болдын ЭРДЭНЭХҮҮ
 
 
Улсын баяр наадамд хоёр удаа начин цолны босго даваанд тулж очсон "Хангарьд”-ын Н.Болд арслангийн хүү Б.Эрдэнэхүү улсын цолтны тааварт энэ жил зүй ёсоор багтжээ. Аймгийн арслан болсонхоо дараа жил буюу 2011 онд улсын наадамд анх удаагаа барилдаж Дорноговь аймгийн арслан Т.Буянжаргалаар гурав давж, дөрвийн даваанд улсын заан Д.Баасандоржид барьц сонгуулан өвдөг шороодож байв. Түүний дараа жил улсын аварга Г.Эрхэмбаярт мөн даваанд өвдөг шороодсон тэрбээр өнөө жилийн наадмын бэлтгэлээ Сүүж уулын бэлд базааж буй. Мөн тус галаас чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер аймгийн арслан Н.Золбоо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Б.Бат-Орших нар улсын цолны төлөө дайралт хийх юм.
 
Эрдэнэбатын ДАШ
 
 
Монгол бөхийн өргөөнд сар бүр уламжлал болдог сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв түрүүлж, нэг үзүүрлэж оцнгой амжилт тогтоож асан Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Э.Даш гэх залуу өдгөө улсын цолны тааварт багтах хэмжээнд хүрчээ. Ээжийн талаасаа бөхийн удамтай залуу арслан Э.Дашийн хувьд өнгөрсөн наадмаас хойш болсон улс аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд тогтмол өндөр амжилт үзүүлсэн тул энэ цуваанд багтжээ. Түүний хувьд улсын наадамд анх удаагаа хүч үзнэ. Сонирхуулахад жил гаруйхан өмнө сумын заан цолтой явсан андуудаас нь Б.Чимэдвандан, Б.Баянмөнх, Д.Бат-Эрдэнэ нар аймгийн арслан цол хүртжээ.
 
Цэндзүсэмийн ЧИМЭДДОРЖ
 
 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул аймгийн арслан Ц.Чимэддоржийн дээлийн захыг өнөө жил мөн л олон хүн мушгих нь ээ. Үндэсний бөхтэй амьдралаа холбосон энэ хугацаандаа тэрбээр "Улсын цолонд ойрхон бөх”, "Цахиур хагалах бөх”, "Мэхний гайхамшиг” зэрэг олон шагналыг гардаж явжээ. Аймгийн начин цолтой байхаас эхлэн улсын баяр наадамд хүч үзсэн түүнийг өнөө жил цолоо ахиулах бөхийн тааварт зүй ёсоор нэрлэжээ. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд улсын баяр наадмаар гурван удаа гурав давсан амжилтыг үзүүлээд буй. Үүнээс үзэхэд дөрвийн давааны оноолт энэ жилийн хувьд ч түүнд хамгийн хүнд даваа байх нь тодорхой. 2011 онд аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоор үзүүрлэж, аймгийн арслан цол хүртсэн түүнтэй хамт Баянгол сумын уугуул, аймгийн арслан Батсүхийн Батдорж улсын наадамдаа бэлтгэж буй. Түүнийг олон үзэгч улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэдгийг мөн дурдах нь зүйтэй юм.
 
 
Д.Булган
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top