|

Р.Бурмаа улаан буудайн импортын 3 сая долларын ашгаас хүртэх гэж тариаланчдаа хөсөр хаяв уу

bayaraa 2015/01/16 18077 5747
Р.Бурмаа улаан буудайн импортын 3 сая долларын ашгаас хүртэх гэж тариаланчдаа хөсөр хаяв уу Тариаланчид  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооноос  Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлж байгаагаа тэд хэлж байв. Өнгөрсөн  намар манай тариалан эрхлэгч компаниуд  Оросоос улаан будай, гурил импортоор оруулж ирэхийг эсэргүүцэж байсан  юм.  Энэ удаа ч мөн ийм л зүйл ярьж байна.

Уг нь тариаланчид маань урьд жилүүдээс  харьцангуй өндөр ургац хураан авсан юм. 350 мянган тонн улаан буудай улсад нийлүүлсэн.  Үүгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж буй. Энэ бол том амжилт.  Хүнс, хөдөө аж ахуйн яамныхан ч  улаан буудайн хүрэлцээ, чанар сайн байгаа  талаар удаа дараа мэдэгдэж байлаа.

Гэтэл энэ оны 1 дүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан будай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосон нь тариаланчдын урмыг хугалав. Өнгөрсөн оны 9 дүгээр сард  бас яг ийм бүтэлгүй шийдвэр гарч, "Улаанбаатар гурил” зэрэг  гурилын компаниуд  ОХУ-аас 50 мянга орчим  тонн  улаан буудай импортлохоор болсон нь бөөн маргаан үүсгэсэн юм.  Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй Сэлэнгэ, Төв аймгийн  тариалангийн  талбайгаар явахдаа уулзаж, "Гадаадаас импортоор  улаан буудай, гурил оруулах асуудал байж  болохгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэлснийх нь дараахан  тийнхүү  эсэргүүцсэн мэт  импортлох болсонд тариаланчид дургүйцэн бослого гаргахаа шахсан. Ингээд яам, тамгынхан, гурил үйлдвэрчлэгчид, тариалагчид бүгдээрээ дөрвөн талт хэлэлцээний ширээний ард суугаад  импортыг  зогсоож, квотыг нь 2015 оны 3 дугаар сарын 1 хүртэл дахин олгохгүй  гэж тохиролцсон байлаа.  Хэрвээ гурил үйлдвэрлэгчдэд импортын  квод өгөхөд хүрвэл тариалан эрхлэгчидтэй заавал уулзаж ярилцан шийдвэрлэж байхаар болсон байв. Гэвч энэхүү шийдвэр рүүгээ өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нар нулимаад сууж буй аж.

Улсынхаа  хэрэгцээг  бүрэн хангаад, цаана нь илүү гарах  хэмжээний  их  улаан буудай  хурааж авчихаад  дээр нь Оросоос  11.5  тонн гурил, 20 мянган тонн улаан буудай, нийт дүнгээрээ  15 сая долларын  импорт  хийвэл  дотоодын  үйлдвэрлэгчдээ  шууд "шатаасан” явдал  болно.  Иймээс тариаланчид  дургүйцлээ илэрхийлэх нь зүйн хэрэг.  Тэд одоо болтол урьд нь нийлүүлсэн улаан буудайныхаа  мөнгийг авч чадаагүй байгаа гэнэ.  Иймэрхүү  байдал  цааш үргэлжилвэл  ирэх жил, түүний дараагийн жилд ч улаан буудай  тариалах боломжгүй болно гэж  байна. Импортоор гурил, улаан буудай оруулж ирээд л гурилын үйлдвэрүүддээ шахаад байх юм бол ер нь дотооддоо бид тариалан эрхлэх хэрэг юу  билээ. Ямар гарзандаа гарсан хөдөлмөр гэж ийм байх ёстой гэж.

Р.Бурмаа сайдтай тариалан эрхлэгчид  дээрх гайтай импортын гурил, улаан буудай орж ирэх гэж буй сургаар очиж уулзахад  тэр "Энэ бол бодлогын алдаа” гэж байжээ. Харин дараа нь  дээрх импортын нийлүүлэлт хийх шийдвэр  гаргаснаа  "Энэ бол  миний хариуцах зүйл биш. Урьд нь нэгэнт шийдчихсэн байсан юм билээ. Би оролцоогүй шүү” гэсэн  юм яриад сууж байжээ.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд нь мэдэхгүй юм уу, эсвэл огт оролцохгүйгээр  стратегийн чухал бүтээгдэхүүний талаар тийм хариуцлагагүй  шийдвэр гаргана гэж юу байхав дээ. Р.Бурмаа дэндүү зарчимгүй аашилсан дүр зураг эндээс харагдаж байна. Тариалан эрхлэгчид түүнд дургүйцэх нь аргагүй биз.

Тус холбооны тэргүүн Л.Цандэлэг хэлэхдээ "Ийм хуйвалдааныг "Улаанбаатар гурил” зэрэг цөөн хэдэн компанийн лоббигоор хийж байна. Үүнд нь төрийн албан хаагчид татагдан оролцож биднийг хохирооход хүрлээ. Оросоос импортоор гурил, улаан буудай оруулахад үнийн зөрүү их бага. Гэхдээ  15 сая долларын нийлүүлэлтээс  тэд ойролцоогоор 3 сая долларын ашиг олно. Иймээс  энэ ашгийнхаа төлөө л дарга нартай хуйвалдаан хийж байгаа байх” гэлээ. Нээрээ их энгийн логик гарч ирж буй аж.  Урьд нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан  Золжаргал  энэхүү хуйвалдааныг хийсэн байх гэсэн хардлага, тариаланчид, сэтгүүлчдийн дунд өргөн тархсан байлаа. Тэгвэл одоо Х.Золжаргал нь ажлаа өгчихсөн  ч гэсэн арыг нь залгуулах хүмүүс гарч ирээд тийнхүү  Р.Бурмаа сайдыг "будлиулсан” болж таарав уу. Ер нь Р.Бурмаа сайд тэрхүү 3 саяын ашгаас хүртэх санаатай байсан юм биш үү.

Импортын улаан буудай, гурилаар дотоодын тариалан эрхлэгчдээ нам цохиж унагах  энэхүү далд хуйвалдааны хор найруулагчид  "Манай дотоодын улаан будайн чанар тааруу” гэсэн мессеж нисгэж байгаа бололтой. Гэтэл лабораторийн шинжилгээгээр дотоодын улаан буудайн чанар бүгд сайн дүнтэй гарсан гэж байгаа юм.  Цардуул, цавуулаг нь стандартын шаардлагад нийцэж байхад Оросоос  импортлохын  тулд тиймэрхүү  хорлонтой мэдээлэл өгдөг юм байна, дарга нар.

Иймээс Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооноос, 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн сайдын тушаалыг   энэ сарын 20-ны дотор хүчингүй болгуулах, өнгөрсөн онд тариалсан улаан буудайн нөхөн олговорыг 100 мянган төгрөгөөр тооцож мөн энэ сарын 20-ны дотор олгох зэрэг  шаардлагыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад илгээжээ. Түүнчлэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дагуу гурилын үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон атал үйлдвэрүүднь бүтэн хоёр жилийн турш тариалангийн компаниудаас авсан улаан буудайн төлбөрөө  төлж барагдуулаагүйг сануулж, үүнийгээ нэн даруй олгуулах арга хэмжээ авахыг шаардсан байна.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

10913715_1400473753582835_821751222_n


Санал болгох

Сэтгэгдэл

top