|

Тансаг хэрэглээтэй эхнэрээс татгалзъя

tonshuul 2015/01/19 5185 258

 Тансаг хэрэглээтэй эхнэрээс татгалзъя Эдийн засгийн хямралтай үед хэмнэх, танах тухай эрх баригчид гайгүй сайн зөвлөгөө өгч, донгосох болжээ. Бүх зүйлийг л хэмнэнэ гэнэ, арай л өтгөн шингэнээ тасдаж гаргах тухай зөвлөгөө өгөхгүй байна. Зарим нэг гишүүн барьдаг үзгээ хүртэл сольсон тухай цахим хуудсаар жиргээд авчээ. Унадаг машин, барьдаг үзэг гээд бүгд л эгэл ардынхаа хэрэглэдэг зүйлийг хэрэглээд эхэлсэн тухай жиргэцгээж байна. Ингээд л хямралаас гарчих юм шиг сайхан шоудаж байна,аа.

 

      Бидний хайртай бөх Б.Бат-Эрдэнэ аварга хүртэл энэ тухай цахим хуудаснаа дэлгэснийг уншигч та хараад нэгийг бодож хоёрыг тунгаасан нь лавтай. Магадгүй манай энэ түшээд мөдхөн тансаг хэрэглээтэй эхнэрээс татгалзъя гэсэн уриа гаргаж мэдэх хүмүүс шүү. Улстөржиж, ард түмнийг хуурч байвал юугаа ч ярьж донгосч мэдэх хүмүүс.

 

     Тэр ч бүү хэл зарим намын бүлэг төсвөөс авдаг унааны зардлаа авахгүй хэмнэлт зарлан шоудаж байна. Ер нь төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа дарга нар ч тансаг хэрэглээг танаж, хэмнэлт зарлаж байгаагаа дуулгаад байна. Зарим нэг нь цалингаасаа хүртэл татгалзаж байх юм. Цалин авахгүй яаж амьдрах гээд байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирнэ биз дээ. Магадгүй энэ цалингаас татгалзаад байгаа нөхөд энэ хямралыг бий болгосон байж болохоор. Түүнээс бус яагаад тэд цалингүй ажиллаж амьдралаа залгуулах гээд байгаа хэрэг вэ. Өнгөрөгч хугацаанд төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлсан болоод л тэр биз гэсэн хардлага хэнд ч төрж таарна.

 

     Дээрх тансаг хэрэглээ гээд бүх зүйлдээ хэмнэлт зарласан эрхмүүдийн гэрт нь очиж ямар хэмнэлт хийж байгааг харвал их л сонирхолтой дүр зураг харагдах байх даа. Магадгүй өнөөх тансаглал яг хэвээрээ, түүнээс ч илүү байгааг төвөггүйхэн харж болно. Тэдэнд хямрал гээч зүйл огт нөлөөлөөгүй гэхэд болно. Мэдрээ ч үгүй байгаа. Ард олон яриад шуугиад, эрх биш арай нэг мэдрэмжтэй түшээд нь яриад эхлэхээр хямрал гэж нэг юм болоод байгаа юм байна гэж ойлгож байгаа болов уу.

 

      Тэгэхээр эрхэм түшээд маань үнэхээр л тансаг хэрэглээнээсээ татгалзаж байгаа нь үнэн бол бүх зүйлээс татгалзъя. Тансаг хэрэглээтэй эхнэрүүдээсээ татгалз л даа. Үнэхээр л хэмнэлт хийж байгаа бол шүү ээ. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн эхнэр загвар өмсөгч О.Байгалийн хэрэглээ гэхэд л эгэл нэг айл өрхийн нэг сар хэрэглэх мөнгийг ганц өдөрт хэрэглэж байгаа гэдгийг уншигч та мэдэж байгаа. Тэгэхээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд эхнэрээсээ татгалзъя. Энэ мэтчилэн тансаг хэрэглээтэй эхнэртэй гишүүд маш олон бий. Бүгд л ийм эхнэртэй. Тэгэхээр унааны зардал танаж, цомхотгол хийж байхаар эхнэрээсээ татгалз л даа.  

 

       Энэ нь хэдийгээр бусдын эрхэнд халдаж байгаа мэт харагдах авч, хэдийгээр наргиа боловч үнэн зүйл. Эрхэм түшээдийн эхнэрүүд бидний бүтэн сар зүтгэж олдог мөнгийг нэг өдөрт л зарцуулж байгаа. Тиймээс эндээс л хэмнэлт хайгаад юм л даа.

 

А.Гал

 

Санал болгох

Сэтгэгдэл

top