|

Ц.Элбэгдоржийн зэс нь хэзээ цухуйх вэ?

batdorj 2019/02/15 608 0

 

Ц.Элбэгдорж ярьж хэлж байгаа шигээ нэр цэвэр, сэтгэл ариухан хүн мөн үү? Би л хувьдаа эргэлзэж байна. Тэр үйлийн үрээ эдлэх гэж байна. Түүнийг Монгол улсын шүүх дуудахад бэлэн болсныг тэр сэтгэл, зүрхээрээ мэдэрч байх шиг. Нэгэн цагт Н.Энхбаярт хандан хэлснээр, гутлаа үдээд, зангиагаа зүүгээд, өөрөө хөлөөрөө шүүх рүү очих цагтай нүүр тулжээ. Гэвч үүнийг тэр хүсэхгүй байна. Тэр тусмаа Энхбаярын хувь заяаг тэр давтахыг бүр хүсэхгүй байна. Тэр телевизгүй гэлээ. Түүнд үйлчилдэг Eagle тв, News.mn мэдээллийн сайт бийг мэдэх хүмүүс зах зухаас бий. Элбэгдорж сэтгүүлчдийн асуултанд хариулав.

Тэр Монголын хамгийн том, хамгийн үнэтэй зургийн цуглуулгатай гэдгийг зураачид, уран зураг сонирхогч, судлаачид хэлдэг. Энэ уран зургийн үнэ цэнийг тогтоох боломжгүй. Үүнийг тэр төрийн мөнгөөр худалдан аваагүй гэлээ. Тэгвэл ямар мөнгөөр авснаа бас тайлбарлах цаг ирэх байх. Нэг уран зургийн үнэ 50 саяас 500 сая хүрч буй. Ийм л цуглуулга түүнд очжээ. Гадагш нь гаргаагүй нь сайшаалтай ч, Монголд байхгүй уран зургийн үзэсгэлэн нэг хүнд төвлөрчээ. Гунигтай биш үү! Эрдэнэтийн 49 хувьд хамааралгүй, зөвхөн Монголд оруулж ирэхийг дэмжсэн гэлээ. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголынх болохыг эсэргүүцэх Монголын нэг ч иргэн байхгүй гэдэгт би итгэнэ.

Гэхдээ энэ бүхнийг хийхдээ яагаад нууж, далдалж хийх ёстой гэж! Нуусны, далдалсны ард юуг нуух гэж оролдов? Энхбаярыг унагахдаа Эрдэнэт үйлдвэрт бөмбөлөг шахдаг тухай асуудлыг сөхөж байсан. Тэгвэл өнгөрсөн 8 жилд түүнийг ерөнхийлөгч байх хугацаанд Эрдэнэт үйлдвэрт хэн, юу шахасныг шалгах боломжийг хаах гэв үү? Яагаад Бадамжунайн хүргэн гэх Эрдэнэбилэг гэх ганц хүн Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг авах ёстой гэж ?? Энэ шударга ариун явдал мөн үү ? гэдэгт тухайн үед ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ерөнхийлөгч Элбэгдорж гэж хүн хариулж, бас хариуцлага үүрэх учиртай. Тиймээс Н.Энхбаяр & Элбэгдорж, юм уу, Элбэгдорж& Баттулга гэдэг хүмүүсийн өөр хоорондын зодоон анхаарал татах зүйл огт биш.

Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдонгуут өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяртай л тулалдсан. Н.Энхбаярын хэлснээр Нямдорж, Элбэгдорж хоёр эвсэж байж түүнийг дарсан. Тэгвэл Элбэгдорж бууснаасаа хойш нэг л хүнтэй арсалдах болов. Тэр нь түүний орыг залгамжилсан Х.Баттулга. Гайхалтай нь, өөртэй нь нэгэн цагт хүч хавсарч байсан нөгөө Нямдорж нь Х.Баттулгатай хавсайдаж түүнийг дарж авах гэж буй гэнэ. Үүнийг Элбэгдорж уулзалтын явцад дурдлаа. Түүний ой тойноос нэг л хүн салахаа больсныг байсхийгээд Баттулга руу хазайх түүний яриа илтгэнэ. Ямарсайндаа, тантай уулзсаных таны тухай ярилцая, Баттулгын тухай ярих гэж ирээгүй гэж сэтгүүлч хэлэх вэ? Сэтгүүлчидтэй хийсэн уулзалтыг үзээд тэр үнэхээр түгшиж, сэтгэл нь нэгэнт тогтворгүй болжээ гэдгийг анзаарлаа.

Давосын эдийн засгийн форумд оролцохдоо ч, гэр орондоо ч тогтож сууж чадахаа больсон байна. Тэр цагаан сар өндөрлөхийг, Х.Баттулгад хандаж үгээ хэлэхийг тэсэн ядаж хүлээж байсан байна. Тэр "Цензургүй яриа-нд байснаас илүү зоригтой үгээ хэлж суулаа. Баттулгыг хулгайч, хулгайчийн арга барилаар ажилладаг гэж шулуухан хэллээ. Өөрөөр хэлбэл, тэр Х.Баттулгыг тулаанд дуудлаа. Энэ тулаанд зарцуулах хангалттай хөрөнгө, дэмжих өөрийн хэвлэл мэдээллийн байгууллага, түших улс төрийн нам энэ бүхэн хангалттай бий. Хамгийн гол нь өөрийнх нь 8 жилийн хугацаанд тогтоосон хууль, шүүхийн байгууллагын хүчирхэг сүлжээ хэвээрээ байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Том зодооны нүргээн сонсогдох эхлэх нь энэ үү!

Ц.Энхбат


Санал болгох

Сэтгэгдэл

top