60 тэрбумын схемийг боловсруулсан Ц.Сандуй болон УЗ-ийн шийдвэрийг эсэргүүцэгч, хотын даргад горилогч асан С.Мөнхчулуун нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
МАН-ын шинэчилсэн дүрмийн 6.3 заалтыг үндэслэн тус шийдвэрийг гаргасан байна. Намын дүрэмд зааснаар "Намын эв нэгдлийг хамгаалах, намын эрх ашигт ҮЛ НИЙЦЭХ улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бол гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана” хэмээн заасан байдаг.
С.Мөнхчулуун нь хотын даргыг томилох Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэн заалнаас нэр дэвшихдээ, гишүүдийн санал будилуулах лоббиг зохион байгуулсан юм. Түүнтэй холбоотой мэдээллийг сөхвөл С.Мөнхчулууны хадам ээж болон хадам дүүгийн нэр дээрхи "Наранбулаг сервис” ХХК нь төрийн өмчийн "Баруун сэлбэ” үйлчилгээний төвд байрлах "Улаанбаатар радио”-н байрыг хууль бусаар хувьдаа эзэмшихээр арваад жил санаархан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдад удаа дараа дарамт үзүүлж байсан тухай баримт байдаг.
Түүнчлэн түүний төрсөн дүүгийн гэмт хэргийн чанартай олон удаагийн үйлдлүүд цагдаагийн газраар шалгагдаж байгаа. Шөнийн цэнгээний газар "сэлэм” барин зодоон цохион хийсэн С.Бямбацогт 2018 оны дөрөвдүгээр сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан юм. Тэрбээр дөрвөн хүнтэй хамтран хар тамхи хууль бусаар хилээр оруулж ирэн, зарж борлуулж байхад нь Хар тамхитай тэмцэх газрын алба илрүүлэн баривчилж байв. 2 сая гаран хүн амтай их хотыг ийм төрсөн дүүтэй хүнээр удирдуулахгүй байхаа МАН эрхбиш мэднэ.
Ц.Сандуйн хувьд тэрбээр нийслэлийн МАН-ын даргаар ажиллах хугацаандаа төрийн албыг худалдаалах 60 тэрбумын схемийг боловсруулан тухайн үеийн намын даргадаа танилцуулж байсан. Тэрбээр энэ схемээ өөрийн баг бүрэлдэхүүнээрээ гардан хийсэн тухай ч телевизэд өгсөн мэдэгдэлдээ нотолж байсан юм. Төрд шударга ёсны салхи сэнгэнэж эхэлсэн энэ цаг үед түүнд тооцох хариуцлага нь намаас түдгэлзүүлэх шийдвэр болж байна.
Шударга бусын хонгилтой тэмцэж, дуугарсан гишүүдээ Ардчилсан нам саяхан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаараа хөөсөн бол МАН харин 60 тэрбумын схемд гар бие оролцсон, төрийн эсрэг бодлого боловсруулсан намын гишүүддээ ийн хариуцлага тооцож эхэллээ.
Эх сурвалж: Undesten.mn
http://undesten.mn/83934.html?fbclid=IwAR2hgYdPLRQxjJk3oxOGq6eCwQWshQw_D_dnnh1_MbZVyOrpFwluB-mFCU4