|

Венесуэльчүүд 11 кг туржээ

batdorj 2019/02/19 275 0

 

Венесуэлийн нөхцөл байдал өдөр ирэх тусам дордож, хүмүүс нь хоол хүнс болоод цэвэр усны дутагдалд ороод байгаа. Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний тэргүүлсэн Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагч бүрийг гэмт хэрэгтэн хэмээн үзэх болсноос гудамжинд гарч жагсах хүн ч байхгүй болжээ. Инфляц хурдацтайгаар өсөж байгаагаас үүдэж, венесуэльчүүд хангалттай хоол хүнс худалдан авах ч чадваргүй болсон бөгөөд венесуэль хүн бүр дунджаар 11 кг жин хассан талаар "Аль-Жазира” агентлаг мэдээллээ.

Хоёр жилийн өмнө Венесуэлийн иргэдийн дөрөвний гурав нь дунджаар есөн кг жин хаясан тухай судалгаа гарч байсан юм. Тэгвэл ердөө хоёр хүрэхгүй жилийн дотор энэ тоо хоёр оронтой тоонд хүрчээ. Энэ үзэгдлийг олон улсад "Madu-ro Diet” хэмээн нэрийдэх болоод байгаа. Одоогийн байдлаар 10 өрх тутмын ес нь өдрийн хоолоо бүрэн гүйцэд хангаж чадахгүй байгаа ажээ. Мөн 10 сая хүн өдрийн хоолноосоо татгалзаж, үр хүүхдэдээ хэмнэсэн хоол хүнсээ зориулдаг болсон гэнэ.

Нөхцөл байдал дордох тусам Модураг дэмжигчдийн тоо хурдацтайгаар буурч, сөрөг хүчнийг дэмжигчдийн тоо нэмэгдэх болжээ. Аура Сармиенто гэх Каракас хотын ойролцоох Гуаратод амьдардаг залуу хямралаас өмнө дундаж ангийн төлөөлөгчид тооцогдон, орон сууц, автомашинтай нэгэн явсан бол өнөөдөр зөвхөн идэх хоолны төлөө явж байгаагаа ярив. Түүний мөрөөдөл турж жижгирсэн биетэй нь хамт алга болж байгааг тэрбээр өгүүлжээ.

Аура "Мэргэжлийн зорилго, ажил хөдөлмөрийн тухай биш, зөвхөн юу идэх тухай бодож амьдрах нь эмгэнэлтэй байна. Би өмнө нь өлсгөлөн, талханд дугаарлах хүмүүсийг хараад хэзээ ч өөрийгөө тийм болно гэж төсөөлж байгаагүй. Мөн маргааш юу идэх вэ гэж шөнөжин бодож хононо гэж төсөөлсөнгүй” хэмээн ярьжээ. 170 см өндөртэй Аура биеийн жингийнхээ дөрөвний нэгийг алдаж, 50 кг жинтэй болсон гэнэ.

Эмнэлэгт үзүүлэхэд нь эмч түүнийг стресс, өлсгөлөнгөөс үүдэлтэй зүрхний өвчтэй болсныг дуулгажээ. Одоо тэр өглөө болгон 05.00 цагт босож, хүнсэнд дугаарлан зогсдог ч заримдаа хоосон харих нь бий. Тэрбээр эцэстээ Засгийн газраас сард нэг удаа олгодог нэг ам.долларын багц хүнсийг авахаар бүртгүүлсэн байна. Хүнснээс гадна тулгамдаж буй асуудлын нэг нь цэвэр ус. Гуаратод цэвэр усны хомсдол үүссэний улмаас бараг 500 орчим хүн ганц цоргон дээр дугаарлан зогсож, багахан ус авдаг талаар Аура мөн ярьжээ.

Одоогийн байдлаар венесуэльчүүдийн дундаж цалин нь 18 мянган боливор буюу таван ам.доллар 47 центтэй тэнцэж байна. Харин нэг гурил 2,600 боливор, цагаан будаа 2,900 боливор, төмс 6,000 боливорын үнэтэй байна. Зөвхөн нэг кг будаа, төмс, гурил худалдаж авахад бүтэн сарынх нь цалин хүрэлцэж байгаа юм. Венесуэлийн амьдрал ийм байгаа ч Ерөнхийлөгч Николас Мадуро үүнийг АНУ-ын өдөөсөн эдийн засгийн дайны үр дүн гэж тайлбарласаар байгаа. Тэрбээр "Энэ бол өлсгөлөн биш, гадаадын империалистуудын үзүүлж буй дарамт” хэмээв.

Газрын тосны үнэ 2014 оноос эхлэн унаж эхэлснээр гадаад валютын хомсдолд орсон Венесуэлийн эрх баригчид мөнгөө хүнсний импортод бус, Засгийн газрын өрийг дарахад зарцуулж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн. Одоо Венесуэлийн хүнсний хангамжийн 70 хувь нь импортоор нийлүүлэгддэг. Эдийн засгийн шинжээчид үүнийг "Засгийн газар нь өрийн дансаа тэглэхийн тулд иргэдээ хоосон хонуулах замыг сонгосон” гэж дүгнэж байна.

Мадурог засгийн эрхэнд гарсан 2013 оноос хойш үндэсний валютын ханш 99 гаруй хувиар унажээ. Венесуэлийн эрх баригчид 2015 оноос хойш инфляцын мэдээллийг гаргахаа больсон ч сөрөг хүчнийхэн өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 7,000 хувьтай байгаа гэж мэдээлсэн. Харин Олон улсын валютын сан энэ тоо удахгүй 13,000 болно гэж анхааруулаад байгаа юм. 1980-аад оны сүүлээс гэж бодож үзвэл 30 хүрэхгүй жилийн дотор Латин Америкийн диваажин байсан улс өдгөө хүн төрөлхтний хамгийн хөндүүр, халуун цэг болоод байна.

Ц. Даваасамбуу

"Үндэсний шуудан”

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top