|

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас хойшилж магадгүй гэв

batdorj 2019/02/28 495 0

 

Монгол Улсад 10 гаруй жил Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй "Рио Тинто" компани өнөөдөр 2018 оны санхүү, үйл ажиллагааныхаа тайланг мэдээллээ. 

Дэлхийн зургаан тивийн 40 гаруй улсад цайр, төмрийн хүдэр, нүүрс, уран, зэс, алт, титан, давс болон алмаз олборлох үйл ажиллагаа явуулдаг "Рио Тинто" групп нь 2018 онд 13.6 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Өдгөө 40 гаруй улсад 55 мянга гаруй хүн ажиллуулж буй дэлхийн хамгийн том уул уурхайн компанийн цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 56 хувиар өссөн байна. 

Энэ хүрээнд хувьцаа эзэмшигчдэдээ 13.5 тэрбум ам.доллар хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүний 3.1 тэрбум ам.долларыг ногдол ашиг, дөрвөн тэрбум ам.долларыг тусгай ногдол ашиг хэлбэрээр тараах аж. Ингэснээр компанийн ногдол ашгийн хэмжээ түүхэн дэх хамгийн өндөр дүнд хүрч буй тохиолдол болжээ. Цэвэр ашгийн хэмжээ ийнхүү өссөн нь Австрали дахь зэсийн төсөл нь амжилттай хэрэгжсэнтэй холбоотой хэмээн "Рио Тинто" группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак  онцолсон юм.  

Тэрбээр "Бид хувьцаа эзэмшигчдэдээ амласан амлалтдаа хүрч, компанийн ашигт ажиллагааг сайжруулан ажилласанд баяртай байна. Гэхдээ бидэнд хийх ажил их бий. Австралийн Петерсон бүсийн талбайд хийсэн өрөмдлөгийн дүнгээр зэс, алт, мөнгөний нөөцийг илрүүлээд байгаа. Цаашид төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээр бэлтгэж байна" гэв. "Рио Тинто" өнгөрсөн онд Австрали дахь "Mount Pleasant” нүүрсний төслөө 224 сая ам.долларыг рояалтийн хамт "MACH Energy Australia” компанид худалдсан билээ. 

Түүнээс гадна Оюутолгой төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Жан Себастьян Жак "Монгол Улсад байрлах Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил уурхайн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн хугацаанаас хэдэн сараар хойшлох магадлалтай байна. Гэхдээ бид Оюутолгойн гүний уурхайн төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт бүрэн итгэлтэй байгаа" гэв. Гүний уурхайн хүдрийн олборлолтыг 2020 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн ч есөн сараар хойшилж магадгүй тухай өмнө нь мэдээлж байсан билээ. 

Мөн тэрбээр дэлхийн эдийн засгийн энэ оны төлөв байдалд бага зэрэг санаа зовниж буйгаа илэрхийлж, АНУ болон Хятадын худалдааны дайн нь тус компанийн голлох зах зээл болох төмрийн хүдрийн төслүүдэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байгааг онцолжээ. 

А.Тэлмэн 

Эх сурвалж: www.ft.com www.afr.com


Санал болгох

Сэтгэгдэл

top