|

Африкт сурагчид Хятадын төрийн дууллыг дуулах нь содон үзэгдэл биш болжээ

batdorj 2019/04/12 17 0

Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятад улс Африк тив даяар асар их нэр хүнд, хүч, нөлөөллийг бий болгосон юм. БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний тэргүүн зорилт болох Хятадын бүс ба зам санаачлагын хүрээнд тэд 2000 оноос хойш ойролцоогоор 143 тэрбум ам.долларыг Африкийн орнуудад зээлсэн байна. Уг их хэмжээний хөрөнгөөр Африкийн ядуу орнууд өнгө төрхөө эрс өөрчилж хурдны зам, далан, нисэх буудал, цэнгэлдэх хүрээлэн, тэнгэр баганадсан өндөр барилгууд зэрэг олон бүтээн байгуулалтыг хийсэн аж.  

Кенийн нийслэл Найроби хотоос олон километр алслагдсан нэгэн дунд сургуулийн нэг ангийн 20 гаруй сурагч Хятадын төрийн дууллыг дуулах аж. Энэ нь сүүлийн жилүүдэд тийм ч өвөрмөц үзэгдэл байхаа больжээ. Тус сургуульд Мандарин хэлийг заадаг бөгөөд 13 настай Сандра Ванжиру гэх сурагчийн хэлснээр "гадаад хэл сурах нь сонирхолтой учраас би Хятад хэлийг сонгон суралцаж байна. Гэхдээ үүнээс гадна би ирээдүйд Хятад улс руу аялж, тэнд бизнес эрхлэх шийдвэр гаргаж магадгүй” гэсэн юм.

Харин Кенийн сургалтын хөтөлбөр хөгжүүлэх төвийн захирал Жулиус Жуаны хэлж буйгаар "Хятад улсын дэлхийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг харах юм бол Кенийн иргэд Мандарин хэлээр ярьж сурах нь алсдаа манай улсын хөгжилд асар их хэрэгтэй” гэсэн юм. Тиймээс 2020 оны хичээлийн жилээс Кени улсад Хятад, Франц, Герман хэлийг албан есний хичээлийн хөтөлбөрт нь багтаж байгаа аж.

Кени Мандарин хэлийг дунд, ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөртөө багтаасан Африк тив дэх анхны улс биш юм. Хятад хэл 2014 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын хичээлийн хөтөлбөрт албан ёсоор багтах болсон юм. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Уганда улс тус хэлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөртөө сонгон судлах хэлбэрээр оруулсан байна. Тус улсын сургалтын хөтөлбөр хөгжүүлэх төвийн захирал Хенри Адрамунгуни хэлэхдээ "Мандарин хэл нь НҮБ-ын албан ёсны ажлын хэлэнд багтдаг учир бид уг хэлийг сургалтын хөтөлбөртөө багтаах шийдвэр гаргасан. Сурагчдад Франц, Латин, Араб болон Герман хэлийг ч сонгон судлах бололцоо бий. Хамгийн гол нь бид Угандагийн залуу иргэдийг ирээдүйд хилийн чанадад боловсрол эзэмшиж, тэнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээж өгөхөд Хятад хэлийг сургах нь зайлшгүй шаардлага болоод байна” гэсэн юм.

2005 онд Кенийн нийслэл Найробийн их сургуульд Күнзийн боловсролын төв нээгдсэн байна. Энэ нь цаашид Африк тив даяар өргөжсөн юм. Үндсэндээ тус боловсролын төвүүдийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлж сайн дурын багш нар томилогдон Хятад хэлийг заадаг байна. Хамгийн сонирхолтой нь өнөөдөр Африк тивд Хятад хэл соёл нь зөвхөн Францын дараа орох хоёр дахь том гадаад соёлын нөлөөлөл болсон аж. Хятад улс Африк тивийг колоничилж байсан ямар ч түүхтэй холбоогүй хэрнээ тэднийг хамгийн ихээр колоничилж байсан Англи, Португали болон Голланд улсын соёлын нөлөөллийг ердөө хэдхэн жилийн дотор давж гарчээ.  

Африк тив дэх Хятадын хэт нөлөөллөөс болгоомжилдог улстөрчид Мандарин хэлийг сургалтын хөтөлбөрт оруулахыг эсэргүүцдэг аж. Гэвч энэ тивийн маш олон орны хувьд БНХАУ нь худалдаа эрхэлдэг гол улс, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг болж, зээл тусламж ихээр өгдөг нь тэдний хэл соёлд зайлшгүй суралцах шалтгаан болж байгаа гэж Африкийн хэл судлалын хүрээлэнгийн тэргүүн Рассел Касчула  "Тэртээ XIX зуунд Африкчуудын хувьд Англи, Франц, Португали хэлийг сурах нь нэн чухал шаардлагатай байсан. Учир нь тэд биднийг колоничилж байлаа шүү дээ. Африкийн орон бүрийн түүхийг хараад байхад нөлөөлөлд нь орсон тухайн гадаад улсынхаа л хэлийг суралцаж байдаг. Өнөөгийн Хятад-Африк гэх харилцааг харахад Мандарин хэлийг ингэж олон хүн сураад байгаад гайхах зүйлгүй” гэсэн байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: CNN  


Санал болгох

Сэтгэгдэл

top