|

БНХАУ жолоочгүй, өртөг багатай тээврийн хэрэгсэл бүтээж байна

batdorj 2019/04/29 332 0

Нисэх буудал болон цэцэрлэгт хүрээлэн зэрэг тусгай бүсэд ашиглах жолоочгүй тээврийн хэрэгслийн өртгийг бууруулахаар БНХАУ-ын эрдэмтэд ажиллаж байна. Тус улсын Шинжлэх ухааны академийн харьяа Физикийн шинжлэх ухааны Хэфэй институтийн судлаачдын багийн мэдээлснээр, байгаль орчныг мэдрэх алгоритм болон лазер радарыг оновчтой болгох замаар зардлыг бууруулах боломжтой аж. Ингэснээр уг тээврийн хэрэгслийн үнийг 100 мянган юаниас /15 мянган ам.доллар/ бага байлгаж болох гэнэ. "Жолоочгүй тээврийн хэрэгсэл нь автомат жолоодлогын системийн мэдрэгч зэрэг өндөр үнэ бүхий эд ангиудаас бүрддэг тул нэгжийн үнэ 1 сая юаниас өндөр үнэтэй байдаг” гэж төслийн ахлагч Жян Рухай хэлжээ. Шинээр бүтээж буй тээврийн хэрэгслийн хувьд яаралтай үед зогсох, хянах зэрэг үйлдлийг автоматаар хийх чадвартай бөгөөд ойрын 120 метр дэх биетүүдийг мэдрэх шалгалтад тэнцсэн байна.

Хэфэй институт автомашин үйлдвэрлэгч нэгэн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Тээврийн хэрэгслүүдийг ирэх оноос олноор үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна. "Бидний бүтээж буй технологийг үйлдвэр, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, нисэх буудал зэрэгт ашиглах тээврийн хэрэгсэлд суурилуулах боломжтой ба 10 км/цаг хурдлах хүчин чадалтай” гэж Ж.Рухай хэлжээ. Үүнээс гадна судлаачид тээврийн хэрэгслийг дуудах зориулалт бүхий хавсралтыг хэрэглэгчдэд зориулан хөгжүүлж байгаа ажээ.

Э.Хулан 

Санал болгох

Сэтгэгдэл

top