|

'Оюутолгой'-н ашиг Монголын тал 31, хөрөнгө оруулагчдынх 69 хувь гэж дүгнэжээ

batdorj 2019/05/09 623 0

 

Эхлээд хоёр баримт хэлье.

  1. "Оюутолгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ерөнхий сайд С.Баярын хэлсэн үгийг монголчууд мартаагүй. Тэрээр "Оюутолгой төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувь байхаар тохиролцож чадлаа” гэж байв. Өөрсдөө ухаж чадахгүй, тийм технологи, ноу-хау байхгүй монголчуудад энгийнээр ойлгоход 100 төгрөг тутмын 53 нь ногдоно гэдэг тухайн үедээ боломжийн наймаа шиг санагдаж байв.
  2. Энэ үйл явдлаас хоёр жил орчмын дараах нэгэн өглөө талхаар дүрслэн өгөөжийг хуваарилсан зурагт самбар Улаанбаатарын гудамжаар дүүрснийг монголчууд бас мартаагүй. Тэнд монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг, хамгийн сайн мэдэг "Атар” талхыг хуваан "Оюутолгойгоос хүртэх монголчуудын өгөөж 71 хувь, хөрөнгө оруулагчдынх 29 хувь” гэж бичсэн байлаа. "Оюутолгой”-н төслийн PR-ийг монголчууддаа ходоодоор дамжуулж хүргэх гэсэн энэхүү ядмаг санааг гүйцэлдүүлсэн нэгэн одоо төрийн албанд ажилладаг гэсэн. Талхаар дүрсэлснийг зарим нь доромжлол гэж бухимдаж байхад, Оюутолгойн  зарим нь "С.Баяр Ерөнхий сайдын 53 хувь гэдгээс илүүтэй хулхидаж байна” хэмжээн бухимдаж байв.

Одоо шинэ мэдээлэл хүргэе.  2016 оноос хойш ажилласан, бүх яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцсон, хэд хэдэн дэд ажлын хэсэгтэй нэлээд  өргөн бүрэлдэхүүн бүхий Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс дараах дүгнэлтийг гаргажээ. Тэндээс онцгойлбол "Нөөцөд суурилсан хувилбар буюу 2010-2055 он хүртэл тооцсон мөнгөн урсгалын тооцооллоор Оюутолгой төслөөс Монголын талын  хүртэх ашиг 31 хувь, хөрөнгө оруулагчдынх 69 хувь байх төсөөлөлтэй байна” гэж дүгнэсэн байна. Энэ нь гэрээг баталж байх үеийн буюу 2010 оны ТЭЗҮ-г баримтлахгүй байгаа, мөн хөрөнгө оруулагч талд давуу байдалүүсгэсэн "Дубайн гэрээ”-ний өөрчлөлттэй холбоотой хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэхээр талууд тохирч, мөн УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосон байна. Гэтэл үүнийг "Оюутолгой”-н гэрээг хоёр удаа тус бүр 20 жилээр сунгах хугацааг дууссаны дараа Монголын талын эзэмшлийг 50-д хүргэхээр өөрчилжээ. Ингэхээр 2041 оноос нааш Монголын тал 34 хувийн эзэмшлээ нэмэгдүүлэх ямарч боломжгүй болж байгаа юм. Энэ нь УИХ-ын тогтоол, анхны тохиролцоог өрчиж байна гэж ажлын хэсэг үзсэн байна. 34 хувьдаа ногдол ашиг авах хугацаа мөн  "Дубайн гэрээ”-гээр хамгийн наад зах нь 2037 он болж хойшилсон.

Дашрамд дурдахад,  ажлын хэсгийн эдгээр дүгнэлттэй Оюутолгой компанийнхан УИХ-ын гишүүдээс түрүүлж танилцаад няцаалт бүхий тайлбараа УИХ-д хүргүүлжээ.  Хэн өгснийг УИХ дотроо хайж, гишүүд биесээ хардаж байгаа бол, сошиалд байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өгсөн байх магадлатай, түүний хувийн компани нь Оюутолгойгоос замын тендер авдаг хувийн сонирхолтой талаар сошиалд бичжээ.  Хөрөнгө оруулагчдын УИХ-д хүргүүлсэн тэдгээр няцаалт дунд жишээ нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзэмшлийг 50 хувьд хүргэх  гэснийг  " анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдгийг анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэж ойлгож болохгүй, 2041 он бол нөхсөний дараа гэдэгт ойлголтод багтана” гэж тайлбар ирүүлсэн тухай эх сурвалж хэллээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд, ил уурхайгаас олсон ашгийг гүнийн уурхайн санхүүжилтэд зарцуулах гэрээний зохицуулалттай. Гэтэл уг ашгаар хувь нийлүүлэгчдийн зээл, түүний хүүг төлсөн. Хэрвээ энэ схемээр явбал Оюутолгой төслөөс олсон ашиг нь хувь нийлүүлэгч-хөрөнгө оруулагчдын зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, Монголын тал 34 хувьдаа ногдол ашиг хүлээж байхад, хөрөнгө оруулагчид зардлаараа дамжуулан ашиг хүртэж байгаа шударга бус хуваарилалтыг яаралтай залруулах ёстой  гэж дүгнэжээ.

"Дубайн гэрээ”-гээр гүнийн уурхайн санхүүжилт авахдаа Оюутолгойн Монголын талын 34 хувь мөн бусад мөнгөн урсгалыг гадаадын агентын барьцаанд тавьжээ. Хэрвээ эрсдэл үүсвэл хөрөнгө оруулагчид гэрээний эрхээ аль нэгэн компанид шилжүүлэх болон Оюутолгойн ордыг барьцааны хөрөнгөтэй нь хамт худалдаад гарахыг үгүйсгэхээргүй нөхцөлтэй болжээ гэж УИХ-ын ажлын хэсэг дүгнэлтдээ дурдсан гэлээ.

Оюутолгой компани нь 2009-2015 онд нийтдээ 3.2 тэрбум төгрөгийн татварын зөрчил гаргасан ба үүнийхээ 443 сая төгрөгийг нь огт төлөхгүй хэмээн шүүхэд ханджээ. Үүнээс гадна Оюутолгой компани нь татварын удаан хугацааны тогтвортой орчинд ажилладаг хэрнээ Монгол Улсын эдийн засаг дахь татварын ачааллаас 5 хувь бага татвар төлдөг, чөлөөлүүлдэг хэрнээ байнга татварын маргаан гаргаж байдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд шүмжилсэн байна.

Энэ мэтээр Оюутолгойг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд баяжмалыг тойрсон эргэлзээ, улсын төсвийн худалдан авалтын шалгуурт тэнцдэггүй хэрнээ "Оюутолгой”-н шалгуурт тэнцэж өндөр үнээр бараа шахдаг худалдан авалтын тухай, усны хэрэглээ төлбөр зэргээр ноцтой асуудал нэлээд байгаа бололтой.

С.Аж-Уул

Эх сурвалж: itoim.mn

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

top