|

Оюутолгойн араас Саусгоби Сэндс татвараас бултаж, араас нь...

tonshuul 2015/01/20 1183 1
Оюутолгойн араас Саусгоби Сэндс татвараас бултаж, араас нь...Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсад татвар төлөхгүй бултдаг нь хууль болж байх шиг байна. Газрын доорх баялгийг ухсан, ашигласан, орлого олсон атлаа татвараа төлөх тал дээрээ луу унжсаар... Үнэндээ уул уурхайн компаниудын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгаа нь харагдаж байна. Саяхан л "Оюутолгой” компанид татварын хууль бус зөрчлийг улсын байцаагч илрүүлэн 130 сая ам.долларын торгууль тавьсан. Гэвч энэ бол буруу шийдвэр байсан хэмээн Татварын маргаан таслах зөвлөлийнхөн 30 сая төгрөг болгож бууруулсан. Гэвч энэ мөнгөө хүртэл төлөхгүй хэмээн шүүхэд хандаж гүрийж байгаа юм.

Уг нь бол 130 сая ам.доллараас ч илүү татвар төлөх ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нарын хүмүүс хэлдэг. Гэтэл улсынхаа эдийн засгийг сэргээх татварын асуудлыг хав дардаг Оюутолгойн удирдлагуудтай найзалчихсан төрийн түшээд ч бий. Нэг ёсондоо тэдний халаасанд орчихсон улстөрчид гэсэн үг. 130 сая ам.долларыг яагаад бууруулаад 30 сая ам.доллар болгосон юм бэ гэсэн асуултад Татварын Ерөнхий газрын дарга асан Т.Батмагнайгаас тайлбар өгөхийг шаардаж байсан ч тодорхой оновчтой тайлбарыг өгч чаддаггүй.

Түүний тайлбарласнаар "130 сая ам.доллар бол татварын өр биш. Татварын Ерөнхий газрын хийсэн хяналт шалгалтаар "Оюутолгой” компанийн санхүүгийн материалтай танилцаж, зөрчил илрүүлсэн. Гэвч Оюутолгой компанийн зүгээс улсын байцаагчийн тавьсан актыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс татварын маргаан таслах зөвлөлөөр орж 30 сая ам.доллар болсон” гэдэг. Үнэндээ Татварын Ерөнхий газрын дарга асан Т.Батмагнай Оюутолгойг биеэрээ хамгаалж байсан.

Харин Шийдлийн Засгийн газрын томилгоогоор Т.Батмагнай дарга ажлаа өгч оронд Б.Ариунсан болсон. Дарга солигдсон нэрийдлээр Оюутолгойн татварын асуудал нам дарагдав. Тиймээс "Оюутолгой” компанийн халаасанд шургалаагүй бол татварын асуудлыг ил гаргаж, улсдаа хөрөнгө оруулах ажлыг шуурхайлах хэрэгтэй байна, Б.Ариунсан дарга аа.

Одоо бүр "Оюутолгой” компани 100 сая ам.доллараа өгөх нь байтугай төлөх ёстой 30 сая ам.доллараа өгөхгүй хэмээн гүрийж шүүхэд хандсан сураг байна. Энэ үнэн үү, ТЕГ-ын дарга аа.

 "Оюутолгой”-н энэ буруу жишгийг үлгэрлэж Монгол Улсад татвар төлөхгүй байж болдог юм байна гэдгийг  "Саусгоби сэндс” компанийнхан харууллаа.  Тус компанийнхан 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байна.

Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажуком нар бүлэглэн "Саусгоби Сэндс” ХХК-ийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.11, 8.1.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2.7, 17.2.9 дэх хэсэг, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.4.9, 7.5, 13.11, 16.1.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, татвар ноогдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ноогдох орлогын тоог зориуд бууруулан 90 тэрбум 21 сая төгрөгийн орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 383 мянга 600 төгрөгийн онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн хэмээн Нийслэлийн прокурорын газраас үзэж байна.

Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд Монгол орны байгалийн баялгийг аваад байгаа хэрнээ татвараа төлөхгүй дээрэлхэж байна. Үүнээс цааш хэчнээн компани иймэрхүү үйлдэл гаргахыг таашгүй. Төр засгийн удирдлагууд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн удирдлагуудтай найзалж, тэдэнд худалдагдаагүй бол юу гэж Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэх вэ. Эхлээд "Оюутолгой” дараа нь "Саусгоби Сэндс” тэгээд дараа нь ямар компани татвараас бултах бол оо.
Г.Сүрэн
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top