|

Татвараа нуусан ч тайлангаа үнэн мэдүүлбэл өршөөнө

bayaraa 2015/01/15 1309 1

Татвараа нуусан ч тайлангаа үнэн мэдүүлбэл өршөөнө  -Харин давтан гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахгүй-

Татварын өр төлбөртэй аж ахуйн нэгжүүд, амьдралдаа нэг удаа алдаа гаргаж хоригдож буй хоригд­луудын хүлээдэг хуулийн төсөл УИХ-ын даргад очлоо. Гэхдээ энэ удаагийнх эдийн засгийн гэмт хэрэгт илүү хамаатай хууль юм. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д уржигдар өргөн барьсан юм. Мөн энэ хуулийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулжээ. Энэ хоёр төсөлд аж ахуйн нэгжүүд болон хоригдлуудад өршөөл үзүүлэхээр тусгасан бөгөөд хуулийн төслүүд ямар агуулгатайг тоймлов.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлөөр ял, шийтгэлээс чөлөөлөх нь Үндсэн хууль болон холбогдох хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох байгууллагын бүрэн эрхийн асуудал байдаг тул энэ үндэслэлээр өршөөлийн хуулийн төслийг санаачилсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан татвар, санхүү, аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан зарим этгээдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх зорилгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулжээ.  Энэ хуулийн төсөл батлагдах өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158,1581,159,161,166,168 дугаар зүйл,175 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарах юм байна.

Хуулийн төсөл өршөөл үзүүлэх хэлбэр хэмжээ, өршөөлд үл хамааруулах, хууль хүчин төгөлдөр болох гэсэн дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт, ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхийг, хоёрдугаарт бүлэгт, зарим хугацааг хэрэгсэхгүй болгохыг, гуравдугаар бүлэгт эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохыг, дөрөвдүгээр бүлэгт зарим этгээдийг өршөөлд үл хамааруулахыг тусгажээ.

Тухайлбал, хуулийн төслийн "Нийтлэг үндэслэл” бүлэгт хуулийн төсөл батлагдсан өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль хамаарахаар тусгасан байна.

"Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ” бүлэгт Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих болон хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлэхээр заажээ. Мөн хуульд заасан ял шийтгэлтэй холбогдох зарим хугацааг хэрэгсэхгүй болгохоор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр шийтгэх шатанд байгаа эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх шатанд байгаа захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.

"Өршөөлд үл хамааруулах” гэсэн бүлэгт өршөөлд хамааруулахгүй этгээдийг тодорхойлон тусгажээ. Өршөөлөөр  зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж, эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж төслийг санаачилсан Засгийн газар үзсэн байна.

Харин Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. Татварын өршөөл гэж улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэнд үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм. Анх манай улсад 2007 онд энэ чиглэлийн хууль батлагдан хэрэгжсэн  билээ. Тухайн үед 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлсэн байна. Татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ. Улмаар  4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.

Харин энэ удаагийн хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний дүнд  илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид  хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэж үзжээ.

Албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсвэл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа  хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөх талаар тусгажээ.Тодруулбал, албан татвар ногдох орлого болон орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг энэ сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дураараа мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг хариуцлагаас нэг удаа чөлөөлөх аж.

Хөрөнгө орлогоо ил болгож, сайн дурын үндсэн дээр тайлагнах, мэдүүлэх хугацааг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай байхаар хуульд заах аж.

Эдгээр хуулийн төслийг нэгтгэн УИХ-аар хэлэлцэх бөгөөд маргааш УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар яг хэзээ хэлэлцэх тухай тодорхой товыг шийдэх аж.

 

М.ГАНЦЭЦЭГ

 Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top