|

Үндсэн хуулийн "дордуулсан долоон өөрчлөлт" УИХ-ын гишүүдийг сайдын суудалд шунагсад болгосон...

tonshuul 2015/01/14 3226 436
Үндсэн хуулийн "дордуулсан долоон өөрчлөлт" УИХ-ын гишүүдийг сайдын суудалд шунагсад болгосон...1992 оны нэгдүгээр сарын 13-нд соёрхон батласан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг нижгэрхэн тэмдэглэж өнгөрүүллээ. Өчигдөр морин цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит анхны шагналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн "Төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлд хүртээсэн.
 
Түүнчлэн Үндсэн хууль тогтоогчдын Холбооны анхдугаар чуулган Төрийн ордны Их танхимд болж өнгөрөв. Товчхондоо болох ёстой хүндлэл, үйл явдал болоод л өнгөрч. Зургаан бүлэг, 70 зүйлтэй Үндсэн хууль маань "Мэдэгтүн, сахигтун” хэмээн төгсдөг нь гүн гүнзгий учир шалтгаантай хэмээн хууль тогтоогчид нэг ёсны амны уншлага шиг л давтацгаадаг. Гэтэл амны уншлагаа болгосон Үндсэн хуулийнхаа долоон зүйл заалтад эрхэм хууль тогтоогчид маань улайран дайрсаар 1999  онд гар хүрч "дордуулсан долоон өөрчлөлт” гэгчийг хийснээр өнөөдөр Монгол Улс засаглалын хямралд орчихоод байгааг манай иргэдийн олонх нь төдийлөн сайн ойлгохгүй л яваад байгаа.
 
Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь П.Жасрай агсны нэртэй бланкан дээр тухайн үеийн МАХН-ын гишүүд гарын үсгээ зураад өргөн мэдүүлсэн хуулийн төслийг л яаравчлан баталсан хэрэг байжээ.
 
Хэдийгээр          Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч хоёр татгалзсан ч МАХН, АН-ын удирдлагууд үгсэн тохиролцож, хуйвалдааны журмаар хүчлэн батлуулсан түүхтэй юм билээ. Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн балгаар төр, засгийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, төрийн байгуулалтын болон төр жолоодох зарчим алдагдсаныг өнөөдөр эрхэм гишүүд бараг бүгдээрээ толгой дохин зөвшөөрч байгаа.
 
Ерөнхийлөгч, УИХ, Зас­гийн газар, шүүх засаглал дөрөв хэн юу хийх нь тодорхойгүй болж, харилцан уялдаа холбоотой ажиллах зарчим нь алдагдан Ерөнхийлөгчийн эрхийг сулруулсан нь долоон өөрчлөлтийн хамгийн гол алдаа болсон.
 
Энэ өөрчлөлтийн уршгаар УИХ 60 хувийн ирцтэй, дийлэнх олонхоороо хэлэлцэж, хууль баталдаг байсныг 20 гишүүн суугаад хууль батлах эрхтэй болгон өөрчилсөн. Парламент жилд 75 хоног хуралддаг байсныг цөөрүүлэн 50 болгосон. Мөн үүнээс гадна хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын дээр аль нэг нам улстөрийн хүчин гарах, өнөөдөр хамгийн их хэл ам дагуулдаг УИХ-ын гишүүн яамны сайдыг хавсран гүйцэтгэх боломжтой болгосон.
 
Өөрөөр хэлбэл "дордуулсан долоон өөрчлөлт"-ийн гайгаар УИХ- ын гишүүд хууль тогтоогчид бус харин сайдын суудалд шунагсад болон хувирсан. 2000 оноос хойш 15 дахь жилдээ засаглалаа хямруулсаар байгаа дордуулсан долоон өөрчлөлтөө эргэн харж буцаан өөрчлөхөөр өнөөдрийн УИХ ажиллаж эхлээд байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засаглалын хямралаа бүрмөсөн үгүй хийдэггүй юм гэхэд чадлынхаа хэрээр багасгахаар АН, МАН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл Засгийн газраа хамтран байгуулсан.
 
Гэхдээ дургүйд хүчгүй гэгчээр Үндсэн хуулийн яг өнөөдөр амин чухал хэрэгцээтэй байгаа өөрчлөлтийн ажил тун удаан, болхи явж байгаа. Хууль ёсоороо бол 2016 оны УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлтөө бүх талаас нь нягтлан хэлэлцэж, баталсан байх учиртай. Монголын улстөрчдийн гол алдаа, өөрсөддөө давуу байдал гаргаж авдаг хамгийн явуургүй арга заль нь ихээхэн хэл ам дагуулсан, нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийг улсын наадам, шинэ жил, Цагаан сартай уралдан, хүмүүсийн  анхаарал суларсан үед баталдаг явдал билээ.
 
Магадгүй өнөөдрийн УИХ, Засгийн газар Үндсэн хуульд оруулах зайлшгүй нэмэлт, өөрчлөлтийг хуулийн хугацаанд нь тулгаж, яарч сандран батлуулахаар хойш суугаад байж ч болзошгүй. Хамгийн эхлээд улстөрийн намууд, УИХ-ын эрхэм гишүүд Үндсэн хуулийн яг ямар зүйл заалтад өөрчлөлт оруулах, 1992 оны анхны үзэл санаанд нь эргүүлэн аваачих тухайд нэгдсэн нэг ойлголтод хүрч, олонхийн саналаар эцэг хуульдаа гар хүрэх ёстой. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд "УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэсэн заалт бий.

Чухамдаа энэ наймхан үгнээс болж өнөөдрийн УИХ Засгийн газрынхаа өмнөөс засаглаж, Засгийн газар хараат болчихсон. УИХ нь Засгийн газрын сайдуудыг томилж, огцруулах эрхтэй байгаа нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллах боломжгүй болгон хямрааж байгаа нэг гол шалтгаан юм. Мөн сайд нэг бүрийг УИХ-аас хараат болгосон. Тэгэхээр Засгийн газрыг хүчгүйдүүлж, УИХ-аас хараат болгосон чухамхүү энэ заалтыг давын өмнө өөрчлөх ёстой.
 
Тэгэхгүй бол УИХ гэдэг байгууллага Засгийн газрын гишүүдийг огцруулах, томилоход илүүтэй ач холбогдол өгч, хууль тогтоох үндсэн үүргээ умартахад хүрээд байна. Японы Ерөнхий сайд шиг парламентаа тараах хэмжээний эрх мэдэл олгодоггүй юм гэхэд өөрийн танхимаа бие даан бүрдүүлэх, сайд нараа өөрөө томилох, огцруулах эрхийг Ерөнхий сайдад олгох ёстой. Энэ өөрчлөлтийг даруйхан хийх нь чухал.
 
Товчхондоо засаглалын сонгодог хэлбэртэй улс, орнуудад парламентаа тараах чадвар бүхий Ерөнхий сайдын засаглалыг парламентын засаглал гэдгийг бодолцох, тэр цагийг ойртуулах болсон санагдана. Сонгодог ардчилалтай орнуудад эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хэмээн гурав салгадгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх цаг болж. Гэхдээ хамгийн гол дээрх гурван институцын хооронд эрх мэдлийн маш өргөн хүрээтэй харилцан хяналт байдгийг орхигдуулж болохгүй. Эдгээр гурван эрх мэдэл аль нэгийнхээ дээр, доор гэхээсээ илүү аль болох тэнцвэртэй оршиж, бие биедээ харилцан хяналт тогтоосноор өнөөдөр манайд үүсээд байгаа засаглалын хямрал намжих, яваандаа үгүй болох боломжтой.
 
Өнөөдөр Монголын улстөрд ихээхэн үгүйлэгдэж байгаа тогтолцоо нь парламентаас томилогдсон Ерөнхий сайд буцаад парламентдаа нөлөөлдөг тэнцвэртэй эрх мэдэл үгүйлэгдэж байгаа. Ийм нөлөөлөл байхгүйгээс болж хувийн хэвшлүүдээ дэмжих замаар эдийн засгаа сэргээх гэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилсан томоохон хуулийн төсөл УИХ-ын гишүүдээс дэмжлэг авалгүй уначихаад байгаа.
 
Нөгөөтэйгүүр УИХ хууль тогтоох дээд байгууллага уу, төрийн эрх барих дээд байгууллага юм уу гэдгийг тодорхой болгоогүйгээс парламент нь гүйцэтгэх засаглалынхаа дээр нь гарчихаад, Ерөнхий сайдынхаа ажлыг хийлгэхгүй, эцэс төгсгөлгүй улстөр хийсээр байгаа билээ. Уг нь УИХ үндсэн хоёр л үүрэгтэй. Эхнийх нь хууль тогтоох, дараагийнх нь хяналт тавих. Гэтэл өнөөдөр засаглалынхаа дээр нь гарчихаад дуртай цагтаа "Ерөнхий сайдтай тооцоо бодно” гээд сууж байдгийг Үндсэн хуулиар хориглож, УИХ-ын гишүүд засгаараа тоглодог эрх зүйн орчныг үгүй хийх ёстой. Тэгэхгүй бол ялимгүй алдаан дээр нь дөрөөлөн гүйцэт­гэх засаглалын тэргүүнээ өмнөө бөндөгнүүлж байдаг гишүүдийн залгамж халаа тасрахгүй.
 
Товчхондоо 2016 оны сонгуулиас зургаан сарын өмнө баталсан байх учиртай Үндсэн хуулийн энэ мэт өөрчлөлтийг цаг алдалгүй нухацтай хэлэлцэж, хугацаанд нь гэхдээ яарч сандран өмнөх дордуулсан долоон өөрчлөлт шиг болгохгүйн төлөө нягт нямбай ажиллах, маш их ажиллах шаардлагатай болж байна.
 
Өглөөний сонин
Д.Энхтүвшин

Санал болгох

Сэтгэгдэл

top