|

Боргол, зомгол хоёр

saikhnaa 2019/05/10 1218 0

"Кофенд мөнгө үрнэ гэдэг суултуур руу доллароор шээж байна гэсэн үг”. Ийм гарчигтай бичвэр өдөр тутмын сонинд нийтлэгдсэнээс болж, кофены тухай хүчтэй мэтгэлцээн цахим ертөнцөд өрнөлөө. Кофе бол ам.долларын сорогч, мөнгөө хэмнэх хэрэгтэй талаар зарим нь зөвлөж байхад үүнийг эсэргүүцэж хэрэглээ мэтээр хүлээж авах хэрэгтэйг хэлэх хэсэг ч байна. Кофег Монголд тарьдаггүй учраас ам.доллароор худалдаж авдаг. Тиймээс нэг аяга кофе уухад 2.5 ам.доллароор шээж байна гэх мэт.

Энэ сэдвээс салаалан харахад, манай улсад бүхий л зүйл кофе шиг импортынх болохоор ам.доллароор хэмжигддэг. Кофе хүний өглөө бүрийн хэрэглээ юм бол кофетой адил айл өрхийн хэрэглээ болсон гэр ахуйн тавилгад ч гэсэн ам.доллар хийсгэж байна. Кофег тарих аж ахуй манайд байхгүй болохоор ам.доллар урсгадаг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэгвэл түүхий эд нь Монголоор дүүрэн байгаа гэр ахуйн тавилгаа ам.доллароор авдаг нь харамсалтай.

Манай улсын тавилгын зах зээлийн 55 хувийг импорт, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрлэл эзэлдэг. Гэр ахуйн тавилгын импортод 2016 онд 67 сая, 2017 онд 57 сая ам.доллар зарцуулсан бол өнгөрсөн онд 84 сая ам.доллар үржээ. Тавилгын импортыг БНХАУ манлайлж, БНСУ, Польш, Малайз удаалж байна. Социализмын үед манай улсад бүхий л төрлийн үйлдвэрлэл өрнөдөг байсан гэхэд хэн ч маргахгүй. Гутлаас эхлээд арматур, төмөр, ойр зуурын цахилгаан тоног төхөөрөмжөө өөрсдөө үйлдвэрлэдэг байлаа. Гэтэл 1990 оны хувьчлалаар бүгд үүдээ хаасан. Түүний нэг нь тавилгын үйлдвэрлэлийн салбар. Гэсэн ч эртнээс гарын дүйтэй, байгальтайгаа ойр амьдардаг монголчууд сүүлийн 10 гаруй жилийн турш модоор өөрсдөө тавилга үйлдвэрлэж, олон арван үйлдвэрүүд бий болж, жилдээ 220 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэх болжээ. Тавилгын үйлдвэрлэлийн салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэднээс Үндэсний хөгжлийн газарт 30 нь бүртгүүлсэн байна. Эдийн засгийн шинжээчдийн ажиглалтаар дотоодын тавилгын үйлдвэр олон хэдий ч монопольчлол энэ салбарт байдаггүй. Өөрөөр хэлбэл, зах зээлд хамгийн их борлуулалттай сайн тоглогч нь гэхэд зөвхөн 17 хувийг л эзэлдэг. Ингэхээр өрсөлдөөн маш ширүүн өрнөдөг гэсэн үг. Гэтэл түүнийг хийх түүхий эдийг импортоор авдаг гэх.

Гаалийн байгууллагын мэдээллээр манай улс жилд дунджаар 40 мянган шоо метр шахмал хавтан импортоор авч, 10 сая ам.доллар гадагшаа урсгадаг. Шалтгаан нь ойн цэвэрлэгээ болон түүхий эдийн боловсруулалт хангалтгүйтэй холбоотой.

Боргол, зомгол хоёрХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү

Мод, модон бүтээгдэхүүн, тавилгын үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсөж байгаа. Гэвч тус салбарын мод бэлтгэл, зүсмэл материал, барилгын модон хийцийн үйлдвэрлэл, ойг цэвэрлэх, ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийн боловсруулалт хангалттай хөгжиж чадахгүй байна.

Боргол, зомгол хоёрМонгол Улсын гавьяат багш Н.Долгорхүү

Монгол Улсын хэмжээнд 80-100 мянган шоо метр хавтан үйлдвэрлэх ганцхан үйлдвэр л хэрэгтэй байна. Түүхий эд нь манай улсын ойгоор дүүрэн байна шүү дээ. Ганцхан үүнийг хийхэд л дотоодын тавилгын үйлдвэрийг 100 хувь дэмжиж байна гэсэн үг. Өөр дэмжлэг хэрэггүй.

Ингээд л импортлохоос өөр аргагүйд хүрээд байгаа юм. Ойн цэвэрлэгээг эрчимтэй сайжруулах нь дотоодын үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэхээс гадна гал түймрийн гамшиг, хортон шавжаас сэргийлдэг давуу талтай. Тиймээс ч "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, "Ойн цэвэрлэгээ”, "Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг баталж, дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой. Гэтэл бодлогын хэрэгжилт бодит байдал дээр гацсан байдаг.

Үүний тод жишээ нь, жилд шаардлагатай 3.6 сая шоо метр модныхоо 800 мянган шоо метрийг л дотооддоо бэлтгэдэг. Мөн түүнийг боловсруулж тавилгын үйлдвэрт нийлүүлэхэд бэлэн болгох үйлдвэр байдаггүй. Дээрээс нь дотоодын зах зээлээ хамгаалах үндэсний хөгжлийн бодлогоосоо зөрсөн шийдвэр гаргадаг. Тухайлбал, хуульд импортоор оруулж ирж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, стандартын дагуу хийсэн, угсрахад бэлэн модон барилгын модон угсармал хийцийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-нд баталж, энэ оны эхний өдрөөс мөрдсөн. Уг хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Дотоодын үйлдвэрлэгчид "Түүхий эдгүй байна. Ойн цэвэрлэгээг сайжруулъя” гэдэг шаардлага тавилгүйгээр үг дуугүй импортоор авдаг болсон. Ингээд юун кофе ууж ам.доллароор шээх тэр байтугай ам.долларыг асгаж, төгрөгөө, бэлэн түүхий эдээ үнэгүйдүүлж байна.

Манай улс ойн нөөцөөрөө дэлхийд 16 дугаарт бичигддэг. Тухайлбал, 1.2 тэрбум шоо метр ургаа мод, 170 сая шоо метр хатсан мод, 248 сая шоо метр унанги модны нөөцтэй. Нийт нөөцийн 80.7 хувийг шинэс мод эзэлдэг. Ингэхээр түүхий эд Монголын ойд хангалттай бий. Энэ үнэгүйдүүлсэн нөөцөө бодохоор даанч харамсмаар их юм. Угаасаа аж ахуй нь байдаггүй борголыг хэрэглээ болгон хэвшүүлж болох ч ойгоо цэвэрлэж хамгаалаад, гарсан түүхий эдээ боловсруулж, өрхийн хэрэглээ болсон гэр ахуйн тавилгаа ам.доллар заралгүй үйлдвэрлэх боломж байгааг өгүүлэхийг зорилоо. Боргол, зомгол хоёрын хооронд ийм л алд дэлэм ялгаа байна.

Эх сурвалжийн линк: http://eagle.mn/r/59162

Санал болгох

Сэтгэгдэл

top