|

Хуурай сүүний үйлдвэр ба хуумгай бодлого

nomuun 2018/10/12 27 0

 

Хуурай сүүний үйлдвэр ба хуумгай бодлого

 

Монгол Улс 2017 оны тооллогын дүнгээр 66.2 сая малтай. Монголчууд 3.1 саяулаа. Хүн амын жилийн сүүний хэрэгцээ нь 200 гаруй сая литр. Манай улсын сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал нь жилд 928 сая литр боловч үүнийхээ 8-10 хувийг л ашиглаж байна. Тодруулбал, 2016 онд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 63.3 сая литр байсан бол өнгөрсөн жилийнх 81.2 сая литр. Энэ нь өмнөхөөс 28 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Уг нь манай улс мал аж ахуйн орон учраас дотоодын нөөцөөрөө 200 сая литр сүүний хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, цаана нь дахиад 400 сая литрийг үйлдвэрийн аргаар боловсруулах боломжтой гэдэг.

Гэвч тээвэр ложистик, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайн бэхжээгүйн улмаас малчдын сүүг төвлөрсөн хот суурин газрын хэрэгцээнд болон үйлдвэрүүдэд хүргэхэд хүндрэлтэйгээс гадна уламжлалт мал аж ахуйн салбар голлодог тул өвөл, хаврын улиралд сааль татардаг. Тиймээс Засгийн газраас тогтоож өгсөн квотын дагуу томоохон үйлдвэрүүд хуурай сүү импортолж, түүнийгээ боловсруулан шингэн сүү болгож төвлөрсөн хүн амын хэрэгцээг хангаж буй гэдгийг салбарынхан учирладаг. Гэсэн ч Монголын зах зээлд шаардлагатай нийт сүү, сүүн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг гадаадаас импортолдог гэхээр зүйд нийцэмгүй санагдаж байгаа болов уу.

2013 оноос хойш жилийн жилд хуурай сүүний импортын хэмжээг тав таван хувиар бууруулж ирсэн нь дотоодын нөөцөөр үйлдвэрлэгчид болон иргэдийнхээ хэрэгцээг хангахад чиглэж буй гэх. Дээрээс нь өнгөрсөн жилээс шингэн сүүний импортыг зогсоосон нь дотоодын зах зээлийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэх гэсэн бас нэг алхам биз. Харин энэ сүрхий эх оронч шийдвэрийн цаана 60 хувийн хэрэгцээг хангах, импортыг орлохуйц хэмжээний хуурай сүүний үйлдвэрлэл хөгжих боломж манайд хэр бий билээ, төр, засгаас ямархуу дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг давхар бодолцох учиртай. Тэгэхгүй бол "Гадаадаас шингэн сүү импортлохгүй, хуурай сүү авснаар түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хэрэг” гэсэн өнгөц тайлбар нь араасаа дахиад л тайлбар нэхэхэд хүрч байна.

2017 оны хоёрдугаар сарын 9-нд "Эм Ди Эм” компани япон технологиор шингэн сүүг богино хугацаанд хатаах тоног төхөөрөмжөө Засгийн газарт танилцуулж, үйлдвэрлэлээ эхлүүлж байв

Мах, сүүний анхдугаар аян хэмээх кампанит ажлын хүрээнд Монголын сум бүрт хуурай сүүний үйлдвэр байгуулах тухай яриа гарсан ч сүүлийн нэг жил орчим сураг чимээ нь үндсэндээ тасраад буйг түмэн олон гадарлах биз. 2017 оны хоёрдугаар сарын 9-нд "Эм Ди Эм” буюу "Mongolian dry milk” компани Японы хатаагч технологийг ашиглаж, шингэн сүүг богино хугацаанд хуурай сүү болгон зах зээлд нийлүүлэх тоног төхөөрөмж танилцуулах сургалт, хэлэлцүүлэг хийхэд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан болоод найман аймгаас сүүний үйлдвэрлэл, фермерийн аж ахуй эрхлэгчид, хоршоологчид ирж оролцож байв.

"Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах зорилгоор орон нутагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүд байгуулж байна. Ингэснээр алслагдсан бүс нутагт ашиглагдахгүй байгаа сүүний нөөцийг бүрэн ашиглах, сүү, сүүн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа” хэмээн П.Сэргэлэн сайд ярьж билээ.

Харамсалтай нь, "Хуурай сүү” төслийн хүрээнд 2020 он гэхэд 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулна (тэр дундаа 2018 он гэхэд 20 үйлдвэр байгуулна), Японы "Пирсай” компаниас эхний ээлжинд 60 төхөөрөмж авч байгаа, цаашид монголчууд өөрсдөө үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнээ экспортолдог болно гэх мэт "мөрөөдлийн” үг, өгүүлбэр болгон Засгийн газартайгаа, сайдтайгаа хамт "огцорчээ”. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Японд хийсэн айлчлалын хүрээнд шийдэгдсэн 60 машин нийлүүлэх ажил ч замхарч, төсөл хэрэгжүүлэгч компани өдгөө Хятадаас хуурай сүүний тоног төхөөрөмж оруулж ирж байгаа юм билээ.

Харин 2017 онд Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ашиглалтад оруулсан цорын ганц үйлдвэр нь энэ зун малчдаас шингэн сүү авч, үйлдвэрийн аргаар хатаагаад, лабораторид шинжлүүлэхэд шалгуур үзүүлэлтүүдийг нь хангажээ. Гэвч орчин цагийн малчин хүүхнүүд зунжин өглөө, оройгүй үнээний дэлэн шувтарч, сүү саальтай зууралдахаас цааргалдаг болсон тул эхний үйлдвэр түүхий эдийн хомсдолтой нүүр тулж үйл ажиллагаа нь төлөвлөсний дагуу яваагүйг салбарын яамныхан хэлэв. Нэг цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай ганц үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах бодлого зохицуулалт үгүйлэгдэж байхад юуных нь гадагшаа хуурай сүү экспортлох манатай.

Хөгжлийн банкнаас зээл аваад, бүх эрсдэлээ өөрсдөө хариуцахаар энэ ажилд зориглон орсон "Эм Ди Эм” компанийн менежер залуу "Энэ зун бид төлөвлөснөөс бага бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч ажил ер нь дажгүй ээ. Үйлдвэрлэсэн хуурай сүүгээ гэрээт 2-3 газартаа нийлүүлсэн. Боломжийн хэрээр ажил урагшилж л байна. Зарим орон нутгийнхан үйлдвэрийн байшин барилга, дэд бүтцээ шийдэж өгөхөд идэвхтэй, шуурхай байгаа” хэмээв. Ямартай ч тэд энэ жил Дорнодын Баян-Уул, Баяндун, Булганы Хутаг-Өндөр, Хэнтийн Баянхутаг, Өвөрхангайн Богд, Говь-Алтайн Эрдэнэ гэсэн зургаан суманд хуурай сүүний үйлдвэр байгуулж, туршилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Мөн энэ ондоо багтаагаад Хөвсгөлийн Галт, Төмөрбулаг суманд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө угсрахаар төлөвлөсөн гэнэ. Харин хүн амын болон малын тоонд үндэслэж байгаа гэх хэрнээ улсын хэмжээнд хамгийн олон үхэртэй аймгуудыг тогтмол тэргүүлдэг Архангайд хуурай сүүний нэг ч үйлдвэр байгуулаагүй юм билээ. "Одоогоор бид орон нутгийн зүгээс дэд бүтцээ ингэж шийдээд өгье гэдэг санал хүсэлт ирүүлсэн газруудад эхлээд үйлдвэрээ байгуулж байна. Архангайнхан өөрсдөө цагаан идээгээ боловсруулаад, зах зээлд боломжийн үнээр борлуулчихдаг нь ч үүнд нөлөөлж байгаа болов уу” гэсэн нь хөлөө олох гэж дэнжигнэж яваа аж ахуйн нэгжийн хувьд хэлдэг л үг биз.

"Яам энэ төслийг бодлогын түвшинд дэмжиж байгаа. Гэхдээ захиргаадалтын үеийн сүүн завод шиг малчдыг үнээгээ заавал саа гэж тулгах аргагүй учраас яах ч аргагүй. Дээрээс нь энэ зун хаа сайгүй зуншлага оройтож эхэлсэн тул Хөвсгөлийн үйлдвэр түүхий эдээр дутагдсан тал бий. Ямартай ч энэ жил шинээр үйлдвэр байгуулсан зарим сумын дэд бүтцийг шийдэхэд анхаарч, өндөр хүчдэлийн нэмэлт трансформатор суурилуулж өгөхийг Эрчим хүчний яаманд уламжилснаар эхнээсээ шийдэгдэж байгаа” хэмээн ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.Сарандагина ярилаа.

Өнөө маргаашгүй фермерийн аж ахуй эрчимтэй хөгжөөд, монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг улирлаас шалтгаалахгүй хангадаг болчихгүй тул боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг өргөжүүлэх шаардлага зайлшгүй. Тийм ч учраас хоногт 100 тонн шингэн сүү боловсруулан, нэг цагт 500 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулна гэсэн "Тэсо” компанид "Чингис” бондын хөрөнгөөс долоон тэрбум төгрөг өгсөн байдаг.

Гэвч тэд сонгон шалгаруулалтад орохдоо амласан шигээ импортын хуурай сүүг халах бус, харин ч өөрсдөө хуурай сүү импортлогч болчихоод сууж буйг хаана хаанаа мэдэх учиртай. Тэд шаардлагатай түүхий эдээ дотоодын үйлдвэрлэгчид буюу малчдаас цуглуулж авахын оронд амар хялбарыг нь бодоод жил бүр гадаадаас мянга мянган тонн хуурай сүү оруулж ирэн, өнөөхөөрөө төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголын зах зээлд нийлүүлдэг. Тэгсэн хэрнээ "Бид "Golden milk” хуурай сүүгээ Казахстан, ОХУ, Киргиз, БНХАУ-ын зах зээлд нийлүүлж эхлээд байна” гэдэг. Ямар сүүгээ гадаад руу гаргаад, ямар бүтээгдэхүүнээ бидэнд савлаж бариад байна вэ гэж эргэлзмээр ч юм шиг.

Худлаа гэвэл Засгийн газраас квот олгосон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хараарай. Бондын хөрөнгөөс үлэмж хэмжээтэй мөнгө авч Монгол дахь хуурай сүүний хамгийн том үйлдвэр байгуулсан тэд өдгөө "Хуурай сүүний хамгийн том импортлогч” болсныг та тэндээс төвөггүй ойлгоно. Дотоодын зах зээлд тус компани хэдий хэмжээний хуурай сүү үйлдвэрлэн, нийлүүлж буйг яамныхан л лав мэдэхгүй гэх. Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн гэгдэх сүүний үйлдвэрлэлийн өнөөгийн төрх, төрийн бодлого нэг иймэрхүү л ээдрээтэй байгаа юм.


Санал болгох

Сэтгэгдэл

top