|

Хүний эрхийг хамгаалах хуультай болохыг Монгол Улсад уриалав

batdorj 2019/05/13 29 0

"Монголд хүний эрхийг хамгаалагчид аюулгүй ажиллаж байгаа ч тэднийг дэмжсэн таатай орчин бүрдээгүй байна" гэж манай улсад ажилласан НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишель Форст өнөөдөр мэдэгдэв.

Тэрээр, Монголд 14 хоног ажиллахдаа Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг сум, Зүүнбаян тосгоноор орж, төрийн тэргүүнээс аваад иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийн 100 хүнтэй уулзаж ярилцжээ. Энэ талаараа НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар өнөөдөр мэдээлэл хийхдээ, "Юуны өмнө хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх талаар танай улсад ойлголт муу байна. Хүний эрхийг хамгаалагч нь заавал нэг байгууллагад ажиллах албагүй, гол нь хэн нэгнээс хараат бус ажиллах учиртай. Жирийн малчнаас эхлээд хуульчид, сэтгүүлч гээд хүн бүр хүний эрхийг хамгаалагч юм” гэдгийг онцоллоо.

"Би Монголд хууль эрх, ялангуяа хүний эрхтэй холбоотой заалтуудыг судалж, хэрхэн шинэчилж буйг мэдэх, хүний эрхийн байдалтай танилцах зорилгоор ирсэн. Энэ талын саналыг маань хүлээн авч, мөн хүсэлт гаргасан Монгол Улсын Засгийн газарт талархаж байна. Монгол Улс хууль, эрхзүйгээ шинэчлэхдээ хүний эрхийг хязгаарлах бус харин дэмжих орчинг бүрдүүлэхийг хичээх хэрэгтэй юм” хэмээн тэмдэглээд, "Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгодог Монгол Улсад сүүлийн үед хүний эрхтэй холбоотой хуулиудад хоёрдмол утгатай нэмэлт өөрчлөлт оруулсныг анхаарахаас аргагүй байдалтай байна. Хууль эрхзүйгээс гадна авлига, байгаль орчныг доройтуулж буй талаар хөндөж ярьсны төлөө хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлж дарамталж буйг сонслоо. Ялангуяа, тэдний нэр төрийг гутаан, гэр бүлийнхнийг нь ажилд орох, сургалтын тэтгэлэг авах, төсөлд хамрагдахад хүндрэлтэй байдал үүсгэх зэргээр нийгэм, эдийн засгийн талаар элдвээр дарамтлан шахаж байна.

Тиймээс Хүний эрхийг хамгаалагчдын талаар хууль батлан гаргах нь тэдний хийж буй хууль ёсны ажлыг дэмжиж, хүлээн зөвшөөрөх юм. Мөн тэдний эсрэг байгаа этгээдүүдийг шийтгэхэд тодорхой алхам болно” гээд ийм хуулийг баталж бүс нутагтаа хэрэгжүүлсэн анхны орон болохыг манай улсад уриалсан юм.

НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Монголд ажилласан тайлангаа ирэх оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43-р чуулганд танилцуулах юм. Энэ талаар гаргасан дүгнэлт, зөвлөмжөө манай улсын Засгийн газарт хүргүүлж буйгаа мөн мэдээлэв.

Б.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

top