|

Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин

saikhnaa 2019/05/16 641 0

МЭХ-ны санаачилгаар Дэлхийн Гэр бүлийн өдрийг "Айл бүхэн жаргалтай байг" уриан дор улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордны Их танхимд "Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулаа. Олон гэр бүлүүдэд, гишүүн бүрт нь "Нэгийг бодуулж, хоёрыг эрэгцүүлэхэд хөтөлсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо" хэмээн зочид онцолж байв. Арга хэмжээг МҮОНТВ шууд дамжуулсан юм.

 

       "Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

МОНГОЛЫН ТӨР ҮРСЭЭ ӨНДӨР НЭР, ӨРГӨН СҮРЭЭРЭЭ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛЖ
ЭЭЖҮҮД ЭХЧҮҮД БҮХЭН ЭЭЛ ИВЭЭЛЭЭРЭЭ ХУРАЙЛАХ БОЛТУГАЙ!!!

 

 

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт ээж аавууд аа, идэр залуу хосууд аа!!!

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум дахь бүх салбар зөвлөлүүдээрээ дамжуулан энэ өдөр Монгол орон даяар "Айл бүхэн жаргалтай байг” уриан дор Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж занших эхлэлийг тавьж байна.

 

Улаанбаатар хотод Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор бид "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Бид энэ өдрийг ямар нэгэн баяр ёслол гэхээсээ илүү гэр бүлийн гишүүд ГЭР хэмээх дулаан үүрэндээ хэн нэгнээс, тэр дундаа нэг нэгнээсээ айх аюулгүй, амсах зовлонгүй, амар жимэр аж төрөн сууж чадаж байна уу, гэр бүлийн дотооддоо тулгамдаад буй асуудлаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж заншсан уу? Таны гэргий, таны хань, таны үр хүүхдүүдийн сэтгэлийн нар хэр хурц тод, ямархан гэрэлтэй тусч байна гэдгийг анзаардаг, гэр бүлийн хүрээний олон олон асуудлуудаа амсхийгээд нэг боддог, гэр бүлийн үнэт зүйлээ үнэлж хүндэтгэж, нандигнадаг өдөр болоосой хэмээн хүсч энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

 

Учир нь гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үр хүүхдүүдийн элэг бүтэн амьдрал гэдэг улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол иргэдийн гадаад улсууд руу шилжин суурьших хөдөлгөөн ихэссэн, мөн уул уурхай дагасан ажлын байрны нөхцөл, техник технологийн хөгжлөөс хамааран гэр бүлийн үнэт зүйлс алдагдах, хосууд хоорондын харилцаа хөндийрөх, халуун дулаан уур амьсгал үгүй болох, улмаар ажилгүйдэл, ядуурлын улмаас архидалт, түүнээс үүдсэн хүчирхийлэл, гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байна.

 

 

2018 оны байдлаар Монгол улсад 2945 хос шүүхээр гэр бүлээ цуцлуулсан бол, өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, мөн 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа нь эмэгтэйчүүд, ээжүүд биднийг энэ асуудалд анхаарал хандуулахад хүргээд байна. 

 

Бид асуудлаа сөхөж, тогоо руугаа өнгийж, гэр бүлийн гишүүн бүрийн өмнө юун түрүүн бие биеэ гэх халуун сэтгэл, хаа хүрч юуг туулсан ч хувиршгүй хатан зориг, хамтын зорилго байна уу гэдгээ анзаараасай хэмээн ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР Монгол айл бүр, өрх бүхэн жаргалтай байхыг уриалж, өнөөгийн нийгмийн чимээгүй тахал болсон АРХИ архины хэрэглээг хэн нэгнээр хориулж бус, ухаанаараа, сайн дураараа татгалзаж, "ҮГҮЙ” гэж хэлж чаддаг байгаасай гэсэндээ ЭНЭ ӨДРИЙГ ард иргэдээ АРХИГҮЙ ӨДӨР БОЛГОЁ хэмээн уриалсан.

 

 

Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихэссэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон гэдгийг онцлон мэдээлсэн билээ.

 

Энэ бүхний суурь нь Монголын нийгэмд ажилгүйдэл, гэр бүлийн тогтворгүй байдал нэмэгдэж, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаануудаас хамаарч буйг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх, энэ өдөр санаж сэрэх, сэхээрэхийн эхлэлийг хамтдаа тавьцгаая гэсэн юм. 
Хосуудын харилцаа хандлага, хайр халамж, хамтын зорилго, хүүхдийн хөгжил төлөвшил, хамгааллын хамгийн анхдагч орчин нь ГЭР БҮЛ гэдэг ухагдахуун руу хөтөлдөг. 

 

Тэгвэл өнөөдөр та бид алгын чинээ үрсээ үл хайхарч, үл хамгаалан, хайр халамжаар дутааж, улмаар архидалт, хүчирхийлэл газар авч хүүхэд эмэгтэйчүүд хохирч буй тухай асуудал шил шилээ даран мэдээлэгдэж, сэтгэл эмзэглүүлсэн өдөр хоногууд өнгөрч байна.
Гэр бүлийн гишүүдийн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлага хаана байна вэ???

 

 

АДГУУС ХҮРТЭЛ ТӨЛӨӨ ГИШГЭДЭГГҮЙ АМЬТНЫ ЗӨНТЭЙ БАЙХАД аав нь охиноо, ах нь дүүгээ, айл хөршийнхөн нь хүүхдийг хүчирхийлсэн аймшигтай агаад үнэн мэдээлэлтэй нүүр тулан шогширцгоож, тэрхүү мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээж олноороо нийлж дам хүчирхийлэл ч үйлдэцгээж байна.

 

Таны хайртай хүмүүс хүчирхийлэлд өртөөгүй ч харьж очоод та хажуу дахь ханиа, гэр бүлээ, үр хүүхдүүдийнхээ нүдийг тогтож нэг хараарай. Амьдралд юу утга учиртай вэ, амьдралд юу үнэ цэнэтэй вэ гэдэг дээр бодоод нэг үзээрэй.

 

Гэр бүл үүсгэж, эхнэр нөхөр гэдэг эрхэм нэр алдрыг хүртсэн атлаа, халуун ам бүлээрээ жаргаж суух хүмүүсийн зарим нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн жаргалаа зовлонгоор сольж буй нь ч цөөнгүй байна.

 

Бидэнд жаргал илүүдэхгүй, харин зовлон ихдэх өдөр ирэх вий гэдгийг хэн хүнгүй санамаар...

 

Иймээс маргааш жаргалд тэмүүлэх үү, зовлонд хөтлөгдөх үү гэдэг зөвхөн танаас шалтгаална. Хүн ганц бие явахад таны эрх таны ертөнцөд л үйлчилдэг, гал голомтоо бадраахын цагт өнөөх эрх ханийн тань эрхтэй гагнагдсан хамтын эрх, мөн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага болон хувирдаг. Цаашлаад үр хүүхэд өнөржих тусам эцэг эхийн эрх илүү их үүргүүдээр солигдсоноор үндсэндээ ГЭР ҮҮР хэмээх хэн ч халдашгүй ЦАЙЗ бүрэлдэн бий болдог.

 

ГЭР ҮҮРИЙН маань бат бэх байдал, өмгөөлөл хамгаалал хаана байна вэ?
Хүүхэд хамгааллыг төрд, мөн өөр хэн нэгэнд найдах биш, өөртөө, гэр бүлдээ хэрэгжүүлцгээе!

 

Үнэн хэрэгтээ ээж аавын эв эегүй байдал, гэрийн дотоодод үүссэн элдэв хэл ам хэрүүл тэмцэлд бидний бяцхан үрс орох байхаа олж ядан залхахдаа зарим нь гудамжинд гарч ТРАНШЕЙНИЙ хэмээх тодотголтой бүхэл бүтэн нэг үе энэ улсад бий болж байсан түүх бий. Ийм нийгмийг та бидэнд хэн ч бүтээж өгөөгүй. Энэ бол бидний өнөөгийн бодит төрх, үнэн түүх юм аа.

 

Хойшдоо бид эх орныхоо хөгжлийн төлөө, илүү сайхан ирээдүйн төлөө, ЭЗЭН МОНГОЛ байх үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй өсч бойжих, хөгжих боловсрох үйл явцад чадах чинээгээрээ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС ХАМААРАХ ЭД БИШ ЮМ.

 

Сайн хүүхдэд хөрөнгө бүү хураа, тэр өөрөө олно
Муу хүүхдэд хөрөнгө бүү хураа, өөрийг нь ална гэсэн ардын үг бий.

 

 

ТЭГВЭЛ ЭЭЖ ААВУУДЫН ХҮҮХДЭДЭЭ ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ТАНЫ ХАЙР, ТАНЫ ХАРИЛЦАА ХАНДЛАГА, АНХААРАЛ ХАЛАМЖ ЮМ. ААВ ТАНЫ, ЭЭЖ, ЭМЭЭ ӨВӨӨ ТА БҮХНИЙ ЗӨВ ҮЛГЭРЛЭЛ ЮМ АА.

 

Таны хүүхдийн хэн байх танаас шалтгаалахыг ойлгож, эцэг эхчүүд бид өөрсдөө ч хүмүүжих цаг иржээ. 
Хүү чинь алдвал хэлээд зөвлөдөг, зэм нь дутаж, зээр шиг цахилж яваа охиноо зөв чигт цаламдаад авдаг Ухааны уртай ээж аав байх дархан үүргээ ухамсарлацгаая!!!

 

Үр хүүхдүүдээ хүмүүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх тусгай хөтөлбөрийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт яаралтай оруулж, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛОО нэн даруй арилгаж авах ИХ ЭРГЭЛТИЙН ЦАГ ИРЖЭЭ гэж дүгнэж байна.

 

Эцэст нь дахин хэлэхэд гэр бол ҮҮР юм. Тэр үүр хамгийн аюулгүй, хамгийн амар амгалан хүүхдийн хүмүүжлийн анхдагч ГОО САЙХАН, ГОЁ ЕРТӨНЦ хүүхдийн хүмүүжилд хамгийн нөлөөтэй орон зай билээ. Тэр л орчинд бяцхан үрс маань хайрыг, аз жаргалыг, хүндлэлийг, баяр баяслыг олж харж, өөрийн гэсэн цөм ертөнцөө бүтээдэг.

 

Тиймээс "Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2019 онд "Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” уриатайгаар Монгол орны бүхий л аймаг, сум дүүрэгт "Хүчирхийллийг үл тэвчигч, мэдээлэгч, хамгаалагч, соён гэгээрүүлэгч, соёлыг түгээгч” иргэн байхын тулд ТА ямар оролцоотой байж болох тухай мэдээлэл лекцүүдийг гэр бүлийн гишүүн бүрээр дамжуулан, тухайн өрхөд хүргэхийг зорин ажиллаж байна.

 

Иймд шийдвэр гаргагч эрхэм түшээд ээ, эрхэм ах эгч, аав ээжүүд ээ!!!

 

Монгол улсын хамгийн үнэт баялаг хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, сурган хүмүүжүүлэгч багш нар, сэтгэл судлаач, эмч, түүхчид, хуульчид, бодлого боловсруулагчид хэн бүхнийг оролцуулсан томоохон ажлын хэсэг байгуулж, ХҮЧИРХИЙЛЛИЙГ багасгах, таслан зогсоох, илүү сайхан ирээдүйн төлөө айл бүхэн жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн баримт бичигтээ ямар зүйл заалтыг, хэрхэн тусгах нь зохистой талаар нарийн шийдлийг хамтдаа эрэлхийлцгээе!!!

 

Монголын үрс маш олон болтугай!
Монголын үрс айх аюулгүй болтугай!
Монголын төр үрсээ өндөр нэр, өргөн сүрээрээ өмгөөлөн хамгаалж,
ээжүүд эхчүүд бүхэн ээл ивээлээрээ хурайлах болтугай!!!

 

АЙЛ БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙЖ, АМАР ТАЙВАН АМЬДАРЧ, ДҮҮРЭН ЖАРГАЛ ТҮВШИН САЙХНААР ОЛОН ОЛОН ОН ЖИЛҮҮДИЙГ
ХАМТДАА УГТАЖ, ҮДЭХИЙН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨЕ!

 

Хүндэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

 

МЭХ-Хэвлэлийн алба


 

Санал болгох

Сэтгэгдэл

top