|

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хүчирхийллийн эсрэг тэмцэж эхэллээ

Altaa 2018/10/29 1310 0


Like

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 86 хувь нь айдаст автах, нэр төрөө бодох, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовних, ах дүү, хамаатан саднаасаа ичих зэрэг сэтгэл зүйн дарамт шахалтаас үүдэн хүчирхийллийг нуун дарагдуулдаг. Улмаар хүчирхийллийн арга хэлбэр угширч эхлэх үед аргаа барж, тэсвэр алдсан хэсэг нь буюу бодит хохирогчдын 14 хувь нь л хуулийн байгууллагад ханддаг гэсэн судалгаа гарчээ. Харамсалтай нь эдгээр статистик мэдээлэл хүчирхийллийн бодит хохирогчдыг гаргасан тоо биш. Монгол улсын хүн амын 50,84 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний дунд 78000 өрх толгойлсон эмэгтэй, хагас болон бүтэн өнчин 37000 хүүхэд өсч бойжиж байна. Үүний цаана далд үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл гэгч сөрөг үзэгдлийн эсрэг нийтээрээ анхаарлаа хандуулж, хамтарч ажиллахыг МЭХ-оос өнөөдөр уриаллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлд охид эмэгтэйчүүдээс гадна үр хүүхэдтэйгээ амьдарч байгаа ахмад настнууд, эрэгтэйчүүд ч өртөж байна. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголт нь нийгмийн бүхий л давхаргад празит хэлбэрээр бугширч буй чимээгүй тахал болж хувирлаа. Энэ төрлийн хүчирхийллийн уршгаар Монгол улсын эрүүл, тогтвортой ирээдүйн гол баталгаа болсон эхчүүд, эмэгтэйчүүд сэтгэл зүйн дарамтад өртөх, эрүүл мэндээрээ хохирох, хөдөлмөрийн чадамж, бүтээмж буурах, санхүүгийн хувьд бусдаас хараат болох, үндэстний соёл, ёс заншил алдагдах, гэр бүл салалт нэмэгдэх, хүүхэд өнчрөх, өнчин сэтгэлгээний хямрал нийгмийн тогтвортой бус хөгжлийн шалтгаан болох зэрэг сөрөг хандлагууд бий болсоор байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэтийн сөрөг үр дагавар нь Монгол улсын үндэстэн, нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөө үзүүлэх, улмаар улс оршин тогтнох баталгааг ганхуулж буй чимээгүй тахал гэж томъёолоход буруудахгүй. Тиймээс МЭХ улс эх орныхоо ирээдүйг атгалцаж яваа эхчүүд, эмэгтэйчүүд, тэдний хэвлийгээс бүрэлдэн буй амь нэг бүрийн аюулгүй, амар тайван орчныг бүрдүүлэхийн тулд өнөөдрөөс хандлагаа өөрчилж, дор бүрний иргэний эрх үүргийг ухамсарлаваас нийгмийн энэхүү тахлыг таслан зогсоож чадна гэж үзэж байгаа юм.
МЭХ-оос ухамсартай иргэнийг төлөвшүүлэхийн тулд нийгмийн бүх давхарга, нас бүлэг тус бүрт хандсан шат дараалсан хөтөлбөр боловсруулж ажиллахаар төлөвлөж байна. Үүнд нэн түрүүнд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар зөвлөлүүдээрээ дамжуулан "Охидын клуб”-ыг байгуулан ажиллах, тус клубын сургалт, хөтөлбөрийн хүрээнд охид эрхээ хамгаалах, хүчирхийлэлтэй тэмцэх арга зүй, мэдээ мэдээллээр хангагдахад дэмжиж ажиллах чиглэлийг боловсруулаад байгаа юм байна. Мөн тус холбооноос Гэр бүлийн тухай, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгох, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг тусгахын төлөө ажлын хэсэгт бүрэлдэхүүнээ багтаан ажиллаж байгаа талаар МЭХ-ны ерөнхийлөгч Б. Оюунгэрэл мэдэгдлээ. Гарынхаа чадал, булчингийнхаа бядыг хүч дорой бусдад гаргаж бахаа ханган суугаа "ХҮН АРААТНУУД”-тай тэмцэж "ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХҮЧГҮЙДҮҮЛЭХ”-д хүн бүр, байгууллага бүр улс үндэстнээрээ нэгдэж тэмцэцгээе.

Санал болгох

Сэтгэгдэл

top