Харин ОУВС-гийн хувьд манайхыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахдаа хэд хэдэн тусгай болзол тавьсан юм.
Түүний нэг нь банкуудад өөрийн хөрөнгөө зузаатгах хэрэгтэй гэсэн шахалт. Нэг үгээр манай улсын нийт санхүүгийн системийн 96 хувийг бүрдүүлж буй арилжааны банкуудыг засахгүйгээр эдийн засгийн зөв голдиролд орох аргагүй гэсэн санаа л даа.
Ингээд хөтөлбөрийн хүрээнд манай арилжааны банкуудад гаднын компаниар активын чанарын үнэлгээг хийлгэж, үнэлгээг Монголбанканд нэгтгэн арилжааны хэд хэдэн банкийг активаа нэмэгдүүлэх үүрэг өгсөн.
Гэхдээ арилжааны банкууд активаа нэмэгдүүлсэн ч ОУВС-гийн зүгээс тавьсан шаардлагад нийцээгүй тул ОУВС-гаас улирал бүр Монголбанканд шилжүүлдэг санхүүжилтээ түр хойшлуулаад байгаа талаар мэдээллийн хэрэгслүүдээр цацсан нь саяхан.
Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Д.Дамба-Очир "Голомт банк 100 гаруй тэрбумаар активаа нэмэгдүүлсэн. Худалдаа хөгжлийн банк 240 тэрбумаар активаа нэмэгдүүлж чадсан.
ОУВС-гаас эх үүсвэр хаанаас гарсан, ямар мөнгө хаанаас нэмэгдсэн зэргийг шалга гэж байгаа. ОУВС актив нэмэгдүүлсэн мөнгийг өөр газраас, хувь хүнээс хөрөнгө оруулсан зэргээр янз бүрийн мэдээлэл байна.
Нягталж үз гэж байгаа юм. Үүнд, Олон улсын аудит оруулна гэсэн байр суурийг ОУВС баримталж байгаа” гэсэн мэдээлэл өгчээ. Нэг үгээр арилжааны банкууд активаа нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нарийвчлан тайлбарлах хэрэгтэй болсон байна.
ОУВС-гийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб ч "Зарим банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн боловч эх үүсвэр болон арга хэлбэр нь Монгол Улсын хууль журам болон олон улсын туршлага, шаардлагад нийцэхгүй байгаа” гэсэн аж.
Хэдийгээр банкууд өөрсдийн хөрөнгийг ОУВС-гийн шаардлагын дагуу өсгөсөн ч нөгөөдүүл нь эх үүсвэрээ нотлохоос нааш хиймэл өсөлт үү, үнэхээр өсгөсөн үү гэдэг эргэлзээтэй байгаа нь харагдаж байна. Бас санхүүгийн олон улсын байгууллагын хувьд илүү мэдээлэлтэй ч байж мэдэх юм.
Ер нь бол арилжааны банкуудаа сайжруулж, системийн хувьд олон улсын түвшинд нийцсэн болгохгүй бол эвгүй байгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард "Капитал” банк дампуурсан явдал сануулсан. Банкууд дээр ямар хүндрэлтэй асуудлууд байгааг эдийн засагчид хуруу даран хэлдэг.
Наад зах нь аливаа банкны үйл ажиллагаанд чанаргүй зээл нь нийт зээлийн таван хувийг давахад асуудалтай болсон гэж үздэг байна. Гэтэл өнгөрсөн дөрөвдүгээр сард дампуурсан Капитал банкны хувьд энэ хэмжээ 80 хувьд хүрсэн байсан гэнэ лээ.
Монголын банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нийт банкуудын дунджаар сүүлийн хоёр жилд 8-9 хувьтай байгаа аж.
Дээрээс нь хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бас 8-9 хувьтай байдаг гэдэг. Тэгэхээр өнөө таван хувиас хэтрэх ёсгүй зүйл 20 хувь руу дунджаараа дөхчихсөн яваа гэсэн үг.
Тиймээс ОУВС-гийнхан манай улсын эдийн засгийг сэргээх нэг чухал хэсэг нь банкуудыг эрүүлжүүлэх гэж харсан болов уу.
Ерөөсөө өнгөрсөн 20 хэдэн жилийн хугацаанд дампуурсан банкуудыг аваад үзсэн ч энэ хэвээрээ урагшилбал аюултай гэсэн санаа л даа. Ядаж нийт санхүүгийн системийг бараг тэр чигт нь хувийн арилжааны банкуудад даатгачхаад сууж байгаа үед бүр чухал.
Нэг талаас банк дампууруулж хөрөнгө завших явдал цөөнгүй гарсан. Сэргээн босголтын банк, Зоос, Анод, Хадгаламж хамгийн сүүлд Капитал банк гээд цуварна. Аливаа банкийг дампууруулахын өмнө нөлөө бүхий хүмүүс, улстөрчид ч юм уу асар их хэмжээний зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудад, хувь хүмүүст өгчихдөг.
Тэр нь чанаргүй зээл болоод буцааж өгөлгүй явсаар банкаа дампууруулна. Банк дампуурахад зээл авсан компаниуд дампуурлаа зарлаад өрөө төлөхгүй алга болно. Нэг иймэрхүү л явдал болоод байдаг байлаа.
Нөгөөтээгүүр банк нь цэвэр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зарчмаасаа хазайж өөрийнхөө охин компаниудад мөнгө зээлүүлэгч бол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өрсөлдөгч болох замаар явсан нь ч бий. Ийм байдал дээр дурдсан банкуудын заримд нь ажиглагдаж байлаа.
Өнгөрсөн хоёр жил манайд хэрэгжиж байгаа ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнгийн асуудлаар хамгийн том хариулт өгөх хүн бол Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер. Түүний манай улсад ажиллах хугацаа дуусаад Мьянмарыг зорьж байгаа юм билээ. Ингэхдээ өдөр тутмын хэвлэлд тэрбээр ярилцлага өгсөн байна.
Ерөнхийдөө Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байсан нь зарим үгээр нь нотлогдож байна. Тухайлбал, тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хоёр Сангийн сайдтай ажиллалаа. Тэд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тууштай байж чадсан.
Монгол Улсыг зарим талаараа азтай гэж хэлж болно. Ялангуяа Хятадын талаас эрэлт маш өндөр байж нүүрсний борлуулалтаа эрс өсгөсөн. Экспорт нэмэгдсэнээр төсвийн орлого давж биелсэн бөгөөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Сангийн сайд нар үүнийг зарцуулалгүйгээр хуримтлал үүсгэсэн.
Ингэснээр Засгийн газрын өрийн хэмжээ нэлээд багассан. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө Засгийн газрын өр ДНБ-ий 100 хувь руу дөхөж байсан бол одоо эрчимтэй буурч буй нь их эерэг өөрчлөлт бөгөөд энэ нь цаашид ч үргэлжилнэ гэж найдаж байна.
Сангийн сайд Засгийн газрын өрийг бууруулах чиглэлд их сайн ажилласныг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Үүнтэй зэрэгцээд Монголбанк гадаад валютын нөөцөө сайн арвижуулж чадлаа. Гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй үе саяхан байлаа шүү дээ.
Одоо бол гурван тэрбум ам.долларыг давж, цаашид өсөх хандлагатай байна” гэх зэргээр ярьсан байна. Хэдийгээр эрх баригч нам дотооддоо зөрчилдөж Засгийн газраа огцруулсан ч бодлогоо тууштай барьж чадсан нь түүний яриагаар нотлогдож байгаа юм.
Мөн Нэйл Сакер "Бидний зориод буй зүйл бол дан ганц уул уурхайнханд зээл олгодог биш, эдийн засгийн бусад салбар, тухайлбал жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуй, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн эрэлтийг хангаж чаддаг, хүчирхэг банкны салбартай болох явдал юм.
Ингэснээр эдийн засгийн суурийг тэлж, илүү бат бөх болгож чадна. Банкууд зээлээ аль болох хамгийн бага хүүтэй олгодог байх ёстой. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө арилжааны банкууд Засгийн газрын үнэт цаас худалдаж авч, 18 хувийн ашиг олоод эдийн засгийг дэмжих зээл өгдөггүй байсан.
Бид бас "эрүүл чийрэг” банкны тогтолцоог хүсэж байна. Үүний тулд Монголбанк сайн боловсруулсан, орчин үеийн журам дүрэмтэй болох, тэдгээрийг банкуудаар дагаж мөрдүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө нь хүрэлцэж буй, эсэхийг нь шалгадаг байх ёстой.
Банкны өөрийн хөрөнгө гэдэг бол тэдний хувьд нөөц хамгаалалт юм. Энэ бүх ажлыг одоо хийж байгаа бөгөөд Монголбанк шаардлагатай арга хэмжээг бүрэн авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ.
Нэг үгээр банкны салбарт өөрчлөлт хийх ёстойг сануулан давтсаар байгаа гэж ойлгогдож байна. Яг үнэндээ өнөөдөр банкууд томоохон төслүүдэд зээл санал болгож эсвэл Засгийн газрын үнэт цаас авахад л анхаарч байгаа. Аливаа өндөр барьцаа өгч чадахгүй хувийн хэвшил тэр тусмаа жижиг, дунд үйлдвэрлэлүүд хөл дээрээ зогсох хэмжээний зээл олж чаддаггүй нь бүхэнд ил.
Ийм хүсэлтийг биелүүлэхээр төлөвлөсөн ХХААХҮЯ-ны харьяаны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гурван хувийн хүүтэй зээл ч төр засгийн өндөр албан тушаалтай хүмүүсийн холилдсон "бантан” болоод нэг хэсэг шуугилаа.
Банкны салбарыг нь өөрийн хөрөнгө сайтай, итгэл даасан болгох шахалт, аливаа ажлууд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хоёр жил гаруй хугацаанд явлаа. Үр дүн нь нүдэнд харагдаж, гарт баригдах нь битгий хэл бүрхэг хэвээрээ байсаар.
Хойтон жил сонгуультай. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр ирэх оны тавдугаар сард дуусна. Энэ хөтөлбөрийг дуусгаад сонгуульд орох нь ашигтай гэж эрх баригч нам үзэж байж болох юм.
Харин банкууд л бахь байдгаараа, валютын сангийнхан жаахан гомдолтой л үлдэхээр болж байна уу даа.
Эх сурвалж: Үндэсний шуудан