|

Оймсондоо ам.доллар нууж байгаад баригдсан Н.Баярсайхан гэгч хэн бэ

batdorj 2019/07/30 1116 0

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулж АТГ-ынхан авлига авч байгаа хэлтсийн дарга нарын бичлэгийг ил болгосон нь нийгэмд нэлээн шуугиан тарилаа.
Тодруулбал, шүүхээр шийдэгдээд удсан хэргийн бичлэгийг одоо ил гаргаж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ бичлэгээр ямар нэгэн хэргийг өөр тийш нь эргүүлэх гэж байна уу гэсэн хардлага төрж байна.
Гэвч нөгөө талаар энэ авлига авч байгаа, хахуулаар авсан их хэмжээний мөнгөө ажлын байр болон гэртээ хадгалж байсан энэ бичлэгээр юуг харуулах гээд байна вэ гэвэл төрийн албанд хэлтсийн дарга нэртэй мэргэжлийн халаасны хулгайчид үүрлэсэн байгааг гэдгийг илтгэн харуулсан үйлдэл боллоо. Төрийн албаныхан тэр дундаа агентлаг, хэлтсийн дарга нар "аймар” авлигачин, луйварчин хулгайч гэдгийг тод харуулав.
Албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг аргагүй байдалд оруулж, хахаж хавчиж хясан боогдуулж байгаад их хэмжээний авлига авсан МХЕГ-ын хэлтсийн Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан гэгч хэн бэ.
Түүнийг одоо оймсондоо ам.доллар нууж байгаад азаартаж баригдсан бүтэхгүй эр гэж хочилж цоллож байна. Ингэж цоллуулж, элдвээр хэлүүлэх ч түүнд багадана даа. Яг үнэндээ энэ даргыг хэлтсийн даргын албан тушаалд томилсон даргад ч хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх ёстой.
Хэргийн тухайд гэвэл, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах, гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс ял шийтгэсэн.
Энэ хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая  төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоожээ.
Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон байна.
Энэ үед Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулсныг олон нийтэд ил болголоо. Оймсноосоо ам.долларыг бөөн бөөнөөр нь гаргасан Н.Баярсайхан нь одоо нийтийн албанд ажиллахгүй ч нэгэн хувийн компанид захирал хийсэн шигээ явж байна.
Шүүхээс тэдэнд ямар ял оноов
Өөрөөр хэлбэл, нийтдээ тэрбум төгрөгийн хахууль авсан хоёр хэлтсийн дарга нарт  шүүх хэтэрхий хөнгөн ханджээ.
Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах шийдвэрийг гаргасан. Нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгосон бол хамсаатан  Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөс  нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.   
Яагаад тэрбум төгрөгийн хахууль авсан дарга нарт шүүх ийм энэрэнгүй хандаж байгаа юм бэ. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж тэдний хэргийг шалгаж байгаа нэрийн дор удаашруулсан. Ийм шийдвэр гаргуулахыг тэд хүлээж байсан гэх. Нэгийг нь 40 хөн сая төгрөгөөр торгоод үлдсэн их хэмжээний авлигын мөнгийг өөрт нь үлдээгээд ингээд дуусгах гэж үү.
Нөгөө талаар ингэж авлигтай тэмцэхгүй ээ. Тэрбумын авлига аваад 40 саяар торгуулаад өнгөрөх юм бол авлигын хэрэг яаж буурах вэ дээ. Бүр цайчихсан авлигачид гэхээрээ ажлын байран дээрээ бүр шкафандаа их хэмжээний мөнгө өрөөд тавьчихсан бас болоогүй оймсондоо ам.доллар боодол боодлоор нь хийчихсэн байх жишээний.
Улс орныг удирдах биш улам дордуулж сөхрүүлж авлига хээл хахуульд идэгдсэн амин хувиа бодсон хувалз сэтгэлгээтэй төрийн алба хаагчид олон байхаар энэ улс орон яаж хөгжих юм бэ. Ядуугаараа л ядарснаараа л дуусах юм байна даа.
Төрийн албанд мэргэжлийн хулгайч нар үүрлэсний тод жишээг МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан, Э.Аззаяа нараас харж болохоор.  Ийм юмнуудад эрүүгийн хууль үйлчлэхгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж ялаас хэлтрүүлж байгаа нь маш буруу үзэгдэл юм. Авлига авч "хагартлаа” баяжчихаад өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээхгүй зүгээр өнгөрнө гэдэг байж боломгүй асуудал бас гажуудал юм.
О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

top