|

Гишүүд үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж явна уу, наадаж явна уу

batdorj 2019/08/07 627 0

МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард түмнээсээ асууж байж Үндсэн хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулна гэж тусгасан. Үүнийхээ дагуу 2016 оны сонгуулиас хойш УИХ, Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад онцгой анхаарч ирсэн. 
2016 оны сүүлчээр Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх талаар судлах зорилго бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулсны үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт төслийг УИХ-д хүргүүлсэн юм. Харин энэ өдрүүдэд Үндсэн хуулийг ард иргэдээр хэлэлцүүлж байна. Уг нь Монголчуудын хувьд долдугаар сарын эхнээс  наймдугаар сарын сүүл хүртэл найр наадам, амралт зугаалгын сар байдаг. Гэсэн ч парламент гишүүддээ энэ өдрүүдэд орон нутагт ажиллаж, ард иргэдэд Үндсэн хуулийн төслийг танилцуулж саналыг нь авах үүрэг даалгавар өглөө. 
Тодруулбал, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй.Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ сарын 16-нд өргөн барьсан. Ингэснээр амралт зугаалгын энэ өдрүүдэд  Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нийцүүлэх боломжийг судлах, төслийг олон нийтэд таниулах, санал авах үүднээс гишүүд тойрогтоо ажиллахаар болсон юм. Харин найр наадмын энэ өдрүүдэд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хэр далайцтай, үр дүнтэй болов вэ? 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд иргэд, олон нийт, улс төрийн намын оролцоог хангана гэж заасан. Тэгэхээр хуулийн дагуу гишүүд заавал тойргийн иргэдийнхээ санаа бодлыг тусгах ажлыг хийхээс өөр замгүй. Гэхдээ энэ өдрүүдэд гишүүдийнх нь найр наадмын нээлтэд голдуу үзэгдэж, шавь тавьсан шиг амарч яваа харагдах. Угаас амралт зугаалгын өдрүүдэд Үндсэн хуулийн төслийг яриад суух нь зохимжгүй хугацаа биш юм. Иймээс гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийж явна уу, наадаж явна уу гэдэг эргэлзээ төрүүлж байгааг хэлэх нь илүүц биз. 
П.Анир 
Эх сурвалж: Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

top