Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Америкийн F-35 сөнөөгч онгоцны оронд Оросын Су-35 болон Су-57 сөнөөгч онгоцыг худалдан авахыг үгүйсгэсэнгүй гэж телевизийн "CNN Turk” суваг пүрэв гарагт мэдээлжээ. Оросын байлдааны нисэх онгоцуудыг F-35-ын оронд худалдаж авах хувилбарын хувиар судалж байгаа юу гэсэн асуултад Эрдоган, "Яагаад үгүй гэж. Бид "МАКС” үзэсгэлэнд хий дэмий ирээгүй” гэж хариулсан байна.
Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, F-35-ын хөтөлбөрт Туркийг оролцуулахтай холбоотой АНУ-ын байр суурийг мэдсэнийхээ дараа шийдвэр гаргана гэдгийг онцлон тэмдэглэжээ.
ОХУ-ын радио электроникийн тулааны систем, мөн Су-35 болон Су-57 сөнөөгч онгоцыг Туркт нийлүүлэх асуудлыг хоёр улс хэлэлцэж байна гэж ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны газрын захирал Дмитрий Шугаев агаар-сансрын техникийн үзэсгэлэнгийн үеэр мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Турк улсыг "F-35” хөтөлбөрөөс хассантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын улмаас Анкара Оросын агаарын техникийг худалдаж авах сонирхолтой байгаа аж. Туркийн Ерөнхийлөгч мягмар гарагт "МАКС-2019” үзэсгэлэнд зочилж, тав дахь үеийн сөнөөгч онгоц Су-57-г үзсэн билээ.
Д.Жаргал